Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1009

 

 

                            

 

 

 

 

Сайхан амарсан уу

        2020        9            15                                     2020/ШЦТ/1009         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008000001129 дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигин овогт Нямхүүгийн М /РД:шг74072919/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Н.М нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэргийн ангийн 0119-4 дүгээр гудамжинд З.Оын эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Миний хүүхдийг зодохоор нь би хохирогчийг зодсон. Маш их зүйл ойлголоо. Ар гэрийн байдлыг харгалзан торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2008000001129 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч З.Оын “2020 оны 6 дугаар сарын 25-ны 22 цагийн орчим найз Пүрэвбатын хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 0119 цэргийн ангийн 3 дугаар гудамжинд явж байтал зүс таних фейсбүүк чаатаар маргалдаад байсан хүүхэд болох Бороо хочтой эрэгтэй хүнтэй тааралдсан. Бороо дэлгүүр орчихоод гараад, хашаа руугаа ороход нь би Бороод “чи найз юм бол манай найзтай сайн найзал битгий хэрэлдээд чаатаар маргалдаад бай” гэсэн чинь Бороо “чи томроод байгаа юм уу, чамайг энэ гудамжинд гөлөг болгож чадна, тэрийг таних уу, энийг таних уу” гэж мэдэхгүй хүмүүсийн нэрийг хэлээд “Сайнхүү байсан бол та хоёрыг алж байхгүй юу” гэхээр нь Пүрэвбат “Сайнхүү надтай найз уу, чамтай илүү найз уу” гэтэл Бороо баахан үг хэлээд байсан. Бороо бид хоёр луу дунд хуруугаа гаргахаар нь Пүрэвбат зөрүүлээд дунд хуруугаа гаргасан. Бороог “чи дахиад дунд хуруугаа гарга” гэсэн чинь Бороо дахиад гаргахаар нь би Бороогийн гэдэс рүү гараараа нэг удаа цохисон. Бороо намайг заамдаж аваад миний баруун шанаа руу гараараа 3 удаа цохисон. Хамт байсан Пүрэвбат Бороогийн нүүр лүү нь хоёр гараараа цохисон. Бороо миний толгой руу 2 удаа цохичихоод “аав” гээд хашгираад, аав, эгч 2 нь гэрээсээ гараад ирэхээр нь Пүрэвбат бид 2 зугтаасан чинь Пүрэвбат газар чулуунд тээглээд уначихаар нь би буцсан чинь эгч нь намайг бариад авсан. Бороо ардаас хүрч ирээд миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохисон. Бороо тоосго бариад дайрахаар би эгчийнх нь ардуур орж нуугдсан. Гэтэл аав М нь ирээд хүүхдээ өмөөрч, миний гэдэс рүү гараараа нэг удаа цохиж, би доошоо тонгойтол хамар луу гараараа нэг удаа цохитол цус гараад, би хамраа дартал дахин миний гэдэс рүү нэг удаа гараараа цохисон. Тэр ах “чамайг хутга шаагаад алчихаж чадна” гэж намайг айлган сүрдүүлсэн. ...Миний бие гайгүй байна. Эх нялхаст хамрын таславчийн хугарал гэмтлийг эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. КТГ зураг авахуулсан, шүдний эмнэлэгт үзүүлж, шүдний зураг авахуулсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бавууцэрэнгийн: “Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Гэртээ байхад гаднаас зүс таних Пүрэвбат гэдэг хүүхэд орж ирээд “танай хүүхэд Оыг хүн зодчихлоо” гэхээр нь гараад Оын байгаа газрыг заалгаад очсон. Оын хамраас цус гарчихсан, “шүд гэмтчихлээ, хамар өвдөөд байна, Бороогийн аав намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэрнээс хойш О гэмтлийн эмнэлэг, шүүх эмнэлэг, Эх нялхасын эмнэлэг, хувийн шүдний эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээний зардал гэж санхүүгийн баримттайгаар 243.400 төгрөг гарсан. Санхүүгийн баримт үгүй, цаашид эмчилгээ хийлгэх дунджаар 3.000.000 төгрөг гарах магадлалтай байна. Өөрөөр хэлбэл хамрын муруй арилгах 1.800.000-2.000.000 төгрөг гэсэн. Шүдний эмчилгээнд 1 шүд нь 650.000 төгрөг гээд хоёр шүд 1.300.000 төгрөг гэж тооцож байгаа. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-14-15/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.07.03-ны өдрийн 7534 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. З.Оын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоолдлоо. 2.4.5.7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Уг гэмтэл нь унах үед үүсэх боломж багатай. 8. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22-24/,

Шүүгдэгч Н.Мын яллагдагчаар өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 25-ны 22 цагийн орчим хүү Бороо хочтой Мөнхтөрийг хүнсний дэлгүүр явуулсан. Удалгүй хүү орж ирээд юмаа тавьчихаад гарсан. Хашааны гадаа хүү Мөнхтөрийн дуу гарах шиг болохоор нь чих тавьж сонссон чинь Мөнхтөр “ааваа ааваа” гэж орилсон. Би хашаанаас гартал гудамжинд охин Баярцэцэг нэг эрэгтэй хүүхдийг бариад зогсож байсан. Юу болсон талаар асуусан чинь “Мөнхтөрийг энэ хүүхэд цохиод зодчихлоо” гэсэн. Мөнхтөр “ааваа ааваа, энэ 2 намайг зодоод байна” гэж хэлээд хажууд нь зогсож байхаар нь би О гэх хүүхдийн нүүр лүү гараараа 2 удаа цохисон чинь тэр хүүхдийн хамраас цус гарсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу. Би энэ хүүхдийн бодит эмчилгээний баримттай зардал мөнгийг нь боломжоороо барагдуулна...” гэх мэдүүлэг / хх-37-38/,

насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-6/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан бичиг /хх-45/, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа /хх-47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-60/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-63/, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-65/, хохирлын баримтууд /хх-80/, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /хх-81-83/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.М нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 4 дүгээр гудамжинд насанд хүрээгүй З.Оыг зодож, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч З.Оын “...М ирээд хүүхдээ өмөөрч, миний гэдэс рүү гараараа нэг удаа цохиж, доошоо тонгойтол хамар луу гараараа нэг удаа цохитол хамраас цус гараад, би хамраа дартал дахин миний гэдэс рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг / хх-12-13/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бавууцэрэнгийн “...Очтол Оын хамраас цус гарчихсан, “шүд гэмтчихлээ, хамар өвдөөд байна, Бороогийн аав намайг зодчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-14-15/, шүүх эмнэлгийн 7534 дүгээр “1. З.Оын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоолдлоо. 8.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22-24/, шүүгдэгч Н.Мын яллагдагчаар өгсөн “...О гэх хүүхдийн нүүр лүү гараараа 2 удаа цохисон чинь хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг / хх-37-38/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-28/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Мын насанд хүрээгүй хохирогч З.Оыг “хүүхдийг нь зодсон” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч З.Оын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 243.400 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн “243.400 төгрөгийг хүлээн авлаа Бавууцэрэн” гэх гар бичвэрээр тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бавууцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...цаашид эмчилгээ хийлгэх дунджаар 3.000.000 төгрөг гарах магадлалтай байна. Хамрын муруй арилгахад 1.800.000-2.000.000 төгрөг гэсэн. Шүдний эмчилгээнд 1 шүд нь 650.000 төгрөг гээд хоёр шүд 1.300.000 төгрөг гэж тооцож байгаа” гэх мэдүүлэг /хх-14-15/-ийг үндэслэн насанд хүрээгүй хохирогч З.О гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.М нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, ажилтай, мөн шүүгдэгчийн үйлдлийг харгалзсан...” гэж,

шүүгдэгч “Цалингийн зээлтэй, 5 хүүхдээ тэжээдэг болохоор торгох ял өндөр байна багасгаж өгнө үү. Сард 100.000 төгрөг боломжтой. Маш их зүйлийг ойлголоо” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, баримтын хүрээнд хохирол төлөгдсөн, хохирогч “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч Н.Мыг 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин  овогт Нямхүүгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 700.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Бавууцэрэн нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР