Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 316

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Хосбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06377 дугаар шийдвэртэй, Б.Хосбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Сүглэгмаа, Н.Уламжаргал нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Уламжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Долгормаа,

Хариуцагч Я.Сүглэгмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Хариуцагч Н.Уламжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Хосбаяр нь хариуцагч Н.Уламжаргал, Я.Сүглэгмаа нарт 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн байдаг. Талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Б.Мөнхжаргалын өмчлөлийн Г-2205003059 тоот дугаартай 280 м,кв талбайтай газар, Ү-2205057675 тоот улсын бүртгэлийн дугаартай 140 м,кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар гэрээний хугацаанд нийт 6 000 000 төгрөгийн хүү төлсөн, үүнээс 2 000 000 төгрөгийг 50 000 000 төгрөгийн зээлийг өгөхдөө эхний сарын хүү гэж тооцон суутгаж авсан.

Хариуцагч Н.Уламжаргал, Я.Сүглэгмаа нар зээлээ төлөөгүй учраас үндсэн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү. Дээрх хариуцагч нарын хооронд өглөг, авлагыг бусдад төлөхдөө хуваарилсан гэх хүснэгтийн хувьд тэдгээрийн хоорондын тохиролцоо учраас хүлээн зээлдэгчийн хувьд үүнийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Я.Сүглэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Уламжаргалтай хамтарч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “happy town” хотхонд хүнсний дэлгүүр ажиллуулах зорилгоор тус байрнаас орон сууц худалдан авч, хоёр талын ханыг буулгаж, дэлгүүрийн зориулалттай болгосон. Нэхэмжлэгч Б.Хосбаяраас 50 000 000 төгрөгийг зээлж, тоног төхөөрөмж авч, үйл ажиллагаа эхлүүлсэн. Харамсалтай нь эдийн засгийн нөхцөл байдал, шинэ байрны орчин нөхцөл шалтгаалж дэлгүүрийн үйл ажиллагаа зогссон.

Хариуцагч Н.Уламжаргалын гаргасан тайлбараас үзэхэд тэрээр уг зээлийг намайг авсан мэт бичжээ. Зээлийг бид хоёр дэлгүүрийн үйл ажиллагаанд зарцуулж, нэхэмжлэгч Б.Хосбаяраас 48 000 000 төгрөгийг Н.Уламжаргал нөхөртэйгээ хамт очиж авч, гэртээ хадгалж, дэлгүүртээ зарцуулдаг байсан. Энэ хугацаанд бид Б.Хосбаярт нийт 6 000 000 төгрөгийг хүүд төлсөн ба зээл авахад 2 000 000 төгрөгийг эхний сарын хүүд шууд тооцож суутгасан. Дэлгүүрийн үйл ажиллагаа зогссоны дараа Н.Уламжаргал бид хоёр ярилцаад оруулсан хөрөнгө оруулалт, тоног төхөрөөмжөө ижил хувааж авсан. Одоо зээлийг буцаан төлөхдөө тэнцүү хэмжээгээр төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Уламжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Я.Сүглэгмаатай хамтарч бизнес хийхээр болж, 2015 оны 2 дугаар сард дэлгүүр ажиллуулахаар тохиролцон, тус тусдаа бие дааж хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг орлогоо хуваарилахаар болсон. Үүний дагуу Я.Сүглэгмаа хамтарсан дэлгүүрт 48 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгийг олохдоо Б.Хосбаяраас зээл авсан бөгөөд түүнийг дахиад нэг зээлдэгч гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь би очиж, гарын үсэг зурсан. Би өөрөө тухайн дэлгүүрт 62 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Төрийн банкнаас авсан зээлийг хариуцаж, одоо төлж байгаа.

Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч дэлгүүрийн үйл ажиллагаа муудсан учир Я.Сүглэгмаатай ярилцаад хамтын ажиллагааг дуусгавар болгож, өөрсдийн оруулсан хэмжээгээр тоног төхөөрөмж, бараа материалаа хувааж авсан. Я.Сүглэгмаа ийнхүү өөрийн оруулсан 48 000 000 төгрөгийн хөрөнгөтэй тэнцүү хэмжээний тоног төхөөрөмжийг авч, одоо тусдаа дэлгүүр ажиллуулж байгаа. Иймд би Б.Хосбаяраас авсан зээлийг бодитоор аваагүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд өглөг, авлагыг хуваасан баримтаар Я.Сүглэгмаа уг зээлийг хариуцах ёстой. Учир нь зохигчид зээлийг хэрхэн хариуцах талаар тохиролцсон ба энэхүү баримтаас үзвэл Б.Хосбаярын зээлийг Я.Сүглэгмаа авсан гэж ойлгогдож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Уламжаргал, Я.Сүглэгмаа нараас үндсэн зээл 48 000 000 төгрөг, алданги 24 000 000 төгрөг, нийт 72 000 000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч Б.Хосбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Хосбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Уламжаргал, Я.Сүглэгмаа нараас 517 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Хосбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Уламжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд биечлэн оролцох боломж олголгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Шүүгчийн туслах 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үдээс хойш утсаар мэдэгдсэн бөгөөд энэ үед ар гэрийн гачигдлаар хөдөө явж байсан тул шүүх хуралдаан болох өдөр Улаанбаатар хотод байхгүй байхыг хэлсэн. Мөн өмгөөлөгчөөр тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хойшлуулах талаар хүсэлт гаргасныг үл харгалзан шүүх хуралдаанд оролцож, тайлбар гаргах боломжгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2. Б.Хосбаярын нэхэмжлэлтэй уг хэрэг Баянгол дүүргийн шүүхэд хянагдаж байгаад Баянзүрх дүүргийн шүүхэд шилжсэн боловч үүнээс хойш хэргийн материалтай танилцуулаагүй, хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаагүй зэргээр хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас хэргийн бодит үнэнийг тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Хосбаяр нь хариуцагч Н.Уламжаргал, Я.Сүглэгмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Я.Сүглэгмаа уг зээлийг Н.Уламжаргалтай хамтран хариуцна гэж, хариуцагч Н.Уламжаргал уг зээлийн Я.Сүглэгмаа дангаараа хариуцна гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нар 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Хосбаяртай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, 0.5 хувийн алданги төлөх нөхцөл тохирч, уг гэрээний үүргийг хангах баталгаа болгож иргэн Б.Мөнхжаргалын өмчлөлийн Г-2205003059 дугаартай 280 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-2205057645 дугаарын гэрчилгээтэй, 140 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 3-6-р тал/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь бодитоор 48 000 000 төгрөг шилжүүлсэн, энэ нь зээлдэгч зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээх тул зээлийн гэрээний зүйл буюу үндсэн зээлийг 48 000 000 төгрөг гэж тодорхойлсон нь зөв болжээ.

 

Зохигчид гэрээнд зааснаар хүү, алданги төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, хугацаа хэтэрсний алданги шаардах эрхтэй боловч хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн учраас нэхэмжлэгч хүү шардаагүй бөгөөд хамтран хариуцагч нарт төлбөр ногдуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүх үндсэн зээлийг 50 000 000 төгрөгөөр бус, бодитоор шилжүүлсэн хэмжээгээр тогтоож, хариуцагч нар зээлийн хүүг төлсөн байдлыг харгалзан, үндсэн зээл 48 000 000 төгрөг, түүний алдангид 24 000 000 төгрөг, нийт 72 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч Н.Уламжаргалын хувьд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “талууд хамтран ажиллах явцад үүссэн өглөг авлагыг хувааж, уг зээлийн төлбөрийг Я.Сүглэгмаа хариуцах болсон” гэж тайлбарлан маргах боловч шүүх үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй, гэрээнд зээлийн төлбөрийг хэн, ямар хэмжээгээр хариуцах талаар тухайлан тохиролцоогүй тул тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэх үндэслэлээр хариуцагч нараас зээлийн төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хамтран хариуцагч нарын хувьд тэдгээрийн хоорондын тооцооны маргаанаа уг зээлийн гэрээнээс тусдаа шийдвэрлүүлэх боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Уламжаргал хэргийн оролцогчийн хувьд шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэйгээс надна Өвөрхангай аймагт ажлын шаардлагаар явж байгаа гэх шалтгаан зааж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч дээрх хүсэлт нь баримтаар нотлогдоогүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгч Г.Болорцэцэг түүний эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд биечлэн оролцсон байна.

 

Түүнчлэн хариуцагч Н.Уламжаргал нь хэргийг өөр шүүхэд шилжүүлснээс хойш хэргийн материалтай танилцуулаагүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч дээрх хугацаанд хэрэгт шинээр ямар нэгэн баримт авагдаагүйн гадна, түүний өмгөөлөгч Г.Болорцэцэг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэргийн баримттай бүрэн танилцсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Уламжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Уламжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 387 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА