Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Р.Машлай,

шүүгдэгч Э.Б /цахим сүлжээгээр/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

             Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Бт холбогдох эрүүгийн 201701080136 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Манжа Агва овогт Энхбаялагын Б, 1998 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Э.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их ам” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 42-29 УНЛ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг жолоодож урагш хөдлөх, ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.2 “жолоочийн үүрэг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, мөн дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул,саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Ш.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол,  иргэний нэхэмжлэгч Б.Ин тээврийн хэрэгсэлд 965 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Э.Бын үйлдсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Быг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Бд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Бд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Баас 1 423 944 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Н, насанд хүрээгүй хохирогч О.Бгийн хууль ёсны төлөөлөгч Э.О нарт олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01079540 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хар өнгийн түлхүүр 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Ид буцаан олгож, шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б миний бие өөрийн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 1 423 944 төгрөгийг хохирогч нарт төлж барагдуулсан. Миний бие цаашид гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байж чадна. Миний дээрх байдлыг ойлгож хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлөгдөөгүй хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч шүүх хорих ял шийтгэсэн, анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүхийн шийдвэрт заасан 1 423 944 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ш.Н данс руу шилжүүлж төлсөн болно. Иймд Э.Бын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар   түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Прокурор Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг хүндрүүлсэн заалт юм. Хорих ялын буюу тухайн зүйлчлэлийн доод хэмжээгээр ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их ам” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 42-29 УНЛ улсын дугаартай “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож урагш хөдлөх, ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.2 “жолоочийн үүрэг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, мөн дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул,саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Ш.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Игийн тээврийн хэрэгсэлд 965 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Ш.Н: "...Би 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд болсон машины уралдаан үзэхээр нөхөр хүүхдийнхээ хамт очсон юм. Бг хөтлөөд явж байтал 18 цагийн үед гэнэт машин хүрч ирээд л хүүг маань мөргөөд машин доороо хийчихсэн, тэр үед би жолоочийн талаар тойроод машин доогуур харахад хүү маань доошоо харчихсан байдалтай толгой хэсэг нь машины ар хэсэг рүү харсан байдалтай, хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд би хүүгээ авах гээд баруун гараа сунгаад машин доогуур оруултал машин арагшаагаа ухраад баруун гарын сарвуу хэсгээр дайрсан, тэр үед тэнд байсан хүмүүс машиныг өргөөд би хүүгээ татаад авсан юм. Би гомдолтой байна, буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би өөрөө хувиараа оёдол, эсгүүр хийж орлого олдог, мөн түрээс төлж ажлаа явуулдаг, уг асуудлаас болоод ажлаа хийж чадахгүй болсон учраас хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ..." гэх мэдүүлэг /хх 27-28/,

            мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч О.Бгийн хууль ёсны төлөөлөгч Э.Огийн: “... Би 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон машины уралдаан үзэхээр эхнэр, хүүхдийнхээ хамт очсон. Тэгээд эхнэртээ "өөр юм үзчихээд ирье" гэж хэлээд явсан. Тэнд байсан машины зогсоол хавьцаа байсан хүмүүс "машин уначихлаа, эмч дуудаарай" гээд байхаар нь юу болсоныг харахаар тэр зүг рүү явж байтал миний өөдөөс хүүхэд тэвэрсэн хүн гүйгээд өнгөрсөн, тэгтэл араас нь манай эхнэр уйлаад гүйж ирээд намайг дуудаад түргэний машинд хамт суусан, тэгээд юу болсон талаар асуухад "хүүг маань машин дайрчихсан" гэж хэлсэн. Эхнэр Ш.Н баруун гарын сарвуу хэсгээр машинд дайруулснаас болоод сарвууны яс нь хугарсан, өөр гэмтэл байхгүй. Хүү О.Бгийн маань толгойд олон тооны шалбарсан, хамранд нь цус хурсан гэмтэл учирсан, өөр ил харагдах гэмтэл юм бол байхгүй..." гэх мэдүүлэг /хх 31-32/,

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.И: "... Э.Быг "машинаас ундаа аваад ир" гээд машины түлхүүрээ өгөөд явуулсан, тэгээд тэмцээн үзэж байтал машины зогсоолын тэнд хүмүүс шуугилдаад явчихсан, эргээд хартал миний машин туузны дотор талд орчихсон хүмүүс машиныг тойроод цохиод өшиглөөд "хүн дайрчихлаа" гээд орилолдоод байсан. Тэр үед машины урд байсан хүүхэд машин доор дайрагдаад орж байгаа нь харагдсан, тэгэхээр нь Золбоо бид хоёр гүйгээд очтол миний машиныг Э.Б нь барьчихсан, машин доор нь хүүхэд орчихсон байсан. Хүмүүс машиныг маань зүүн талаас нь өргөөд баруун талаар газар унагаад нэг залуу тэр хүүхдийг аваад гүйсэн. 42-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм ..." гэх мэдүүлэг /хх 35-36/,

мөрдөн байцаалтад гэрч М.З: "... тэмцээн үзэж байхад Э.Бт Б.И ах түлхүүр өгөөд "ундаа аваад ир" гээд явуулсан, тэгээд удалгүй хүмүүс шуугилдаад явчихсан, хартал Э.Б, Б.И ахын машиныг хөдөлгөөд машины доогуур орчихсон байсан, хүмүүс машин доороос хүүхдийг авчихсан байсан. Э.Б машины руль дээр суучихсан машин асаалттай байсан, цагдаа ирээд машиныг унтраагаад түлхүүрийг нь авсан. Э.Б тэнд пиво зараад явж байсан хүнээс пиво авч уусан айхтар согтохоор уугаагүй ..." гэх мэдүүлэг /хх-41/,

мөрдөн байцаалтад яллагдагч Э.Бын: "... жолооч Б.И "машинаас ундаа аваад ир" гээд надад машиныхаа түлхүүрийг өгсөн, машин руу нь явж очоод жолоочийн суудал дээр суугаад жоохон урагшлуулчихмаар санагдаад түлхүүрээр нь асаагаад араанд нь хийгээд жоохон урагшилтал машины урдуур хүүхэд хөтөлсөн эгч ороод ирсэн, тэгээд айж хүүхэдтэй эгчийг мөргөсөн. Би хүн гарч ирсэний дараа тоормосоо гишгэсэн, гэхдээ хаазтайгаа хамт гишгэчихсэн юм. Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хохирогчийн хохирол болох эмчилгээний зардлыг бэлэн мөнгөөр нөхөн төлсөн ..." /хх-72-73, 75-76/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08/198 тоот:

  1. Ш.Н биед баруун сарвууны 4, 5-р хурууны 4-р шивнүүрийн далд хугарал, баруун сарвуу, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-44/,шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08/199 тоот:
  1. О.Бгийн биед нүүрэнд зулгаралт, нүүр, баруун чихний сувагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-47/,

                      Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Дэмчигийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №09 дугаар:

1. "Ниссан тида" маркийн 42-29 УНЛ улсын дугаартай, автомашиныг жолоодсон Энхбаялаг овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэгдэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсаан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох",

мөн дүрмийн 2.2 "Жолоочийн үүрэг, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;

мөн дүрмийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байна. ... Явган зорчигч Ш.Н, О.Б нар нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

                        2.Зам тээврийн осол гарсан үндсэн шалтгаан нь: "Ниссан тида" маркийн 42-29 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодсон Э овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна.

                  3.Дүгнэлт гаргах явцад шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй болно гэх дүгнэлт /хх-50/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №2231 дугаар:

1. Шинжилгээнд ирүүлсэн "Ниссан тида" 42-29 УНЛ улсын дугаартай автомашины гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн асахгүй, явах эд анги, жолооны механизм ажиллаж байна. Тоормосны механизмын ажиллагааг шалгахад урд тэнхлэгний дугуйнаас тоормосны мөр үүсэж байна. Хойд тэнхлэгний дугуйнаас тоормосны мөр үүсэхгүй байна. Автомашины тоормосны хүч болон идэвхжилтийг тодорхойлох тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна.

Автомашины 4-н дугуй нь М+8 тэмдэглэлтэй 4 улиралд хэрэглэж болох дугуй байна. Монгол Улсын МN54598:2011 стандартын 5.14.3-т зааснаар суудлын автомашины дугуйн хээний гүн 1.6 мм-ээс багагүй байх гэсэн заалтын дагуу зүүн хойд талын дугуйн хээний гүн 1.4 мм хэмжээтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй дугуй байна. Бусад дугуйнуудын   хээний гүн дунджаар 2.5 мм хэмжээнээс их хэмжээтэй байгаа нь хээний хувьд стандартад нийцэж байна.

2. Автомашины урд салхины шил хагарсан, урд бамбайн зүүн булан ангайсан, баруун урд талын толины хавтсан гэр хагарсан, баруун урд талын далбаа, баруун урд талын хаалга, зүүн хойд талын хаалга хонхойсон, баруун урд талын хаалганы цонхны шил хагарсан, зүүн талын толины хавтсан гэр зурагдсан зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашинд үүссэн дээрх гэмтлүүд нь автомашиныг хөдөлж явахад нөлөөлөхгүй, ослын үед үүссэн байх боломжтой тул осолд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх- 53-54/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-62/, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-7-18/, "Вендо" хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн "нийт шууд зардлын дүн 840.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 965.600 төгрөг гэсэн хавсралт /хх-20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22/, Б.Ин өмчлөлийн 42-29 УНЛ улсын дугаартай, "Ниссан тида" маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-23/, Э.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77/, Э.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79/, Э.Бын хувийн байдлыг тогтоосон баримтуууд /хх-80-94/, жолоочийн согтуурлыг    багажаар шалгасан тэмдэглэл /0.73    хувь/, согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /хх-95-96/, Э.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй талаарх Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа /хх-97/, Иргэний нэхэмжлэгч Б.Ид учирсан хохирлыг төлж барагдуулсан талаарх баримтууд /хх-98-103/, Хохирогч Ш.Н эмчилгээний зардал төлсөн баримтууд /хх-104-109/, Насанд хүрээгүй хохирогч О.Бгийн эмчилгээний зардал төлсөн баримтууд /хх-110-112/, Шүүхийн шатанд хохирогч Ш.Н, насанд хүрээгүй хохирогч О.Б нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-199-233/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  “...согтуурсан, мансуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт “энэ хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт зааснаар “хорих ялын үндсэн хугацааг 1-15 жил, энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд 25 жил хүртэл хүртэл хугацаагаар оногдуулж болно” гэсэн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь заалтын хорих ялыг 1-3 жил хүртэл гэж ойлгож болох бөгөөд энэ тохиолдолд  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар зүйлчлэн шүүгдэгчид ашигтай байх хууль хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүх уг хуулийг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлалгүй орхигдуулсан байх тул зөвтгөх нь зүйтэй.

 Шүүгдэгч Э.Б нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ  хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анхан шатны шүүхээс хохирогч нарт төлүүлэхээр шийдвэрлэсэн 1 423 944 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж тухайн зүйлд заасан хорих ялын  доод хэмжээгээр  хорих ял оногдуулах нь зүйтэй гэж  үзлээ.

Шүүгдэгч Э.Б нь 0.73 хувийн согтолттой, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар шүүгдэгч Э.Быг “тэнсэх” хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарын  гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

1. “2” дахь заалтын “...Энхбаялагийн Бд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг

“...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,

“3” дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Бд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Бд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.Б 1 423 944 төгрөгийг хохирогч Ш.Н, насанд хүрээгүй хохирогч О.Бгийн хууль ёсны төлөөлөгч Э.О нарт төлсөн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ