Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2021/0874/З |
Дугаар | 221/МА2022/0259 |
Огноо | 2022-04-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2022/0259
Б.Д-ыннэхэмжлэлтэй,
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Д-ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон МХХ-ны Е-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2021/0874/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д- нь МХХ-ны Е-д холбогдуулан “МХХ-ны Е-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д-ынМХХ-ны Е-2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3.2. Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2.1 дэх хэсэгт “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.
3.3. Захиргааны байгууллага нь шийдвэрээ буюу захиргааны акт батлан гаргахын өмнө иргэн, хуулийн этгээдэд санал, тайлбар гаргах боломж олгоно. Энэ нь юуны өмнө тухайн шийдвэрийг гаргаснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж болзошгүй этгээдийн хүрээг тодорхойлж, тэдэнд урьдчилан заавал мэдэгдсэнээр санал, тайлбараа /бичгээр эсхүл амаар/ гаргах бололцоог бүрдүүлнэ гэсэн үг юм. Харин оролцогч нь өөрийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх боломжийг ашиглаагүй тохиолдолд захиргааны байгууллага байгаа баримтуудад тулгуурлан шийдвэр гаргах эрхтэй байдаг.
3.4. Тайлбар, саналаа гаргах оролцогч /нэхэмжлэгч Б.Д-/ нь тухайн шийдвэр гарснаар өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөх, ямар үр дагавар бий болохыг харуулсан өөрт байгаа тодорхой баримтуудыг бүрдүүлж захиргааны байгууллагад өгөх эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх байсан. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны нийт байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг тогтоосны нэг нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим болно /Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6/.
3.5. Энэ зарчмын дагуу “хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны үйл ажиллагаа хэлбэржиж, шийдвэр гарсны дараа эрхээ хамгаалуулахаар хойноос нь гомдол гаргах эрх нээлттэй байхаас гадна тухайн захиргааны шийдвэр гарахаас өмнө мэдсэнээр урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг хангана. Тиймээс энэ зарчим нь зөвхөн хүний эрхийг хангахад чухал төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулах, мөн хуулийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь үндэслэлтэй байх зарчмыг хэрэгжүүлэхэд чухал юм.
3.6. Мөн Монгол улсын шүүх байгууллага нь Монгол улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, хуулийг зөрчсөн нь тогтоогдох тохиолдолд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд хууль тогтоогчийн зүгээс хангалттай болон хангалтгүй үндэслэл гэдэг ойлголтыг хууль тогтоомжид тусгаагүй. Зүй нь захиргааны байгууллага нь хуульд заасан процессын ажиллагааг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл болж байвал тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйн хэрэг юм.
3.7. Монголын хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурлын 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Б.Ө-ийг хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр томилсон. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 “Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй” гэж заасны дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон.
3.8. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт хуульчдын холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрх, 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт хуульчдын холбооны зөвлөлийн бүрэн эрхийг хууль тогтоогч хуульчилж өгсөн ба зөвлөлд хуульд зааснаар ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчийг томилох, чөлөөлөх эрх хэмжээг олгоогүй. Зөвлөл нь мөн эрхийг эдлэх эрхгүй этгээд болно. Хуульчдын холбооны анхдугаар Их хурлын 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын 3 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монголын хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлд “зөвлөлийн бүрэн эрх”, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зохицуулж өгсөн. Уг дүрэмд заасны дагуу зөвлөл нь ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчийг томилох, чөлөөлөх эрх хэмжээг олгоогүй, мөн ерөнхийлөгч нь улиран сонгогдох боломжгүй ба түр орлон гүйцэтгэгчээр томилогдох эрх олгоогүй байна.
3.9. Маргаан бүхий захиргааны акт буюу МХХ-ны Е-194 дүгээр тушаал нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан ба Б.Ө-ийнбүрэн эрхийн хугацаа дууссан байсан болох нь тогтоогдож байна. Мөн хуульчдын холбооны зөвлөл нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж Б.Ө-ийг ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч маргаан бүхий тушаалыг гаргаснаас хойш 4 хоногийн дараа байх ба хариуцагч нь тухайн тушаалыг гаргах эрх, хэмжээ үүсээгүй байсан болох нь тогтоогдож байна.
3.10. Зөвлөл нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс дараагийн ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл Б.Ө-ийг томилов гэх тогтоолыг гаргасан боловч өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн эрх зүйн актыг зөвтгөх үндэслэл болохгүй. Түүнчлэн Монголын хуульчдын холбооны дүрмийн 5.2 дугаар зүйлийн 4 дөх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг зөвлөлийн гишүүн орлон гүгйцэтгэж болох бөгөөд энэ шийдвэрийг ерөнхийлөгчийн хүсэлтээр зөвлөл гаргана”, 5 дах хэсэгт “Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд зөвлөлийн гишүүдийн саналаар ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгчийг зөвлөл сонгоно” гэж заасан тул ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх этгээд нь зөвлөлийн гишүүн этгээд байх ба ерөнхийлөгч нь өөрөө байх боломжгүй байхаар дүрмээр зохицуулсан байна.
3.11. Мөн ерөнхийлөгч нь албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэдэгт түүний бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэл хамаарахгүй бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд ямарваа нэгэн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцлийг ойлгохоор Монголын хуульчдын холбооны анхдугаар их хурлын төлөөлөгчид дүрэмд тусгасан байдаг. Анхдугаар их хурлаар Монголын Хуульчдын холбоо нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч зэрэг олон салбарын хуульч нарыг нэгтгэсэн ашиг сонирхол ихтэй байгууллагын хувьд холбооны ерөнхийлөгч нь 2 жилийн хугацаатай нэг л удаа сонгогдох нь зөв гэх агуулгаар хууль тогтоогч хуульчилж өгсөн ба Б.Өгэх этгээдийн хувийн ашиг сонирхлын үүднээс түүнийг улируулан түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулах эрх зүйн зохицуулалт, агуулга байхгүй болно.
3.12. Энэхүү дээр дурдсан агуулгаар ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж болох этгзэд нь зөвлөлийн гишүүн этгээд байх ба ийнхүү томилохын тулд ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэж өөр этгээдийг томилох дүрмийн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. МХХ-ны Е-2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 дүгээр тушаалаар Хуульчдын нэгдсэн бүртгэлийн 1457 дугаарт бүртгэлтэй, хуульч Б.Д-ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.Д- эс зөвшөөрч “... эрүүгийн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон тохиолдолд гэм буруугийн үйлдлийг ... хуульд заасны дагуу ял шийтгэлийн ямар нэгэн төрлөөр хариуцлага хүлээлгэх үндэслэл үүсдэгггүй ... Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгөч Б.Ө нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хуульчдын холбооны ээлжит 4 дүгээр Их хурлаар сонгогдсон ... хууль болон ... дүрэмд заасны дагуу Холбооны ерөнхийлөгч нь 2 жилийн хугацаатай нэг удаа сонгогдох зохицуулалттай ... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргах үед бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон байхдаа маргаан бүхий актыг гаргасан байх тул эрхгүй этгээдийн гаргасан шийдвэр тул хүчингүй болгох үндэслэлтэй ...” гэж маргасан байна.
2.2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Д-ын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон МХХ-ны Е-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 194 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэх, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
2.3. Учир нь, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Д-д холбогдох 1819002620143 дугаар эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
2.4. Ийнхүү шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Б.Д-ыг тодорхой гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцсон, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүйд тооцсон гэж үзэх үндэслэлд хамаатуулан ойлгох хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
2.5. Түүнчлэн нэхэмжлэгчийн “... МХХ-ны Е-ийн бүрэн эрхийн хугацаа дууссан байхад маргаан бүхий актыг гаргасан тул эрхгүй этгээдийн гаргасан шийдвэр хууль зүйн үр дагаваргүй, хүчингүй болгох үндэслэлтэй ...” гэх тайлбарын тухайд анхан шатны шүүх “... цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээ ... зохион байгуулахыг Улсын онцгой комиссын шийдвэрээр хязгаарласан байсан ... тул Монголын Хуульчдын Холбоо их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонгох боломжгүй ... байдалтай уялдуулан Хуульчдын холбооны дүрмийн ... дагуу зөвлөлийн гишүүд ... эрх хэмжээнийхээ хүрээнд ... дараагийн Ерөнхийлөгч томилох хүртэл хугацаагаар Б.Ө-ийг ... томилсон ...” гэсэн үндэслэлээр няцааж дүгнэсэн үндэслэлтэй байна.
2.6. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын их хурал байна”, 46.2.3-т Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох”, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй” гэж тус тус заасан байна.
2.7. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Ө-ийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байх боловч Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буурулах тухай хулуийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухай хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу олон нийтийг биечлэн хамруулсан арга хэмжээг зохион байгуулахыг орон даяар хязгаарлан хориглосон үйл баримт нь нэгэнт нийтэд илэрхий үйл баримт байна.
2.8. Иймээс Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэх дүрмийн 5.2.5-д “... зөвлөл сонгоно ...” гэж заасны дагуу зөвлөлийн гишүүд өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Ө-ийг үргэлжлүүлж орлон гүйцэтгэгчээр ажиллах боломжтой гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар тогтоолыг баталсан, уг тогтоолд заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дараагийн Ерөнхийлөгчийг томилогдох хүртэл хугацагаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр түүнийг томилсон, түүнчлэн Монголын Хуульчдын холбооны Зөвлөлын Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр /эрх бүхий этгээдээс үйлчлэлийг нь дуусгавар болгоогүй/ байх тул хариуцагчийг маргаан бүхий тушаалыг гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ