Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01677

 

М.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00868 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1381 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: М.Э

         Хариуцагч: “С” ХХК-д холбогдох       

         Урьд эрхэлж байсан  ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 14,743,739.4 төгрөг, алданги 5,956,911.8 төгрөг, нийт 20,700,651.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, Ц.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.З, өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, О.Ж, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл болон тайлбартаа: М.Э 2013-06- 19-ний өдрөөс С ХХК-ийн Бизнес хөгжүүлэлтийн алба, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скайлояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилсан. 2015-03- 16-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авч, мөн өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг хамтад нь авсан. Улмаар 2016-10- 01-ний өдрөөс ажилдаа орох өргөдлийг байгууллагын дотоод журмын дагуу нэг сарын өмнө буюу 2016-08-23-ны өдөр ажил олгогчид бичгээр гаргаж, өөрийн биеэр аваачиж өгсөн. Өргөдөл өгсний дараа 2016-09- 28-ны өдөр Бизнес хөгжүүлэлтийн албаны захирал н.Амарчингүүн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Сарнай нартай ажлын ярилцлаганд ороход н.Амарчингүүн захирал ийм хүн манай багт хэрэгтэй. Чиний удирдлага н.Сарнай эцсийн шийдвэр гаргана гэж хэлсэн. Ингээд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид эргэж хариу өгөхөөр болсон. 14 хоног хүлээсний эцэст хүний нөөцийн мэргэжилтэн н.Нинжбадгартай утсаар холбогдоход өмнөх ажлын байранд буцаан авахаас татгалзсан хариу өгсөн. Ингээд 2016-11- 20-ний өдөр дахин хүний нөөцийн албаны захирал байсан н.Тэгшжаргалтай уулзахад би ажлаа хүлээлгэж өгч байгаа, хуулийн хүн чиний асуудлыг шийдээд өгчих байх, чи түр хүлээж бай гэсэн. Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын дундуур хүний нөөц н.Нинжбадгартай утсаар ярихад одоо удахгүй оны дараа 1 сард том хэмжээний цомхтгол болно түр хүлээж байгаарай, хөдөлгөөн дууссаны дараа өөрийн чинь асуудал шийдэгдэх байх гэж хэлсэн. Улмаар он гарч 2017 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч рүү холбоо бариагүй тул 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр н.Нинжбадгартай дахин холбогдоход би өөрөө ажлаас халагдсан, чиний материалыг хүний нөөцийн менежер н.Солонгод хүлээлгэж өгсөн гэсэн. Ингээд ажил олгогчтойгоо холбогдож уулзах гэсэн боловч огт хариу өгөхгүй, ажлын байраар хангахгүй байсан. Улмаар нэхэмжлэгч нь С ХХК-ийн маркетингийн албаны захирал н.Цолмонтой 2017-05- 23-ны өдөр биечлэн уулзсан бөгөөд н.Цолмон манай дээр скай медиа үйлчилгээ байна. Түүнд орон тоо суларсан хүн байхгүй байгаа. Контент үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ажлын байран дээр хүн хэрэгтэй байгаа. 2017-05-29-ний өдөр ажлын төлөвлөгөөг чинь гаргая. Би тэр өдөр чам руу ярья гэж хэлсэн. Ингээд ажил олгогч байгууллагын зүгээс урьд нь ажиллаж байсан ажлын байрнаас өөр ажлын байран дээр ажиллах саналыг тавьсан. Гэвч холбогдоогүй. 2017-06-05-ны өдөр С ХХК-ийн хүний нөөц, хууль эрх зүйн албаны менежер н.Солонго нэхэмжлэгчтэй утсаар холбогдож санал болгож байгаа сүүлийн ажлын байран дээр гэрээр ажиллавал үндсэн цалингийн 70 хувь, оффис дээр ажиллавал үндсэн цалинг бүтнээр авах боломжтой гэж хэлсэн. 2017-06- 19-ний өдөр  нэхэмжлэл гаргасан боловч  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2017-07- 04-ний өдөр С ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан ба 2017-07- 20-ны өдөр С ХХК-ийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэнгээс Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хариуг гаргасан дээрх гомдлын хариуг авсан. Ажил олгогч С ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т заасныг зөрчиж байгаа ба ажил олгогчийн удирдлага, холбогдох албан тушаалтан, ажилтнууд нь зохион байгуулалтгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажлын байраараа хангагдаж чадахгүй, ажлын байран дээр авах ёстой цалин хөлсөө авч чадахгүйд хүрч, эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байна. Иймд урьд эрхэлж байсан бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг С ХХК-д даалгах, 2016-10- 01-ний өдрөөс 2017-07- 26-ны өдрийг хүртэлх нийт 9 сар 14 хоногт хамаарах хугацааны цалин хөлс болох 14,743,739.4 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүй, саатуулсан хугацааны алданги 5,956,911.8 төгрөг, нийт 10,700,651.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: М.Э 2013-10-04-ний өдөр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэнээр томилогдсон. 2015-03- 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны урт хугацааны амралт авах тухай хүсэлтээ бичгээр гаргаж, гүйцэтгэх захирлын 2015-03- 10-ны өдрийн Б-291 тоот тушаалаар  чөлөө олгосон. Нэхэмжлэгч чөлөөтэй байх хугацаанд Маркетингийн газарт:  2014-10- 13-ны өдрийн А-717 тоот тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн тушаалын дагуу гүйцэтгэх захирлын 2014-10-17-ны өдрийн А-741 тоот тушаалаар Маркетинг борлуулалт газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн.,  2015-10-14-ний өдрийн А-807 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн., 2016-01-12-ны өдрийн А-39 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг шинэчлэн баталсан., 2016-08- 30-ны өдрийн А-658 тоот тушаалаар Скайлояалти үйлчилгээг зогсоосон. Ингэснээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан гэх Скайлояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байр үгүй болсон. ТУЗ-ын 2016-12-02-ны өдрийн 22 тоот тогтоолоор Компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлын 2017-01-13-ны өдрийн А-33 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, орон тоо, томилгоог шинэчлэн баталсан. Компанийн хэмжээнд бүтцийн оновчлол хийгдэхтэй холбоотойгоор Лояалти хэлтсийг татан буулгасан. Нийт орон тоо 38-аас 30 болсон. Мобайл бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст орон тоо 7-оор баталсан. Сул орон тоо байхгүй. Иймд М.Эийн урьд  эрхэлж байсан ажлын байр гэх Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скай Лояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-ний ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй. Нэхэмжлэгч  өргөдлөө  өөрийн биеэр авч ирж  өгсөн гэдэг. Гэвч түүний өргөдөл компанийн ирсэн бичиг баримтын бүртгэлд байхгүй, мөн түүний хувийн хэрэгт хадгалагдаагүй байна. 2017-04- 25-ны өдөр Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал  нэхэмжлэгчтэй анх удаа биечлэн уулзах үед түүний хүүхэд асрах чөлөөгөө дуусган үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хүлээн авч, Маркетингийн газрын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны Контент менежмент хэлтэст нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилтай ойролцоо түвшний өөр ажлын байр санал болгосон. Гэвч нэхэмжлэгч  дахин жирэмсэлсэн тухайгаа 2017-05- 02-ны өдөр надад утсаар мэдэгдсэн тул холбогдох удирдлагуудтайгаа дахин ярилцаад нэхэмжлэгчийн нөхцөл байдлын хүндэтгэн үзэж хоёр дахь удаагийн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөгөө авах хүртэл хугацаанд санал болгосон ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах, ажил үүргээ компанийн ажлын байранд бус гэртээ гүйцэтгэх, энэ тохиолдолд үндсэн цалингийн 70 хувиар цалинжуулах саналыг тавьсан боловч хариу өгөхгүй байсаар 2017-06- 07-ны өдөр саналыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа бичгээр ирүүлсэн тул  2017-07- 19-ний өдрийн 01/6300 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгсөн. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халаагүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу түүний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00868 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг үндэслэн М.Эийг Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг С ХХК-д даалгаж, олговор 10,722,436 төгрөгийг С ХХК-с гаргуулж М.Эт олгуулж, нэхэмжлэлээс 9,378,215.2 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 454 төгрөгийг улсын төсвийн орлого болгож,  С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 256 709 төгрөгийг гаргуулж, үүнээс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, үлдэх 186 509 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1381 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагч тал хяналтын гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1, 129.1, 129.2-т заасан хугацааны дотор харьяаллын дагуу гомдлоо гаргасан гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч 2016-08- 23-ны өдөр ажил олгогчид 2016-10-01-ний өдрөөс ажилдаа орох өргөдлөө өгсөн талаар нэхэмжлэлдээ дурдаж 2016-10-01-с  2017-07-26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлийг 2017-07- 28-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, 2017-08- 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхэд хандахаас өмнө 2017-07-04-ний өдөр С ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан өргөдөл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үеийг анх өргөдөл гаргасан гэх 2016-08-23-ны өдөр гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст даруй 10 сар 11 хоногийн дараа, шүүхэд 11 сар 5 хоногийн дараа нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлоо гаргасан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн шүүх шийдвэртээ  “...ажил олгогч нь М.Эийг ажлын байраар хангаагүй эс үйлдэхүй нь 2016-08-23-ны өдрөөс М.Эийг шүүхэд гомдол гаргах хүртэл хугацаанд үргэлжилсэн талаар гэрч Г.Амарчингүүний мэдүүлэгт өгсөн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байна" гэжээ. Гэтэл гэрч Г.Амарчингүүний мэдүүлгээс үзэхэд тэрээр М.Эийг 2018-08- 23-ны өдрөөс шүүхэд хандах хүртэл хугацаанд эрхийг нь зөрчсөн, түүнийг ажилд авахад саад хийсэн талаар ямар ч үйл баримт байхгүй. Мөн түүний мэдүүлэгт М.Этэй 2016-09- 28-ны хавьцаа анх удаа уулзсанаас хойш түүнтэй дахин огт уулзалт хийгээгүй, харилцаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний тайлбараар мөн нотлогддог.Шийдвэрт  “Ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно.” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн. Хуулийн уг хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар, түүний албан ёсны шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хамаарах зохицуулалт билээ. Гэтэл  М.Э нь ажил олгогчийн 2015-03- 10-ны өдрийн Б-241 тоот тушаалаар 2015-03- 16-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа, мөн нэхэмжлэгч нь 2018 оны 1-р сарын 10, 12, 18-ны өдөр С ХХК-д бичгээр гаргасан хүсэлтдээ: “2015-03- 16-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авч, мөн өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг хамтад нь авсан. 2015-05- 19-нд эхний хүүхдээ төрүүлсний дараагаар 2017-09- 25-нд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Иймд жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг олгох тушаал гаргаж өгнө үү.” гэсэн нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан үйл баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т "Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө." гэж заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх  “...нэхэмжлэгчийг Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн  128.1.2, 106.2 дахь хэсэгт нийцнэ" гэж тус тус дүгнэсэн. Гэвч ийнхүү үзэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүний тайлбар, нэхэмжлэгчээс ажил олгогчид буюу хариуцагчид 2016-08- 23-ны өдөр гаргасан гэх өргөдөл, гэрч Г.Амарчингүүний мэдүүлэг гэсэн баримтад үндэслэсэн нь ИХШХШТХ-ийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.  Мөн "хариуцагч тал нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлгийг няцааж чадаагүй" хэмээн илт худал дүгнэлт хийсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2017-12- 25-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, түүнтэй холбоотой бичмэл нотлох баримтууд (компанийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой тушаалууд, нэхэмжлэгчид чөлөө олгосон тушаал, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ г.м), шүүхээс хийсэн 2018-01 -12-ны өдрийн тэмдэглэл, гэрч Н.Солонго, Б.Цолмон нарын 2017-12- 26-ны өдрийн мэдүүлэг, ажил олгогчоос төлж байгаа нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт /2015-2017/ зэрэг хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг огт үнэлээгүй байна. М.Э нь С ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 03-р сарын 10-ны өдрийн Б-291 тоот тушаалаар 2015 оны 3-р сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд мөн өдрөөс ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д заасан 3 жил хүртэл хугацаанд Засгийн газрын 1994 оны 12-р сарын 21-ний өдрийн 212-р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2.в/хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө" гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байгаа талаар нэхэмжлэгч маргаагүй.   Давж заалдах шатны шүүх  "нэхэмжлэгч нь чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох талаар 2016-08- 23-ны өдөр ажил олгогчдоо хандаж өргөдөл гаргасан, хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан болох н.Нинжбадгар, Н.Солонго, Б.Цолмон, З.Жамбалсүрэн нартай уулзсан хэдий ч ажил олгогчийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлж ажилтныг өмнөх ажилд нь томилсон шийдвэр гаргаагүй байна." гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2016-08- 23-ны өдөр ажилдаа орох өргөдлөө ажил олгогчид бичгээр гаргаж өгсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч түүнийгээ нотолж чадаагүй нь дараах баримтуудаар няцаагдаж байхад шүүх үүнийг огт үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь хүсэл зоригоо ажил олгогчийн эрх бүхий төлөөлөгчид зохих ёсоор илэрхийлсэн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй. Үүнд: М.Этэй ажил олгогч буюу С ХХК-ийг төлөөлж Захиргаа, хүний нөөцийн албаны захирал Н.Тэгшжаргал нь анх 2013-10-01-ний өдөр 462 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулж гарын үсэг зурсан бөгөөд тус гэрээ одоо хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Энэхүү гэрээний 12.2-т "Аль нэг тал нөгөө талдаа ямар нэгэн мэдэгдэл, хүсэлт, шаардлага, мэдээлэл зэргээр хязгаарлахгүйгээр бүх баримт, материалыг гарт нь өгсөн өдөр эсхүл энэхүү гэрээнд заасан хаягаар хүргүүлэхээр шууданд хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дараа хүргүүлсэнд тооцно" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь ажилдаа үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ /өргөдөл/ ажил олгогчийн эрх бүхий төлөөлөгчид уг заалтын дагуу зохих ёсоор гаргасан буюу хүргүүлсэн нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 369.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ." гэж заасан бөгөөд мөн хуулийн 40.1-д "Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно." гэсэн. Гэтэл С ХХК-д ирсэн бичгийн бүртгэлд 2018-01 12-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “...М.Эийн өргөдөл өгсөн талаарх бүртгэл байхгүй байна." гэж өргөдөл ирээгүй болох иь тогтоогдсон байтал шүүх дээрх нотлох баримтыг огт үнэлээгүй. Мөн С ХХК-ийн Хүний нөөцийн менежер, гэрч Н.Солонгийн мэдүүлэгт "М.Эийг өмнөх ажил, албан тушаалд нь авсан уу, энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу гэхэд “...ажилдаа орох хүсэлт өгснийг мэдэхгүй" гэж мэдүүлснийг шүүх огт үнэлээгүй байна.  Шүүх "хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байраар хангаагүй эс үйлдэхүй нь 2016-08- 23-ны өдрөөс М.Эийг шүүхэд гомдол гаргах хүртэл хугацаанд үргэлжилсэн талаар гэрч Г.Амарчингүний мэдүүлэгт өгсөн үйл баримтаар нотлогдож" байна гэжээ. Гэтэл гэрч Г.Амарчингүний мэдүүлэгт "Уулзалтаар юу яригдсан бэ гэхэд тухайн үед ажиллаж байсан хүнээс өмнөх зүйлсийг тодруулах зорилгоор тэр уулзалтад орсон” гэж, мөн ажилд эргүүлж авах талаар яригдсан уу гэхэд “Ажилд эргүүлж авах талаар албаны захирал уулзах шаардлагагүй, ... Өмнөх зүйлийг мэддэг хүн алга чи санаж байгаа бол тайлбар өгөөч гэсэн тийм л уулзалт болсон" гэж хариулсан байдаг. Түүний мэдүүлгээс авч үзвэл нэхэмжлэгчийн 2016-08- 23-ны өдөр тус компани буюу ажил олгогчид 2016-10-01-ний өдрөөс ажилдаа орох өргөдлөө өгсөн талаар гэрч нотлоогүй, энэ талаар нэг ч асуулт хариулт байхгүй атал шүүхээс түүний мэдүүлгийг өргөдөл өгснийг нотолсон мэтээр шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтыг буруу үнэлсэн нь илэрхий байна. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.6-д "ажил олгогчийн төлөөлөгчид" гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд" гэж заасан. Иймд "Скайтэл" ХХК буюу ажил олгогчийг Гүйцэтгэх захирал, түүнийг төлөөлж М.Этэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан Захиргаа, хүний нөөцийн албаны захирал төлөөлөх эрхтэй атал шүүх гэрч Г.Амарчингүнийг ажил олгогч гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Тус маргаанд хариуцагчаас байгууллагын бүтэц зохин байгуулалтын өөрчлөлт хийгдэж, улмаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр үгүй болсон тул урьд эрхэлж байсан ажлын байраар хангах боломжгүй болсон талаар хариу тайлбартаа дурдаж холбогдох тушаал, шийдвэрийг гаргаж өгсөн. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасны дагуу ажил олгогч өөр ажил олж өгөх үүрэгтэй бөгөөд анх нэхэмжлэгч 2017-04- 25-ны өдөр Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэнтэй биечлэн уулзаж ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасныг хүлээн авч, Маркетингийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны Контент менежмент хэлтэст нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилтай ойролцоо түвшний өөр ажлын байр санал болгосон. Гэвч нэхэмжлэгч чөлөөтэй байх хугацаанд дахин жирэмсэлсэн тухайгаа 2017-05-02-ны өдөр мэдэгдсэн тул түүний нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж дээрх ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах эсхүл ажил үүргээ гэртээ гүйцэтгэж үндсэн цалингийн 70 хувиар цалинжих санал тавьсан. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс 2017-06- 07-ны өдөр хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа бичгээр ирүүлсэн ба мөн 2017-06-12-ны өдөр "хуучин ажлын байран дээрээ ажиллах хүсэлтэй байгаа тул тухайн ажлын байраар хангаж өгнө үү" гэсэн өргөдөл ирсэн тул Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн 2017-07- 19-ний өдрийн 01/6300 дугаар албан бичгээр "дараа төлбөрт үйлчилгээ, дата хариуцсан мэргэжилтний ажлын байр"-ны санал тавьсан боловч нэхэмжлэгч удаа дараа татгалзсан. Дээрх талуудын хооронд харилцсан өргөдөл, албан бичиг, гэрч Н.Солонгын шүүхэд өгсөн мэдүүлэгт "Энхцэцэгийг өмнөх ажил албан тушаалд нь авсан уу? Энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу? гэхэд Би өөрөө декриттэй байсан учраас хэзээнээс ажилдаа орох хүсэлт өгснийг мэдэхгүй" гэж, гэрч Б.Цолмонгийн мэдүүлэгт "Энхцэцэгтэй 2017 оны 5 сарын 23-ны өдөр тантай биечлэн уулзсан уу? гэхэд уулзсан гэж, Ямар шалтгааны улмаас уулзсан бэ? Гэхэд Жамбалсүрэн захирлын хүсэлтийн дагуу уулзсан. Дикреттэй байгаа ажилтан ажилдаа орох хүсэлтэй байгаа ямар ажлын байр байгаа вэ гэсний дагуу уулзсан." гэх мэдүүлгээс үзэхэд 2016-08- 23-ны өдөр анх ажилдаа орох тухай хүсэл зоригоо илэрхийлж өргөдлөө өгсөн гэдгийг нотлоогүй, харин 2017-05- 23-ны өдөр гэрч Б.Цолмон нэхэмжлэгчтэй ажлын байрны талаар уулзаж, харилцаж байсан талаарх мэдүүлэгт бүрэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй, магадлалд дурдсан н.Нинжбадгар нь тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөгүй ямар ч үйл баримтыг нотлоогүй байхад хариуцагч талыг ажилтныг өмнөх ажилд нь томилоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.  Гурав.   М.Э нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа "Урьд эрхэлж байсан ажлын байр /Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скай лояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/-ээр хангахыг даалгах гэж тодорхойлсон бөгөөд бид шүүхээс гардаж авсан энэ шаардлагын хүрээнд хариу тайлбар, нотлох баримтыг бэлтгэн шүүхэд гарган өгсөн байдаг. Тус хэргийн шүүх хуралдаан 2018-03- 06-ны өдрийн 15 цагт болж шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбат " М.Э С ХХК-д ямар албан тушаалд ажиллаж байсан бэ?" гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Золзаяагаас асуухад "Бүтээгдэхүүн үйлчилгээ, брендинг хариуцсан мэргэжилтэн" гэж хариулсан болно. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс эхлэн нэхэмжлэлийн шаардлага болсон тогтоолгох албан тушаал өөрчлөгдсөн байдаг. Үүний дараа 2018-04- 16-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө хэргийн материалтай танилцах үед нэхэмжлэгч талаас "нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай" гэсэн нэхэмжлэл байхыг харсан. Ингээд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанаар хэлэлцүүлж эхэлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат "урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаар хангуулах гэж өөрчлөгдсөн байна энэ ямар учиртай вэ?" гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа "бид засаад өөрчилсөн" гэж хариулсан болно. Ингээд хэлэлцүүлэг дуусах үед дахин дээрх асуултыг асуухад мөн Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаар хангуулах шаардлага дээрээ хэвээрээ байгаа бид нэхэмжлэлийн шаардлагаа зассан" гэж хариулсан. Бидний зүгээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэл буюу 2018-07-  28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тайлбар, нотлох баримтаа бэлтгэсэн байсан тул энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд оролцсон болно. ИХШХШТХ-н 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэж заасны дагуу анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч талаас хоёр удаа буюу 2018-03- 06-ны өдөр "Бүтээгдэхүүн үйлчилгээ, брендинг хариуцсан мэргэжилтэн" гэж, дараа нь 2018-04- 16-ны өдөр "Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаар хангуулах" гэж тус тус өөрчилсөн байтал бидэнд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримт гаргах, шинэ нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрхийг ноцтой зөрчиж хэргийн оролцогчийн ИХШХШТХ-ийн  25.1.1-д "Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх" гэж заасан эрхээ хэрэгжүүлэх болон мэтгэлцээнд тэгш эрхтэйгээр оролцох боломжоор хангаагүй анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         М.Э 2017-07-28-ны өдөр нэхэмжлэл гаргаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2016-10-01-ний өдрөөс 2017-07-26-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14,743,739.4 төгрөг, алдангид 5,956,911.8 төгрөг, нийт 20,700,651.2 төгрөг /хх 1-3/ шаарджээ. М.Э урьд эрхэлж байсан урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скай Лоялти үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил тогтоолгохыг шаардсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018-03-09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрны нэр өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр уг ажил албан тушаалын  “...одоогийн нэршлээр Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлаар хангахыг даалгах...” /хх 142/-г хүссэн. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлын байраар хангах, хариуцагчаас 10,772,436 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байв.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маркетинг борлуулалт үйлчилгээний газрын Бизнес хөгжүүлэлтийн албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн Бүтээгдэхүүн үйлчилгээ брендинг хариуцсан мэргэжилтэн М.Эт 2015-03-16-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө олгогдсон нь С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015-03-10-ны өдрийн б-241 дугаар тушаалаар /хх 117/ тогтоогджээ.

        М.Э хүүхэд асрах чөлөө авснаас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд С ХХК-н бүтэц зохион байгуулалтад хэд хэдэн удаа өөрчлөлт орсон ч   “бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэс, бүтээгдэхүүн үйлчилгээ, брендинг хариуцсан мэргэжилтэн”-г “бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” гэж нэрлэн, чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан гэж үзэхээр байх бөгөөд энэ тухай хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна. 

       Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар  хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй тул шүүх нэхэмжлэлийг хангасан нь буруу биш юм.

        Хүүхэд асрах чөлөө нь дуусаагүй ажилтан ажилдаа орох хүсэлт гаргавал ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээнэ. 

        М.Э ажилд орох хүсэлтээ 2016-08-23-ны өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэгчээр ямар ажил гүйцэтгүүлэх талаар зохигч нар тодорхой хугацаанд ярилцаж байсан нь зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг /хх 49-54/-р тогтоогджээ.

        Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдол гаргасан эсэх нь маргааны зүйл болсон байх бөгөөд ажил олгогчоос ажилтанд хариу өгсөн 2017-07-19-ний өдрийн 01/6300 дугаар албан бичиг /хх 13/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-06-23-ны өдрийн 181/ШЗ2017/0319 дугаар захирамж /хх 15/-г нэхэмжлэгч хүлээн авсан хугацаа тодорхойгүй байх тул М.Э 2017-07-28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

        Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

        “... маркетингийн газар мэргэжилтэн ажилтай... М.Э...үндсэн цалин 1,111,000 төгрөг, хоол ундааны 176,000 төгрөг, олговол зохих нийт дүн 1,287,000 төгрөг...” авч байсан талаар С ХХК-ийн 2018-03-20-ны өдрийн 047 дугаар тодорхойлолтод заажээ.  Шүүх уг баримтыг ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад баримттай харьцуулан дүгнэж, ажилтанд олгох олговрын хэмжээг тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй тул энэ тухай гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.             Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой дурдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00868 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1381 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 261.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ