| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2014/03565/И |
| Дугаар | 00279 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 00279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар байр, 13 тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Пэнг Хан юу /Peng Han yu/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд ар хороолол, 1 дүгээр байранд байрлах, “Богдахолдинг” ХХК /РД: 2613239/-д холбогдох,
Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 21А дугаар байрны 1, 2 дугаар давхарын оффисын зориулалттай үйлчилгээний төвийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Пэнг Хан юу-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, хариуцагч “Богдахолдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Пэнг Хан Юу-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БНХАУ-ын иргэн Пэнг Хан юү /Peng Han yu/ нь 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 21-2-1 тоот үйлчилгээний төвийн захиалагчтай байгуулах барилгын ажил гүйцэтгэх гэрээг “Богдахолдинг” ХХК-тай байгуулж, уг гэрээний 1.1-д заасан Нийслэл хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 21А байрны 1, 2 давхарын 853.54 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай үйлчилгээний төвийн барилгыг худалдан авсан. Пэнг Хан юү-ийн хувьд харилцан тохиролцсоны дагуу төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Улмаар уг барилгыг улсын комисс 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан. Пэнг Хан юү-г Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богда Ар хороолол, Хатанбаатар, Магсаржавын гудамж 21А дугаар байрны 1, 2 дугаар давхарын хэсэгт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 853.54 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, холбогдох бүртгэл хийхийг УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Богдахолдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Богда Холдинг” ХХК нь БНХАУ-ын иргэн Пэнг Хан юү /Peng Han yu/-тэй 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 21-2-1 тоот “Үйлчилгээний төвийн захиалагчтай байгуулах барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Нийслэл хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 21А байрны 1, 2 дугаар давхарын 853.54 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үйлчилгээний төвийн барилгыг худалдсан нь үнэн. Төлбөрийг нь ч бүрэн авсан. “Богда Холдинг” ХХК нь 1 дүгээр хороонд баригдсан Богд-Ар хороололын барьсан газрыг анхнаасаа хуулийн дагуу ашиглаж ирсэн. Энэхүү газар дээр баригдсан байрыг улсын комисст хүлээлгэн өгч, худалдан авсан эд хөрөнгөө бүртгүүлэхэд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад холбогдох баримт бичгийг нь бүрдүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд захиалагч нарын нэгэн адил үл хөдлөх эд хөрөнгөө авч байсан. Манай компани дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан байхад одоог хүртэл эзэмшиж чадалгүй манай байгууллагыг хариуцагчаар татаад байгааг зөвшөөрөхгүй байна. Худалдан авсан байрандаа ороход нь бидний зүгээс хориг саад хийгээд байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн төлсөн төлбөр болон бусад зүйл дээр маргаан байхгүй гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Пэнг Хан юу /Peng Han yu/ нь хариуцагч “Богдахолдинг” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 21А дугаар байрны 1, 2 дугаар давхарын оффисын зориулалттай үйлчилгээний төвийн барилгын өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “...нэхэмжлэгчийн төлсөн төлбөр болон бусад зүйл дээр маргаан байхгүй” гэж тайлбар гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Үйлчилгээний төвийн захиалагчтай байгуулах барилгын ажил гүйцэтгэх тухай” 21-2-1 дугаар гэрээгээр гүйцэтгэгч буюу “Богдахолдинг” ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 21А дугаар байрны 1 болон 2 дугаар давхрын 853.54 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай үйлчилгээний төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2009 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор захиалагч Пэнг Хан юу-д хүлээлгэн өгөх, захиалагч Пэнг Хан юу нь ажлын гэрээний төлбөрт 1 м.кв-ын үнийг 300 ам.доллараар тооцон, нийт 256 062 ам.долларыг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр тус тус нотлогдож байна. Түүнчлэн, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.
Гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйлээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг талуудад үүссэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг талуудад үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Талууд гэрээний зүйлийн талаар гомдлын шаардлага гаргаагүй байхаас гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2011 онй 5 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 01/23/2011 дугаар актаар улсын комисс хүлээн авсан байх тул хариуцагчийг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч нь гэрээний төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид албан бичгээр мэдэгдсэн байна. Уг албан бичигт гэрээний төлбөр 256 062 ам.долларыг БНХАУ-ын “Чин Е Ү Зи” ХХК-ийн дансанд шилжүүлсэн тохиолдолд төлбөрийг төлсөнд тооцоохоор санал гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр уг саналыг зөвшөөрсөн хариу албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн байна. Улмаар нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг БНХАУ-ын “Чин Е Ү Зи” ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн 018 дугаар мэдэгдэл болон Хятадын үйлдвэр худалдааны банкны баримтаар тус тус нотлогдож байхаас гадна хариуцагч нь нэхэжлэгчийг гэрээний төлбөрийг төлөөгүй талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээний 3.10, 3.20-д зааснаар захиалагч нь гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид бүрэн төлснөөр захиалагчид уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэхээр заасан байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу нэхэмжлэгчид тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь гэрээний төлбөрийг шилжүүлэн авсан боловч эд хөрөнгийг нэхэмжлэгчид шижлүүлэн өгөөгүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийг шудрага өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богда Ар хороолол, Хатанбаатар, Магсаржавын гудамж 21А дугаар байрны 1 болон 2 дугаар давхарын хэсэгт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 853.54 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Пэнг Хан Юу /Peng Han Yu/-ийг тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богда Ар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 21А дугаар байрны 1 болон 2 дугаар давхарын хэсэгт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 853.54 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Пэнг Хан Юу /Peng Han Yu/-ийг тогтоож, уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 364 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 364 210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгө өлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН