| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00065/И |
| Дугаар | 00068 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 00068
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1956 оны 03 дугаар сарын 120-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух Тайж овогт Өнөхишигийн Ганбаатар /РД:ГМ56032011 /-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00065/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1979 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын угсрагч мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 31-11 тоотод оршин суух Хиад овогт Равжихын Мөнхзул /РД:ГМ79062418/,
Гэрч: 1959 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багт оршин суух Еншөөбүү овогт Өнөхишигийн Алтантуяа /РД:ГМ59021804/,
Гэрч: 1940 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 76 настай, эмэгтэй, бага боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 22-02 тоотод оршин суух Мээрэн овогт Өсөхийн Долгорсүрэн, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн хүн эмнэлэгт 1975 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл галчаар, 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленинийн зам нэгдэлд уурын зуухны галчаар, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Нэгдэлд дундын үйлдвэрт хөрөө, рамчнаар ажиллаж байгаад 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс аймгийн эмнэлэгт хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тахир дутуугийн группт орсон. Булган аймгийн Архивын цэс, ажилд орсон, гарсан тушаалуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Ганбаатар нь Булган аймгийн хүн эмнэлэгт 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл галчаар, 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленинийн зам нэгдэлд уурын зуухны галчаар ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим ажилласан жилийн бичилт дутуу байх тул шүүхээр тогтоолго гэсэн. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Гэрч Ө.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 оны хавар сургуулиа төгсөөд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд хэсгийн даргаар ажиллаж байсан юм. Намайг анх ажилд ороход миний ах Ө.Ганбаатар 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленинийн зам нэгдэлд уурын зуухны галчаар ажиллаж байгаад Хишиг-Өндөр сумын Нэгдэл дундын үйлдвэр-т шилжин ажиллаж байсан гэв.
Гэрч Ө.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1975-1976 оныг дуустал нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан юм. Тэр үед Ө.Ганбаатар нэгдсэн эмнэлгийн галчаар ажиллаж байсан. Би тэр үед эмнэлэгт тогоочоор ажилладаг байсан гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ганбаатар нь Булган аймгийн хүн эмнэлэгт 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл галчаар, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленинийн зам нэгдэлд 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны галчаар, Нэгдэлд дундын үйлдвэрт хөрөө, рамчнаар 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаар лавлагаа, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1975 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар ажилд авах тухай захирамж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдлийн даргын 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаар тушаал, Булган аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дугаар ажилд томилох тухай тушаал, 1979 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн баярын бичиг, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт Өнөхишигийн Ганбаатарыг Булган аймгийн хүн эмнэлэгт 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл галчаар, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ленинийн зам нэгдэлд 1976 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 05 /тав/ жил 16 /арван зургаа/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ө.Ганбаатар нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ