Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2016/00776

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн *******т холбогдох

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг  2016 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Би Баянхонгор аймгийн *******т 2007 оноос 2016 оны 4 сарын 29-нйи өдөр хүртэл 9 жил эд хөрөнгийн архивчаар ажилласан. Манай байгууллага нь 2016 оны 2 сараас аймгийн Статистикийн хэлтэстэй нэгдэж, Улсын бүртгэл статистикийн газар болж өөрчлөгдсөн. Ийнхүү 2016 оны 03 сарын 22-ны өдөр тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн Б/07 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Ажил олгогч мэдэгдэх хуудас өгөлгүй, ажлаас халахаар тушаал гарган, ажлаа хүлээлгэж өг гэсэн шаардлага тавьсан. Гэтэл удалгүй намайг дуудсан чинь хуульч хүнээс асуухад мэдэгдэх хуудас өгдөг гэнэ гээд ажил хүлээлц гэж шаардсанаа хойшлуулан мэдэгдэх хуудас өгсөн. Ажлаас халах гэж байгаа бол ээлжийн амралт эдлэх ёстойг хүсэлт болгоход тушаалаа хүчингүй болгож, ээлжийн амралтыг 2016 оны 03 сарын 28-ны өдрөөс 24 хоногоор олгосон, ээлжийн амралтын хугацаа 2016 оны 4 сарын 28-ны өдрийг дуустал олгогдсон байтал ажил олгогчийн зүгээс амралтын сүүлчийн өдөр буюу 04 сарын 28-ны өдрөөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2016 оны 04 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн атлаа 2016 оны 04 сарын 29-нөөс 05 сарын 02 хүртэл 3 хоног ажлын бус өдөр ажлын бус цагаар ажил хүлээлцсэн. Ажлаас халахдаа ажил олгогч Улсын бүртгэл статистикийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн зүйл 35.1.2, 40.3, 43.1.1, 43.1.2, 43.1.3 дугаар зүйлүүдийн заалтыг ноцтой зөрчиж, миний эрхийг хохироосон тул эрхээ хамгаалуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Хууль зөрчиж ажлаас халсан тушаал зөрчилтэй гэдгийг танилцуулж ойлголцох гэсэн чинь чам шиг нэг муу архивчаар заалгахгүй, чи явдаг газраа явахгүй юу гэж зүй бусаар харьцан дарамталсан, хөдөлмөрийн хуулийг яаж зөрчиж намайг хохироосныг хууль хэрэгжүүлдэг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн болно. Ажил олгогч нь 2016 оны 04 сарын 29-нд ажилдаа орох байтал ээлжийн амралт дуусаагүй байхад 04 сарын 28-ны өдөр ажлаас халсан, мөн 2016 оны 04 сарын 28-ны өдрөөр он сар тавьж ажил хүлээлцэх комисс байгуулах тушаал гарган ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-ыг зөрчиж ээлжийн амралттай байхад ажлаас халах тушаал гаргасан. Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас онлайн хурал хийж, тус газрын дарга С.Мэндсайхан анхны онлайн хурлаар хоёр байгууллага нэгдсэнээр ажилгүй болох, халагдах солигдоно гэсэн зүйлгүй, ажлаа тайван хийцгээж болно, мөн дараагийн хурлаараа давхар ижил орон тоо байгаа тохиолдолд аль нэг илүү орон тоонд байгаа хүмүүсээ гаргалгүй үлдээж, гэрээт ажилтан ажиллуулахыг мэдэгдсээр байтал намайг ажлаас халсан нь хувийн сонирхолтой гэж үзэж байна. Намайг бүтэц орон тооны өөрчлөлт гэж халсан атлаа нярав гэж шинэ орон тоонд ажилтан авсан байсан. Мөн статистикийн хэлтэст гэрээт олон хүн авсан. Би энэ няравын ажилдаа авч болоогүй юм уу, урьд 11 жил нярав хийж байсан туршлагатай гэхэд нягтлантайгаа ярилцаад эрэгтэй хүн авч ажиллуулах болсон гэж хэлсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар намайг Баянхонгор аймгийн Улсын Бүртгэл, Статистикийн газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 04 сарын 29-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Миний бие 2016 оны 03 сарын 28-ны өдрөөс 2016 оны 04 сарын 29-ний өдөр хүртэл ээлжийн амралтаа авсан, ээлжийн амралтын хугацааг ажилласан жилд оруулан тооцдог байтал миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийгээгүй, байгууллагын зүгээс төлөх шимтгэл төлөөгүй байна. Тиймээс ажилтан миний эрх ашгийг хохироож, 2016 оны 04 сарын 01-ээс 2016 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэл төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Баянхонгор аймгийн УБСГ-ын даргын тушаалыг хүчингүй болгож хуучин ажиллаж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 сарын 28-ны өдрийн ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Ажил олгогч уг тушаалдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан,мөн хэсэгт орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан, байгууллага татан буугдсан бол гэсэн 3 үндэслэл байдаг. Гэтэл уг 3 үндэслэлийн аль үндэслэлээр халсан нь тушаалаас харагддаггүй. Ажил олгогч тодорхой зааж өгөх ёстой. Хавтаст хэргийн материалаас харахад орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр халсан гэж тайлбарласан байсан. Энэ нь бас хууль зүйн үндэслэлгүй. Улсын бүртгэл, Статистикийн газар нь Ц.*******, гэсэн хоёр архивчтай байсан. Уг хоёр архивч нь ажлын байрны тодорхойлолтоор яг ижил ажил үүрэг гүйцэтгэдэг тохиолдолд орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас халж болно. Гэтэл хоёр архивч хоёр өөр ажил үүрэг гүйцэтгэдэг. Ажлын байрны тодорхойлолтоор Ц.******* нь эд хөрөнгийн архивч, нь иргэний бүртгэлийн архивч, хоёр өөр ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг нэг ижил ажил үүрэг гэж халсан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн ажил хүлээлцэх комиссын тушаал нь он, сар, өдөр, дугаарлалт зөрүүтэй, яагаад өөр байгаа юм гэж асуухад техникийн алдаа гэж тайлбарласан. Ажилтанд өгсөн тушаал нь Б/22, ажил олгогчид үлдсэн тушаал нь А/22 гэсэн зөрүүтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж заасан. Гэтэл 2016 оны 4 сарын 28-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан атлаа 2016 оны 5 сарын 02-ны өдөр ажил хүлээлцсэн буюу ажлаас халагдсан сүүлчийн өдрийг буруу тооцож тушаал гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Хавтаст хэргийн материалаас харахад гаднаас гэрээт ажилтнууд авч ажиллуулсан байдал харагддаг. 2007 оноос хойш тогтвор суурьшилтай ажиллаж байсан ажилтнаа өөр ажил, албан тушаалд шилжүүлж ажиллуулах боломжтой. Иймд 2016 оны 04 сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, ажилтны эрх ашгийг ноцтой хохироосон тушаал гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3793762 гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.*******ыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргын 2007 оны 09 сарын 24-ний өдрийн 227 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албаны архивчаар томилж, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2009 оны 09 сарын 01-ний өдрийн 14 дүгээр тушаалаар ЭХЭБТ-ын архивчаар томилж, 2015 оны 01 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Хариуцагчийн төлөөлөгч  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нэртэй болж, бүтэц зохин байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 сарын 22-ны өдрийн Б/44, 2016 оны 03 сарын 04-ний өдрийн Б/68 дугаар тушаал, хавсралтаар Улсын бүртгэл, статистикийн газрын албан тушаалын орон, тоо ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, 2016 оны 02 сарын 05-ны өдрийн тус аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын даргын зөвлөлийн болон 2016 оны 02 сарын 26-ны хамт олны хурлаар хэлэлцүүлж, архивч Ц.*******, нарын талаар нууц санал хурааж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивч Ц.*******ын ажлыг тус байгууллагын даргын тушаалын дагуу хүлээлцэх шийдвэр гаргасан нь хэрэгт цугларсан хурлын тэмдэглэл, тус газрын тушаалын хуулбар, гэрч , зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдоно.

Тус аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах 1/378 дугаар албан бичгийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хүргүүлж, уг тушаалыг УБСЕГ-ын даргын Б/156 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.

Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь нярав Ц.*******ыг 2016 оны 04 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг үндэслэн 2016 оны 04 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтлан тушаал гаргахаар хуульчилсан ба ажилтныг ажлаас чөлөөлөх 3 үндэслэлийн аль нэгийг баримтлаагүй ба аймгийн ******* тус бүрээс 3 /албан хаагч/ албан тушаалыг цомхотгох чиглэл хүргүүлсэн /хх-28, 37/ нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон тул мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан байна. Мөн УБСЕГ-ын даргын 2016 оны 03 сарын 28-ны Б/104 дүгээр тушаал, хавсралтад заасан гэрээт албан хаагчдын орон тоонд заасан ажлын байранд ажилтныг ажиллуулаагүй байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын чиглэл хүргүүлэх тухай 1/54 дүгээр баримтын талаар зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч маргаагүй ба Баянхонгор аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтууд зөрчсөн гэж нэхэмжлэгч тал мэтгэлцжээ.

Мөн ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг шийдвэртээ заагаагүй ба Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн архивчийн болон иргэний бүртгэлийн архивчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүд өөр өөр байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалын 2 дахь заалтад тэтгэмж шийдвэрлүүлэх талаар заасан ба нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд /хх-53, 98/ тэтгэмжийн 3380580 төгрөг шилжүүлэгджээ.

УБСГ-ын архивч Ц.*******ын ээлжийн амралт 2016 оны 03 сарын 28-ны өдөр эхэлж, дуусах хугацаа 2016 оны 04 сарын 28-ны өдөр гэсэн ээлжийн амралтын хуудас /хх-64/ хэрэгт цугларсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан ээлжийн амралттай байгаа үед ажил, албан тушаал хэвээр хадгалах тухай хуулийн заалтыг хариуцагчийн төлөөлөгч зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан ба гэрч Г.Бат-Очир ...Ц.*******ын 2016 оны 03 сарын 25-ны өдрөөс хойш амралтаа авах хүсэлт гаргаж, нийгмийн даатгалын мэдээнд 1198543 төгрөгөөр мэдээлэгдсэн, 03, 04 саруудад уг мөнгийг хувааж мэдээлснээр залруулагдсан. Түүний амралтын хугацаа 04 сарын 28-ны өдөр дуусах байсан боловч уг өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан талаар мэдүүлсэн ба ажил олгогч ажилтны 2016 оны 04 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн бичилтийг хийх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Ц.*******ыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, УБСГ-аас түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3791560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2202 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн Ц.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, бусад хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн *******т даалгах нь зүйтэй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагчийн төлөөлөгчөөс хуульд зааснаар 37807 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгов.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэх нь зүйтэй байна.

Уг хэргийн 32, 59, 60, 65, 66, 76, 77, 145 дугаар талд цугларсан баримтууд давхардаж үдэгдсэн байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Ц.*******ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3791560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2202 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлийг суутгаж, сар тутам шимтгэл төлсөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн санхүүд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс 37807 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ