| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0925/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/937 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/937
2020 8 24 2020/ШЦТ/937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0202 31116 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Б, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1974 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд
- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 313 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19/81 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор торгох ялыг бүрэн биелүүлсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Д.Бнь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ........ нутаг дэвсгэрт байрлах “Даян Оргил” ХХК-ийн аж ахуйн нэгжийн хашаанд манаачаар ажиллаж, амьдарч байхдаа хашаанд байсан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 5 тонны ёмкост /ёонкс/-ыг завшиж иргэн Ж.Е-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар... цэргийн ангиас ертөнцийн зүгээр баруун тийш ойролцоогоор 500 метр зайтай албан ёсны хаяггүй блокон хашаа байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5)
2. Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Д.Б нь 2019 оны 5 дугаар сард...гэр бүлийн маргааны улмаас хэсэг хугацаанд тусдаа амьдрахаар болоод би Б-г ...... нутаг дэвсгэр өөрийн “Даян оргил” ХХК-ний аж ахуйн хашааны манаачаар 5 ханатай гэр барьж өгөөд буулгасан...миний танил дүү Ж.Е 2019 оны 11 дүгээр сард манай аж ахуйн хашаан зүүн талд чингэлэг, ёмкос буулгасан талаар мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73)
3. Хохирогч Ж.Е-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2014 оны 9 дүгээр сард барилгын ажил хийж байхдаа зөөврийн ус зөөх зориулалтаар Монос уулзвар орчим төв зам дагуу ёмкос зардаг хүнээс 6 тонны Орос улсад үйлдвэрлэсэн нэг тагтай ёмкос худалдан авч байсан. Тэгээд түүнээс хойш 2019 оны 11 дүгээр сараас тус ёмкосыг ашиглаж байгаад агуулж байрлуулах газаргүй босон тул манай төрсөн ах Б-ын найз болох Д-гийн .... 150 дугаар цэргийн ангийн ертөнцийн зүгээр баруун тийш 500 метрт байх аж ахуйн нэгжийн задгай тоот хашаанд аваачиж тавьсан. Тус хашаанд ёмкосоо байршуулахдаа хашаан зүүн хойд хэсэгт 40 тонн чингэлгийн урд байршуулсан. Гэхдээ ёмкос байрлуулахдаа хэн нэгэн хүнд захиж үлдээсэн асуудал байхгүй. Тэгээд сардаа 2-3 удаа эргэдэг байсан бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ёмкосоо эргэж тойрчхоод 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бүрэн бүтэн байдлыг нь харах гээд ирэхэд хулгайд алдагдсан байсан...Би 2014 онд 5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 5.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
- “...Намайг ...... “Даян Оргил” ХХК-ний аж ахуйн хашаанд өөрийн 40 тонны чингэлэг, зуурмагийн машин, 5 тонны ёмкос, төмөр хашаа 12 ширхгийг буулгахад манаач нь байгаагүй...2020 оны 5 дугаар сард ... “Даян Оргил” ХХК-ийн аж ахуйн хашаанд байрлуулсан 40 тонны чингэлгээс эд зүйл авахаар очиход 5 тонны ёмкос байхгүй байсан... би манаач Д.Б-аас асуухад мэдэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95),
4. Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Б нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн орой хаанаас авч ирснийг нь мэдээгүй маргааш өглөө сэрээд харахад манай хашаанд 5 тонн ёмкосыг буулгасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70),
5. Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлд: “...тоот... Д.Б-аас 5тн ёмкос хураан авахаар тогтов. ... тоот хашаан дотор 48-05УБР улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн ачааны машины байх ба тэвш дээр нь саарал өнгийн 5тн дотроо ямар нэг эд зүйл байхгүй ёмкос байв. Ёмкос нь 3.6м урттай, 1.4м өндөртэй, 1.7м өргөнтэй байсныг хураан авав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-55),
6. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт: “...Улсын дугаар: 4805УБР, марк модель: HYUNDAI Porter, төрөл: Бага оврын ачааны, өмчлөгч Д.Б...” гэх баримт (хавтаст хэргийн 47),
7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2002 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд...5 тонны ёмкос...2.500.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20),
8. Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65), Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэрийн 96-98), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 57), хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 116-117), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 118), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 119),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 99), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 102-109), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 28, 30, 34-46), “Даян Оргил” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 76, 77), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 24, 26, 91, 92) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ........ нутаг дэвсгэрт байрлах “Даян Оргил” ХХК-ийн аж ахуйн нэгжийн хашаанд манаачаар ажиллаж, амьдарч байхдаа хашаанд байсан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 5 тонны ёмкосыг завшиж иргэн Ж.Е-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар... цэргийн ангиас ертөнцийн зүгээр баруун тийш ойролцоогоор 500 метр зайтай албан ёсны хаяггүй блокон хашаа байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5)
- Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дүү ...Б-г ......... нутаг дэвсгэр өөрийн “Даян оргил” ХХК-ний аж ахуйн хашааны манаачаар 5 ханатай гэр барьж өгөөд буулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73)
- Хохирогч Ж.Е-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сараас тус ёмкосыг ...төрсөн ах Б-ын найз болох Д-ийн ....... хороо 150 дугаар цэргийн ангийн ертөнцийн зүгээр баруун тийш 500 метрт байх аж ахуйн нэгжийн задгай тоот хашаанд аваачиж тавьсан. ...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ёмкосоо эргэж тойрчхоод 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бүрэн бүтэн байдлыг нь харах гээд ирэхэд хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
“...2020 оны 5 дугаар сард ... “Даян Оргил” ХХК-ийн аж ахуйн хашаанд байрлуулсан 40 тонны чингэлгээс эд зүйл авахаар очиход 5 тонны ёмкос байхгүй байсан... би манаач Д.Б-аас асуухад мэдэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95),
- Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Б нь 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн орой хаанаас авч ирснийг нь мэдээгүй маргааш өглөө сэрээд харахад манай хашаанд 5 тонн ёмкосыг буулгасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70),
- Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлд: “...тоот хашаан дотор 48-05УБР улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн ачааны машины байх ба тэвш дээр нь саарал өнгийн 5тн дотроо ямар нэг эд зүйл байхгүй ёмкос байв. Ёмкос нь 3.6м урттай, 1.4м өндөртэй, 1.7м өргөнтэй байсныг хураан авав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-55),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2002 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд...5 тонны ёмкос...2.500.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Бнь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн байхдаа, шууд санаатай үйлдлээр хохирогч Ж.Е-ийн эд хөрөнгө болох 5 тонны ёмкосыг завшиж түүнд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Е-д учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгч Д.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” үйлдэлд нь 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б, хохирогч Ж.Е нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Д.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Д.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 дээшгүй цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2008 0202 31116 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.