Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/965

 

2020           8            31                                       2020/ШЦТ/965

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0220 61148 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Д, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1965 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ерөнхий боловсролын 122 дугаар сургуульд дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч О.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед ..... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.М-тэй “хүүхдүүдээ өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүр болон нуруун тус газарт нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би .... хороонд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, нөхөр О.Д-ой 2006 оноос хойш хамтран амьдарч байгаа. Дундаасаа хоёр хүүхэдтэй. ...2020 оны 6 дугаар сарын 14-ний орой нөхөр хүүхдүүдтэйгээ амарч байхад манай нөхрийн төрсөн дүү Б түүний эхнэр Б, бага дүү Б нар орой манай гэрт халамцуу орж ирсэн. Б том литрийн шилтэй архитай орж ирээд би хоол унд хийж өгөөд тухайн архиа тавуулаа хувааж уусан. Б согтчихоод намайг хулгайч архичин авгай гэж доромжлоод байсан...сүүлдээ босож ирээд ширээн дээр байсан эд зүйлийг тараагаад байхаар нь би уурлаад Б-тэймаргалдсан. Тэгтэл Б хөлөөрөө миний гуя руу нэг удаа өшиглөсөн...манай нөхөр О.Д нь буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 7 цагийн үед гараад дэлгүүрээс архи аваад тухайн архиа ганцаараа өдөржингөө уусан. ...17 цагийн орчим Д надтай хэрүүл маргаан үүсгээд согтуурхаад “чи үр хүүхдүүдээ өмөөрдөг” гэх мэтээр хэрүүл өдөж маргаан үүсгээд гэр дотор нуруу руу гараараа нэг удаа цохиод нүд рүү гараараа мөн цохисон. Би аргаа бараад гараад зугтаасан ба араас хашаан дотор гүйж гарч ирээд хоолойноос багалзуурдаад толгой руу хэд хэдэн удаа цохисон...би одоо нөхөр О.Д-той хамтдаа амьдарч байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7073 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун дээд зовхи бага зэрэг хавдсан 7х2.5см хөх ягаан цус хуралттай, баруун бугалгын урд дээд хэсэгт 6.5х2.5см баруун бугуйн ард 2х3см хөх ягаан цус хуралттай, зүүн чамархайн хуйханд 3х4см овойж хавдсан эмзэг...ДҮГНЭЛТ

1. Т.М-ийн биед баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, бугуйнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31)

 

3. Шүүгдэгч О.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэртээ гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэртээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэрийнхээ биед халдаж цохиж зодсон. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж эхнэртэйгээ сайн дураараа эвлэрч одоо хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 92-96), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 97-99),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 72), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 73), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 74),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 91), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44, 45), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 65-66),  Нийслэлийн 122 дугаар сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Д нь ...... тоотод, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.М-тэй “хүүхдүүдээ өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, шууд санаатай үйлдлээр, гараараа нүүр болон нуруун тус газарт нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ..... хороонд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, нөхөр О.Д-той 2006 оноос хойш хамтран амьдарч байгаа. Дундаасаа хоёр хүүхэдтэй. ...2020 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 7 цагийн үед нөхөр О.Д гэрээс гараад дэлгүүрээс архи аваад тухайн архиа ганцаараа өдөржингөө уусан. ...17 цагийн орчим Д надтай хэрүүл маргаан үүсгээд согтуурхаад “чи үх хүүхдүүдээ өмөөрдөг” гэх мэтээр хэрүүл өдөж маргаан үүсгээд гэр дотор нуруу руу гараараа нэг удаа цохиод нүд рүү гараараа мөн цохисон. Би аргаа бараад гараад зугтаасан ба араас хашаан дотор гүйж гарч ирээд хоолойноос багалзуурдаад толгой руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7073 дугаар дүгнэлт: “...1. Т.М-ийн биед баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, бугуйнд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31)

- Шүүгдэгч О.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэртээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэрийнхээ биед халдаж цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Д нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хүүхдүүдээ өмөөрлөө” гэх сэдэлтээр хохирогч Т.М-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч О.Д хохирогч Т.М нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч О.Д-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Д, хохирогч Т.М нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч О.Д-д улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Д-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 2008 0220 61148 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.