Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 150

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

             

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Э.Бадрал,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1247 дугаар  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр Э.Б-д холбогдох эрүүгийн 201625031193 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1047 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн.

Э.Б нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн буудлын ойролцоо караоке дотор Б.Биндэръяагийн “Самсунг Эс-5” загварын гар утсыг залилан авч, 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сард, О.М-г 100 айлын байрнуудын дунд байрлах интернет тоглоомын газар байхад нь “гар утсаа өгч бай, утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд “Самсунг Эс-4” загварын гар утсыг нь залилан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар xopоо, 20 дугаар байрны гадаа Н.А-д “дэлгүүр орчихоод ирнэ” гэж хэлээд Алтон брэндийн унадаг дугуйг залилан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, арван жилийн найз Г.Итгэлийн “утсаар ярьчихаад өгье” гэж хэлээд “Самсунг Эс-5” загварын гар утсыг нь залилан авч, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театр дотор Г.Бямбасүрэнг ариун цэврийн өрөө орох үед нь утсаар чинь ярьчихаад өгье, цүнхээ үлдээчих гэж хэлээд “Самсунг Эс-7” загварын гар утас болон цүнх /цүнхэнд “Айфон 6” загварын гар утас, Говь брэндийн ноолууран ороолт, Шанел брэндийн үнэртэй ус/ зэргийг залилан авч, нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3-64 тоот нийтийн байранд Ц.Цэвээндагваас “эгчтэй чинь зочид буудалд хөгжим сонсож байгаад өгье” гэж хэлээд "Делл" загварын нөүтбүүк, “Самсунг Нөүт-1” загварын гар утас, бэлэн 50.000 төгрөг зэргийг залилан авч, 670.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 буудлын хойд талд байдаг караокед, Ц.Эрдэнэхишигийн “Сони А6300” загварын камерийг хулгайлж, 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Б.Бат-Ууганы 2739 УНХ улсын дугаартай “Тоёота Хариер” загварын авто тээврийн хэрэгсэл дотор байсан 2 ширхэг дугуй хийлэгч, 27 кг хонины мах, МП-3 тоглуулагч зэргийг хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байранд Д.Баянмөнхийн Виза картыг авч, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 50 дугаар дэлгүүр доторх АТМ-д гүйлгээ хийж, картнаас нь 750.000 төгрөг хулгайлсан,

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "Хангарьд" фитнесийн гадаа Д.Гэрэлмаад “машинд чинь чамайг хүлээгээд сууж байя” гэж хэлээд 06-14 УБЛ улсын дугаартай “марк-2” загварын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тусгаар тогтнолын ордны" гадаа П.Содномцэрэнг 703 тоотод бичиг оруулаад өгчих гэж хуурч машинаас нь буулган, 81-94 УНА улсын дугаартай “Тоёота Раум” загварын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2017 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Казино" баарны гадаа өөрийгөө дуудлагын жолооч гэж Б.Бат-Ууганд хэлж, улмаар түүний 27-39 УНХ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 6011 дүгээр байрны гадаа, М.Пүрэвдоржид “машинд чинь хөгжим сонсож байя” гэж хэлээд түүнийг гэртээ орсны дараа 58-24 УНС улсын дугаартай “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цаг 15 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, "Кензо" баарны гаднаас П.Энхбаярт би дуудлагын жолооч байна гэж хэлээд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 41 дүгээр байрны гадаа хүргээд, түүнийг гэртээ орж мөнгө аваад ирэх хооронд 10-83 УНЕ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Их засаг" ОУИС-ийн урд зам дээр иргэн Ч.Отгонжаргалын эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг унаж яваад хохирогчийг түр буух үед нь унаж зугтаан залилсан гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд холбогдох эрүүгийн 1706028120174, 201625031193 тоот хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т "...эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болохоор" заасан тул түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ. Э.Б нь өөр өөр шүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсч, түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд аль нэг шүүхийн шийдвэр нь нөгөө шүүхэд мэдэгдэхгүй өнгөрөх, түүнчлэн цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад ял нэмж нэгтгэх боломжгүй юм. Иймд Э.Б-д холбогдох дээрх хэргүүдийг нэгтгүүлэн шалгуулахаар эрүүгийн 1711004340112 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Их Засаг" их сургуулийн урд зам дээр Ч.Отгонжаргалын эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашиныг авч зугтаан хулгайлсан гэх эрүүгийн 1706028120174 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, улмаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр яллагдагч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 cap хорих ял оногдуулсан байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1247 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлүүлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно", 3 дахь хэсэгт "хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй" гэж заасан буюу яллагдагч Э.Б-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолд нэмж нэгтгэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1247 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Э.Б-д холбогдох хэргийг прокурор Э.Бадралын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Б-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид, “... Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Их засаг" ОУИС-н урд зам дээр иргэн Ч.Отгонжаргалын эзэмшлийн 16-63 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашиныг унаж яваад хохирогчийг түр буух үед нь унаж зугтаан залилсан гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд холбогдох эрүүгийн 1706028120174, 201625031193 дугаартай хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан тул түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэх нь зүйтэй. ...” гэж үзсэн үндэслэл нь хуульд нийцжээ.

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Э.Б-д оногдуулах ялуудыг нэгтгэхэд энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилжээ.

Харин тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулалгүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл, нэг хүний үйлдсэн хэргийн үйлдэл бүрт тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлж, хэд хэдэн шийтгэх тогтоол гаргасан нөхцөлд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй болно.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1247 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Бадралын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Э.Б-д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэхдээ, хүчин төгөлдөр болсон тогтоолын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр буюу шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянаж, Э.Б-д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлийг нягтлан үзвэл зохино.