Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 1

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.О т холбогдох

          “Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн /хөдөлмөрийн эрүүл ахуйн/ хяналтын улсын байцаагчийн “ЭТТ” ХК болон “ТТЖ” ХХК-уудын хамтарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн комиссын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн актыг баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах, дүгнэлт гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр  /Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар оролцов/ нар оролцов.

Хариуцагч Б.О  шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 50 минутын орчим “ТТЖ” ХХК-ийн засварын талбайд тухайн компанийн САТ140Н грейдерийн дугуйг нөхөн хийлж байх үед буудсанаас миний чихний хэнгэрэг цоорон үйлдвэрлэлийн осолд орсон. Улмаар ажил хийх боломжгүй болж, яаралтай Улаанбаатар хотод ирж хагалгаанд орж 2 cap гаруйн хугацаанд 6 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн.

Осол гарах үед “ЭТТ” ХК болон “ТТЖ” ХХК-уудын гэрээний дагуу “ТТЖ” ХХК-д шилжин ажиллаж байсан.

Тухайн ослыг судлан бүртгэх явцад дугуйн нөөц байгаагүйгээс 90 орчим хувийн элэгдэлтэй акталсан дугуйг ашигласны улмаас осол болсон болох нь тогтоогдсон. Гэтэл “ЭТТ” ХК болон “ТТЖ” ХХК-цудын хамтарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн комиссын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн актад”. Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /чихэвч/ бүрэн хэрэглээгүй. Тухайн өдрийн хяналтын бичсэн наряд /ажиллагааны зааварчилгаа/-д дугуй солих зааварчилгаа байхгүй, аман нарядаар ажил хийдэг” зэргээр дүгнэсэн байсан.

            ...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.8, 3.9, 3.10-д комисс осол гарснаас хойш 48 цагийн дотор судлан акт үйлдэн, тамга дарж, гарын үсэг зурах ба үүнийг 3 өдөрт багтаан хүргүүлж, байцаагч ажлын 5 хоногт багтаан баталгаажуулахаар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн  29.3-т “үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянана” гэж заасан. Иймээс Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн /хөдөлмөрийн эрүүл ахуйн/ хяналтын улсын байцаагч буюу захиргааны албан тушаалтан нь үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулснаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт болгож байгаа ба үүний улмаас гадагш буюу нэхэмжлэгч рүү чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсэж байна.

Уг шийдвэрийн улмаас миний бие эрүүл мэндээрээ хохирсон атлаа мөн үүнд “ЭТТ” ХК болон “ТТЖ” ХХК-ын буруутан болж, ажилтны намтартаа “ноцтой осол гаргасан” гэж бичүүлж, хөдөлмөрийн гэрээ дүгнэх, шагнал урамшуулал болон ажилтан цомхотгох тохиолдолд хамгийн түрүүнд халагдах зэрэг маш их хор уршигтай, миний эрхийг зөрчиж байгаа нь хөдөлмөрийн байдал, цаашлаад түүн дэх эрх зүйн байдлыг давхар дордуулсан үр дагаварт хүргээд байна.

...Хамтарсан комиссын дагуу акт үйлдэгдэх ёстой. Акт нь үйлдэгдээд 07 дугаар сарын 18-ны өдөр акт нь үйлдэгдсэн байсан актыг устгаж, дахин шинээр акт үйлдэж, хүмүүсээр гарын үсэг зуруулахдаа, зарим хүмүүсийн ажлын хажуугаар гарын үсэг зуруулж энэ акт өөрчлөгдсөн юм биш үү гэхэд өөрчлөгдөөгүй гэж зуруулсан. 07 дугаар сарын 18-ны өдөр гарсан акт нь комиссын шийдвэр нь таарч байгаа. 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан акт нь 07 дугаар сарын 15-ны өдөр гарсан шийдвэр нь хурлын протокол нь зөрж байгаа. Судлан бүртгэх комиссын актыг 13, 14.2.2-т заасан журмыг зөрчсөн. Аман нарядаар ажил хийдэг гэдэг нь үйлдвэрийн осол, судлан бүртгэх дүрмийн 2.2-т заасны дагуу ажилтны буруугаас болсон шалтгаан нөхцөлүүд байдаг.

Аюулгүй ажиллагааны горим зөрчсөн бол аман найраа дээр ажил хийдэг гэдэг нь аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөн болгож харагдуулж, ажилтны буруугаас болсон гэж өөрчилсөн. Хамтарсан комиссын шийдвэр нь дүрмийн 2.2-т багтсан зүйл байхгүй хоосон орхиё гэсэн шийдвэрт хүрч 100%-ийн саналаар хоосон орхисон гэв.” гэжээ.

Хариуцагч Б.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...М.С  гэх “ТТЖ” ХХК-ийн аюулгүй ажиллагааны ажилтан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2003533 кодтой чихэвчийг агуулахаасаа хүлээн аваад ажилтан Д.М д тухайн өдөр хүлээлгэн өгсөн боловч ажлын байран дээрээ хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглээгүй байна. Ажлын байрны тодорхойлолтын 1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5. дахь /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/ заалтын дагуу үүргээ биелүүлж ажиллаагүй байна. Тухайн өдөр Д.М  нь аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа авч гарын үсэг зурсан боловч тухайн зааварчилгаа нь “Дугуйн үзлэг дугуй өрөх” гэсэн утгатай зааварчилгаа өгөгдсөн байна.

Нэмэлт дэлгэрэнгүйгээр “Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл бүрэн хэрэглэх, нарядын бус ажил хийхийг хориглоно, шаардлагатай тохиолдолд аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ хийх” зэрэг заавруудыг өгсөн байна.

Аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ хийх журамтай боловч журмыг дагаж мөрдөөгүй байна. Мөн дугуйн мастерын ажлын байрны тодорхойлолтод зааснаар “дугуйг задлах, засварлах угсрах ажлыг технологийн дагуу аюулгүй ажиллагааг хангаж, нарядын дагуу хийж гүйцэтгэх” гэж заасан боловч бичгээр “дугуй засах” гэсэн наряд аваагүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2 дэх /ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах/ заалт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33.2.5-д заасан улсын байцаагчийн дүгнэлт гаргах эрхийг тодорхойлсон юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4. / Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана/ гэж зааснаар 29.4.1. дэх /ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах/ заалтын дагуу ослын актыг баталгаажуулсан болно.

Ажил олгогч байгууллага тухайн ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалтад хамруулж бүртгэлжүүлсэн байна. /Бүртгэлийн хуудсыг хавсаргав/ Тус компаниудын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссоос ирүүлснээр ослын зэргийг “хөнгөн” гэж тэмдэглэн ирүүлсэн. Ослын зэргийг эмнэлэг, шинжилгээний байгууллага тодорхойлох бөгөөд шаардлагатай бол тус байгууллагуудад хандаж тодорхойлуулах боломжтой.

“ЭТТ” ХК болон “ТТЖ” ХХК-уудын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссоос 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ослыг судлан бүртгэж акт үйлдэж Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн болно.

 Актын хугацаа хэтэрсэн асуудал нь ослын акт дээр аль компанийн нэрийг бичих эсэх асуудлаар ЭТТ ХК болон ТТЖ ХХК-иудын хоорондын байгуулсан гэрээтэй холбоотой маргаанаас болж удааширсан гэх тайлбарыг компаниудын зүгээс өгсөн. “ЭТТ” ХК болон “ТТЖ” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээн дээр “Түр шилжсэн ажилтнууд” гэх тодотголтойгоор “ЭТТ” ХК-тай хөдөлмөрийн гэрээтэй ажилтанд “ТТЖ” ХХК-нд шилжүүлэн ажиллуулж байгаа нь хуулиар зохицуулагдаагүй харилцаа юм.

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.4.2 дахь / ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах/ заалт болон Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.11-д заасан хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргадаг. Мөн Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 7.2-д зааснаар дүгнэлт нөхөн гаргах боломжгүй юм” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гарсан ослыг тухайн үед хамтарсан комисс хуралдаад, хурлын комиссын шийдвэр, тэмдэглэл, хэрэгт авагдсан байдаг. Энэ үеэр осолд орсон Д.М ыг буруутгахгүй гэсэн нэгдсэн шийдэлд хүрээд 2018 оны актад дээр гарын үсгээ зураад тохиролцсон байдаг. Гэтэл үүнээс хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад 09 дүгээр сарын 15-ны өдөр дахин акт гаргасан.

Д.М ыг буруутгасан акт гаргасан. Тухайн актыг хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор хянаж баталгаажуулна гэсэн хууль, дүрэмд  заасан хугацааг

хэтрүүлсэн. Д.М ыг буруутгасан үндэслэл нь нэг бүрийн хэрэгсэл буюу чихэвч хэрэглээгүй. Энэ чихэвчтэй холбоотойгоор тухайн хэлтсийн ажилчид болон хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үед чихэвч хэрэглэх боломжгүй байсан гэдэг нь харагддаг.

         Муу дугуй тавьсан эрсдэлийн үнэлгээ хийгээгүй гэдэг боловч тухайн дугуйг Д.М  өөрөө хэрэглэх боломжгүй акталсан дугуй байна гээд 2 хоног хэрэглээгүй. Үүний дараагаар ашиглах боломжтой байна, нөөцгүй боллоо, үүнийг заавал тавь гэж ахлах мастер хэлсний дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Болсон үйл явдлын хувьд Д.М  ямар нэгэн буруу зүйл хийгээгүй байдаг. Хамтарсан комисс нь Д.М ыг буруугүйг тогтоож өгсөн.

           Сүүлд өгсөн нотлох баримтаас харахад нэг комиссын гишүүний гарын үсгийг дуурайлгаж зурсан. Хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад Хөдөлмөрийн улсын байцаагч нь ямар нэгэн зүйл тодруулахгүйгээр шууд тухайн байдлаар баталгаажуулсныг хууль бус гэж үзэж байна. Тухайн ослын ирсэн баримтуудтай холбогдуулаад хянаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд өөрөө дүгнэлт гаргах эрх нь байна.

         Гэтэл байцаагч маань энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, өмнөх шүүх хуралд танилцаад баталгаажуулсан гэж хэлдэг. Нэхэмжлэл гаргасантай холбогдуулаад шүүхэд өгсөн хариу тайлбартаа хавсаргаж өгсөн материалууд нь тухайн осолтой холбоотой үйл баримт байдаггүй. Д.М ын хувийн байдалтай холбоотой баримтууд байгаа. Байцаагч маань өөрөө хянан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй шууд баталгаажуулах үйлдэл нь буруутай. Хэрвээ хянах үүргээ хэрэгжүүлээд 2 акт гарсан байна. Актууд нь зөрүүтэй байдал зэргийг хянаад явсан бол Д.М ыг буруугүйг тогтоогоод явуулах боломжтой байсан гэж үзэж байна.

         Энэ хэргийн хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. Хэрвээ хэрэгжүүлсэн бол бодит үйл баримт болон үүнтэй холбоотой нотлох баримтыг бүрэн шалгасны үндсэн дээр энэ байдлыг тодруулж өөрөө дүгнэлт гаргах үүрэгтэй байсан. Өмнөх хуралд гаргасан тайлбаруудаа дэмжиж байна. Нармандах гэдэг хүн миний гарын үсгийг хуурамчаар зурсан гэсэн нэмж баримтууд гарсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М аас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.О т холбогдуулан “Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн /хөдөлмөрийн эрүүл ахуйн/ хяналтын улсын байцаагчийн “ЭТТ” ХК болон “ТТЖ” ХХК-иудын хамтарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн комиссын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн актыг баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах, дүгнэлт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.М ыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д заасан “ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед” үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт[1] тогтоожээ.

Комиссын дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол гаргахад шууд нөлөөлсөн хүчин зүйл нь тухайн өдрийн хяналтын бичгэн нарядад дугуй солих зааварчилгаа байхгүй, аман нарядаар ажил хийдэг гэж тодорхойлсон байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.”, 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг  хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ... хянана.”, 29.4-д “.Энэ хуулийн 29.3-т заасан  ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” гэж зохицуулснаар уг актыг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.О  зөвшөөрч баталгаажуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Зүүн цанхийн уурхайд үйлдвэрлэлийн осол болсон үйл баримт хэрэгт авагдсан “ЭТТ” ХК болон Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогчийн хамтарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх хамтарсан комиссын акт, хурлын тэмдэглэлүүд2 зэрэг баримтуудаар тогтоогдсон, талууд осолд тооцсон эсэх талаар маргаагүй.

Нэхэмжлэгчээс “ ...осолд өртөгчийн зүгээс аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөнөөс үйлдвэрлэлийн осол гарсан гэсэн дүгнэлтийг хяналгүйгээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч холбогдох дүрэм журамд заасан хугацаанд баталгаажуулаагүй хууль зөрчсөн бөгөөд  энэ дүгнэлт шүүхээр эцэслэн тогтоогдвол эмчилгээний зардлыг эргүүлэн төлөхөөс эхлээд хохирлын төлбөр авч чадахгүйд хүрэх улмаар байгууллагын шагнал урамшилд хамрагдахгүй байх зэрэг үр дагаварт хүрч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө... гэж маргасан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...үйлдвэрлэлийн ослын актыг зөвхөн ажилтны бус байгууллага буруутай гэж дүгнэн баталгаажуулсан... осол гарсан тохиолдлыг л бүртгэж баталгаажуулах зохицуулалттай... гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу  шийдвэрлүүлнэ.” гэжээ.

Нэхэмжлэгч Д.М  нь   хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн баталгаажуулсан актыг хянуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргаж, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05/3574 дугаар албан бичгээр3 гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн байна.

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан ба дүрмийн 3.9-д “Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан  бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ.”, 3.10-д “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна” гэж заажээ.

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гарсан ослын актыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “ЭТТ” ХК, “ТТЖ” ХХК-иудаас ирүүлсэн баримтын хүрээнд хянаж баталгаажуулсан  болох нь хариуцагчийн

3 Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

тайлбараар тогтоогдож байх бөгөөд осол гарсан шалтгаан, хүчин зүйлийг хэрхэн судалж хянасан байдлаа нотолж чадаагүй болно.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хөнгөн, хүндээс үл шалтгаалж үйлдвэрлэлийн осол гарсан тухай бүрд ажил олгогч нь судлан бүртгэж, акт үйлдэн, холбогдох байгууллагад мэдэгдэх бөгөөд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хянах үүрэг нь зөвхөн ослын актыг баталгаажуулж гарын үсэг зурах бус үйлдвэрлэлийн ослын шалтгаан, нөхцөлийг тогтоож, нягтлан үзэж судалснаар   хуулийн зорилго хангагдахаар байна.

Иймд нэхэмжлэгчийн “...улсын байцаагч осол гарсан шалтгаан нөхцөлийг хянах үүргээ гүйцэтгээгүй баталгаажуулсан...зохицуулсан хугацаанд ослыг актыг баталгаажуулаагүй“ гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Хэдийгээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулсан үйлдэл нь хууль зөрчсөн болох нь тогтоогдож байгаа хэдий ч “дүгнэлт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж боломжгүй.

Учир нь шүүхээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах тохиолдолд хариуцагч тухайн захиргааны актыг шинээр гаргах үүрэг хүлээдэг, өөрөөр хэлбэл даалгах нэхэмжлэлийн шаардлага нь ирээдүйд чиглэгддэг бөгөөд хариуцагчийн хувьд тухайн актыг гаргах эрх зүйн боломжтой байхаас гадна шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай.

 Гэтэл энэхүү маргааны хувьд улсын байцаагч үйлдвэрлэлийн осолд тооцсон актыг баталгаажуулахдаа хууль зөрчсөн эсэх шаардлагын хүрээнд байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах.” гэж зохицуулсны дагуу улсын байцаагчийг “сонгох боломжтой” шийдвэрийг заах буюу үйлдвэрлэлийн ослын актыг зөвшөөрөөгүй талаар дүгнэлт гаргахыг даалгах хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.1, 29.4.2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Д.М ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн /хөдөлмөрийн эрүүл ахуйн/ хяналтын улсын байцаагчийн “ЭТТ” ХК болон “ТТЖ” ХХК-иудын хамтарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн комиссын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн актыг баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгож, “дүгнэлт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.О аас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.БАЯРМАА

 


[1] Хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас

2 Хавтаст хэргийн 139-151 дүгээр хуудас