Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Алтан их говь” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 181/ШШ2016/01387 дугаар шийдвэртэй, “Алтан их говь” СӨХ-ны нэхэмжлэлтэй, “Гадаадын хөтөлбөр Монголд” ТББ-д холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1 610 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай СӨХ нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 13 дугаар байрыг хариуцдаг. Тус байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа Гадаадын хөтөлбөр Монголд ТББ-аас 2011 оны 5 дугаар сараас 2013 оны 7 дугаар сар хүртэл хийгдсэн засвар, үйлчилгээ, жижүүр, цэвэрлэгээ, хог, СӨХ-ны зардал 1 820 000 төгрөгөөс төлсөн 210 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 1 610 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага байр, ус, дулаан, цахилгаан, хог хаягдлын төлбөр гээд орон сууцтай холбоотой бүх төлбөрөө нэхэмжлэхийн дагуу тухай бүр төлж ирсэн. Ямар ч гэрээ баримтгүй гэнэт ийм их хэмжээний төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн СӨХ-оос манай байгууллага нэг ч үйлчилгээ авч байгаагүй. Манай оффисын дээрээс ус алдах гэх мэт тохиолдолд засвар, үйлчилгээний материал, ажлын хөлсийг өөрсдөө гаргаж, засч байсан. “Алтан их говь” СӨХ-оос нэг удаа гэнэт ирээд ямар ч гэрээ, баримтгүйгээр м.кв тутамд төлбөр бодно, сард 100 000 гаруй төгрөг гээд үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэж ирэхэд нь манай ажилтан сарын 70 000 төгрөгөөр бодож улирлын төлбөрийг төлөөд явуулсан байсан. Тус байрны оршин суугчдын гомдлоор “Алтан их говь” СӨХ үйл ажиллагаа явуулахаа больсон атал төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасныг баримтлан “Гадаадын хөтөлбөр Монголд” ТББ-аас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1 610 000 төгрөг гаргуулах тухай “Алтан их говь” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамижд төлсөн 40 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. “Алтан их говь” СӨХ-г хэвийн үйл ажиллагаа явуулж байхад хэрэглэсэн гэрэл, цахилгаан, лифт, хог, засвар, үйлчилгээ, манаач, цэвэрлэгээний болон СӨХ-ны зардлыг санаатай төлөхгүй байх зорилгоор үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар 2013 оны 1 дүгээр сараас хийсэн гэмт үйлдлүүдийг шүүх 2015 онд үүссэн маргаан мэтээр дүгнэжээ. Энэхүү үйл ажиллагаа 2013 оны 1 сараас нууцаар хийгдэж байсан нь мөрдөн байцаалтын явцад, төлбөрөө төлдөг байсан оршин суугчдын мэдүүлгээр тогтоогдсон. Тэд 2005 онд ашиглалтад орсон байр, манай СӨХ-ны нэгтгэлд байгаа, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Төрийн банкинд данстай 13 дугаар байрыг 2013 онд ашиглалтанд орсон, сая байгуулсан мэт хуурамч бичиг баримт бүрдүүлэн СӨХ байгуулж, 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 16/006 тоот гэрчилгээг хууль бусаар авч, банкинд данс давхар нээлгэн, залилангийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Ийм хууль бус үйлдэл санаатай хийж, банкны төлбөр тооцоог устгуулж, ул мөрөө баллан биднийг баримтгүй болгон цаг хугацаа хожиж хохироосон. Эрүүгийн хэрэг үүсч гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байсан тул иргэний журмаар нэхэмжлэх шаардлагагүй гэж үзсэн.

Шинээр байгуулагдсан гэх Залуучууд СӨХ нь хууль бус үйлдлээ зогсоож, нэгтгэлээс гарах хүсэлтээ 2015 оны 11 дүгээр сарын 10-нд албан бичгээр илэрхийлснийг бид хүлээн авч Төрийн банкинд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож эрх шилжүүлсэн. Гэтэл шүүх 2013 оны 1 дүгээр сараас манай СӨХ-г хэвийн үйл ажиллагаагаа явуулж байхад маргаан хожим 2015 онд үүссэн мэтээр дүгнэжээ. Бодит байдалд манай СӨХ-г үйл ажиллагаа явуулж байхад Залуучууд 13 СӨХ-г 2013 оны 6 дугаар сарын 04-нд байгуулж гэрчилгээг залилж авсан нь 2015 онд мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон, одоо шалгагдаж байгаа болно.

2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2011 оны 5 дугаар сараас 2013 оны 7 дугаар сар хүртэл хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг нэхэмжлэх эрхтэй боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу 2016 оны 7 дугаар сард уг хугацаа дууссан. Нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх үзсэн. Манай СӨХ анх 2011 оны 12 дугаар сарын 24-нд 06/11 албан тоот “Projects Abroad Mongolia” гэж хаяглан нэхэмжлэх явуулсан. 2012 онд Т.Отгонбаяр, ажилтан Б.Заяабаатартай биечлэн уулзахад төлнө гэсэн. 2013 онд байнга уулзаж, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 08/13 тоот өгч, 5 дугаар сарын 18-нд тус  байгууллагын хүсэлтээр жишиг тарифаар тогтоосон сарын төлбөр 280 000 төгрөгийг 50 хувь гэснийг өндөр үнэтэй байна гээд 70 000 төгрөгөөр тохирсон.

Эрүүгийн хэрэг шалгаад иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүл гэснээр 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тул 2016 оны 6 дугаар сарын 08, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 9 дүгээр сарын 30-нд дахин нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас төлбөр төлөхийг анх 2011 оны 12 дугаар сарын 24-нд албан тоотоор мэдэгдсэн болон 2013 оны 5 дугаар сарын 01-ний албан бичиг гардаж авсан, эвлэрүүлэн зуучлалд хандсан нотлох баримтууд хэрэгт байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь буруу тул шийдвэрийг хүчингүй болгоно уу.

3. Гадаадын хөтөлбөр Монголд ТББ нь анх СӨХ-д бүртгүүлэхдээ Дэлхийн хөтөлбөр Монголд ТББ гэж бүртгүүлж банкны бүртгэлд орж, уг хаягаар албан тоот хүргүүлж  байсныг хариуцагч хүлээн авч байсан. Одоо ч хаяг нь “Projects Abroad Mongolia” гэж бичээстэй байгаа нь хэрэгт баримтаар өгсөн ба мэргэжлийн хүмүүс Дэлхийн хөтөлбөр Монголд гэж орчуулсан. Гэтэл шүүхийн зарлан дуудагч, шуудан зөөгчийг зориуд төөрөгдүүлж буцааж, төөрөгдүүлдэг. Мөн хэрэгт хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох нотлох баримтгүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

4. Шүүх нэхэмжлэлийн дүнг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэжээ. Хариуцагчтай СӨХ-ны зардал төлбөрийг 70 000 төгрөг байхаар шууд тохиролцсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Алтан их говь” СӨХ нь хариуцагч “Гадаадын хөтөлбөр Монголд” ТББ-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрт 1 610 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт хариуцагчийн Улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Гадаадын хөтөлбөр Монголд” ТББ, эсхүл “Дэлхийн хөтөлбөр Монголд” ХХК гэх хуулийн этгээдийн аль нь болохыг тодруулснаар нэхэмжлэгч төлбөр төлөх мэдэгдэл, албан шаардлагыг аль хаягаар, хэдийд хэрхэн өгч байсан, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх буюу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болох байжээ.

 

Дээрх тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9. дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримттай холбогдуулан тухайн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргуулах нь шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэх ажиллагаа юм.

 

Түүнчлэн хариуцагч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацааны төлбөрийг төлж байсан гэх баримтуудыг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйн гадна, нэхэмжлэгч эдгээр баримтуудыг өөрийн гаргасан нэхэмжлэлд холбогдолгүй талаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

/хх 46, 52-63 тал/

 

Шүүх эдгээр баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэж үзсэн бол хэргийн нотлох баримтаас хасах эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9. дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх эсхүл яагаад үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт тусгах байжээ.

 

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх залруулах, эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 181/ШШ2016/01387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА