Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01674

 

Тны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00707 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1409 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Т

         Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох       

         120 107 988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Д” ХХК нь 2015-05-07-ны өдөр Турк улсын компанитай "хамтран ажиллах гэрээ" буюу бүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах гэрээ байгуулж, худалдагч компанийн бүтээгдэхүүн болох оливын тосыг 90 хоногийн хугацаатай зээлээр худалдан авч Монгол Улсад борлуулах үүрэг хүлээсэн. Хариуцагч компанийн захиалгын дагуу нийлүүлэгч Пояразкан компани 2015-06-12-ны өдөр 0,5 литр шилэн савалгаа бүхий тус бүр нь 1.87 ам.долларын үнэтэй оливын тос 9000 ширхэг, 1 литр шилэн савалгаа бүхий тус бүр нь 3.59 ам.долларын үнэтэй оливын тос 9000 ширхэг нийт 49,140 ам.долларын бүтээгдэхүүнийг бараа ачигдсанаас хойш 90 хоногийн дотор төлбөрийг 100 хувь төлөх нөхцөлтэйгөөр ачиж, илгээсэн. Хариуцагч 18,000 ширхэг оливын тос хүлээн авсан боловч төлбөр огт хийгээгүй. Т буюу Турк банк нь Турк улсын экспортыг дэмжих зорилготой төрийн өмчит банк бөгөөд Пояразкан компанитай 31318114 тоот даатгалын гэрээ байгуулан тус компанийн экспортын гэрээний эрсдлийг даатгасан. Хариуцагч нь гаалийн татвар, тээвэр, маркетинг, дотоодын зардалд нийт 15 сая гаруй төгрөг төлсөн гэх боловч энэ талаар шаардлага гаргаагүй бөгөөд гэрээнд дээрх асуудлыг худалдан авагч тал хариуцахаар заасан. Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Турк эксим банкны даатгалын гэрээний дагуу хариуцагчийн төлөх 49,140 ам.долларыг Пояразкан компанид төлж, төлбөрийг шаардан авах эрхийг Пояразкан компаниас авсан учир хариуцагч "Д" ХХК-с 49,140 ам.доллар буюу 120,107,988 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: "Д" ХХК нь Турк улсын ..ХХК-тай 2015-05-07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, худалдагч компанийн бүтээгдэхүүн болох оливын тосыг Монгол Улсад худалдан борлуулахаар болсон. Хамтран ажиллах гэрээний дагуу 2015-08- 07-ны өдөр 0,5 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг, 1 литрийн шилэн савлагаа бүхий 9000 ширхэг нийт 18 000 ширхэг оливын тосыг хүлээн авсан. Улмаар оливын тосны гаалийн татварт 7,852,006 төгрөг, дотоод зардалд 395,950 төгрөг, тээврийн зардалд 7,842,400 төгрөг нийт 15,730,356 төгрөг төлсөн. Гэтэл оливын тосыг Монгол Улсад борлуулах явцад чанарын шаардлага хангахгүй тоснууд байсан бөгөөд хэрэглэгч болон борлуулагч нараас удаа дараа гомдол санал ирсэн. Ингээд тунадас үүссэн 1 литрийн савлагаа бүхий 190 ширхэг оливын тос, 0,5 литрийн савлагаа бүхий 278 ширхэг нийт 468 ширхэг оливын тос буюу 3,650,000 төгрөгийн үнэ бүхий оливын тосыг акталсан. Энэ талаар тухай бүрд нийлүүлэгчид и-мэйлээр мэдэгдэж, тунадас үүссэн тоснуудын зургийг явуулсан ч хариу өгөөгүй. Мөн оливын тосыг хурдан шуурхай борлуулах талаар маркетинг хийж, реклам, танилцуулгад 0,5 литрийн савлагаатай оливын тосноос 29 ширхэг, 1 литрийн савлагаатай оливын тосноос 16 ширхэг, нийт 45 ширхэг буюу 343,700 төгрөгийн зарлага гаргасан. Борлуулагч нарт цалин хэлбэрээр 23,509,281 төгрөгийг олгосон. Манай компани 1 литрийн савалгаа бүхий 3850 ширхэг оливын тос, 0,5 литрийн савалгаа бүхий 2741 ширхэг нийт 6591 ширхэг буюу 55,161,500 төгрөгийн оливын тосыг зах зээлд нийлүүлсэн боловч супермаркет болон лангуунуудад зарагдаагүй нийт 23,980,750 төгрөгийн, компанийн агуулахад 1 литрийн савлагаатай 4944 ширхэг 0,5 литрийн савлагаатай 5952 ширхэг нийт 10,896 ширхэг буюу 86,644,800 төгрөгийн оливын тос хадгалагдаж байна. Дээрх үлдэгдэл бүтээгдэхүүнийг нийлүүлэгчид буцаах талаар удаа дараа мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Мөн гэрээний 18 дугаар зүйлд энэхүү гэрээний дагуу үүсэх аливаа маргааныг цор ганц Турк улс дахь арбитрын шүүх хянахаар тохиролцсон байтал нэхэмжлэгч харьяалал зөрчсөн. Хамтран ажиллах гэрээнд манай компанийн тамга тэмдэг дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй. Гэрээг хуурамчаар үйлдсэн байх боломжгүй. Шаардах эрх шилжүүлж авч байгаа Турк улсын банк руу ХХК нь ямар гэрээг шилжүүлснийг бид мэдэхгүй. Нэхэмжлэгч байгууллага шүүхийн харьяалал тогтоогдоогүй гэрээний дагуу шаардах эрхгүй. Хоёр компани огт уулзаагүй, и-мэйлээр гэрээг илгээж харилцсан. Нэхэмжлэгчийн гаргасан гэрээн дээрх тамга тухайн хүний авчирсан гэрээг нотолсон болохоос гэрээг жинхэнэ гэдгийг батлаагүй, хүчин төгөлдөр бус. Хүлээн авсан бүтээгдэхүүний доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан. Энэ нь и-мэйлд үзлэг хийлгэсэн тэмдэглэлийн 2 дугаар захидалд бий. Гэрээний 10 дугаар зүйлд нийлүүлэгч чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бол нийлүүлэгч тухайн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хохирлыг хариуцахаар зааснаар энэ бүтээгдэхүүнийг яах талаар и-мэйлээр харилцсан, тухайн үед талууд хэн үүнийг төлөхөө тогтоох ёстой байтал үүнийг тогтоолгүй барааны үнийг 100 хувь төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00707 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Д" ХХК-иас 120,107,988 төгрөг гаргуулан Тинд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 758 490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1409 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00707 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй. Учир нь нэхэмжлэгч 2015-05-07-ны өдрийн 17-н зүйл заалттай хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар гараж өгсөн бөгөөд тухайн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй өөрөөр хэлбэл, талууд гарын үсэг зурж баталгаажаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэр гаргасан. Нотариатын үйлдэл хийх зааврын 13.4.-т Нотариатч нь баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг дараах тохиолдолд гэрчлэхгүй. Үүнд: 13.4.1-д “гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч мэдэхгүй, 13.4.2.-т тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргашгүй, бүдэг бол гэрчлэхгүй” гэж заасан байхад хамтран ажиллах гэрээнд хариуцагч "Дэлгэр Интернешнл" ХХК нь тамга дарж гарын үсэг зураагүй байхад тус гэрээг хууль зөрчиж нотариатаар батлуулсан гэрээг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэр гаргасан байна. Мөн нэхэмжлэгч Т нь Турк улсын компаниас шаардах эрх шилжүүлэн авсны үндсэн дээр манай компанид холбогдуулж нэхэмжлэл гаргадаг бөгөөд Иргэний хуулийн 123.1-д “шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж хуульчилсан байхад Турк улсын компани нь шаардах эрхээ Тинд шилжүүлж байгаа талаар манай компанид мэдэгдээгүй болно. Шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргадаг бөгөөд уг итгэмжлэлийг Тийг төлөөлөн өр шаардах хэлтсийн менежер Хатагтай болон туслах ажилтан туслах ажилтан нар Монгол Улсын иргэн Г.О олгосон байдаг. Гэтэл хавтаст хэрэгт Тийг төлөөлж Өр шаардах хэлтсийн менежер Хатагтай ... болон туслах ажилтан нар бусдад Экспорт кредит банкийг төлөөлж итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй 17-н зүйл заалттай хамтран ажиллах гэрээний дагуу оливын тосыг хүлээн аваагүй юм. Оливын тосыг зарж борлуулах явцад тунадас үүссэн чанарын шаардлага хангахгүй тоснууд илэрсэн бөгөөд тухай бүрт нь Турк улсын Пояразкан Гида компани руу зураг болон доголдол үүсч байсан талаарх тайлбаруудыг хүргүүлж байсан болно. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

        ХЯНАВАЛ:

       Тийг төлөөлөн Г.О 2017-11-14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Д” ХХК-с барааны төлбөрийн үлдэгдэл 49,140 ам.доллар буюу 120,107,988 төгрөг шаарджээ.   

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.   

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Нэхэмжлэгч нь шүүхэд хандахдаа 2015-05-07-ны өдрийн гэрээг үндэслэсэн байх бөгөөд уг гэрээний агуулгаас үзвэл Турк улсын “” ХХК бараа нийлүүлэх,  тус улсын “Д” ХХК  бараа ачигдсанаас хойш бүтээгдэхүүний үнийг 90 хоногийн дотор бүрэн төлөх, барааг хүлээн авах үүрэг хүлээсэн байх тул хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ.

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

        Худалдах-худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулах боломжтой бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Турк улсын “Пояразкан Гида” ХХК бараа нийлүүлэх, Монгол улсын “Д” ХХК барааг худалдан авах талаар хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлэн харилцан тохиролцон барааг өгч, авсан нь  нотлогдсон байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний хэн аль нь үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.

         Нийлүүлсэн барааг “Д” ХХК хүлээн авсан байх тул худалдагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Худалдан авагч гэрээнд заасны дагуу хүлээн  авсан барааныхаа үнийг төлөх үүрэг хүлээнэ.  

         Хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол үндэслэлгүй байна.

        2. Худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүлээнэ.

         Хариуцагч нь нэхэмжлэлийг худалдаж авсан барааны доголдолтой холбогдуулан эс зөвшөөрсөн хэдий ч доголдлыг арилгах буюу доголдолгүй эд хөрөнгөөр солих, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, гэрээг цуцлах шаардлагыг худалдагчид гаргаагүй, бараа бүтээгдэхүүн шаардлагад нийцэхгүй байгаа тухай мэдээлэлтэй холбоотой баримтыг /хх 130/ хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул  “...гэрээний зүйл доголдолтой байсан нь нотлогдоогүй...” гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

        Түүнчлэн, хариуцагч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой сөрөг нэхэмжлэлийг  гаргаагүй тул “...нийлүүлсэн бараа доголдолтой байсан...” гэх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзлээ.   

        3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбартаа харьяаллын талаар дурдсан боловч маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүйгээс гадна нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тайлбар гаргасан байх тул /хх 45-46, 80, 81, 98, 99, 125/ шүүх хэргийг шийдвэрлэхдээ Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэв.

         4. Т  нь худалдан авагч  “Д” ХХК-с 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үүргийг шаардахдаа “...худалдагч Турк улсын “П” ХХК-ийн шаардах эрхийг холбогдох бүх эрхийн хамт шилжүүлсэн авсан...” гэсэн үндэслэл заажээ. 

        Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. Үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно.

        Турк улсын “П” ХХК нь мөн улсын Э банкид “Д” ХХК-с 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлснийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүйгээс гадна энэ үйл баримтын талаар худалдагч, худалдан авагчид мэдээлэл өгч байсан нь үзлэг хийсэн тэмдэглэл /хх 130-132/-р тогтоогдсон тул хяналтын гомдолд дурсан үндэслэл нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй байна. 

        5. Хариуцагч талаас нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...итгэмжлэлийг Тийг төлөөлөх эрх бүхий этгээд олгоогүй байна...” гэж маргах боловч  энэ тухай үндэслэлийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй /хх 45-46, 80, 81, 98, 99, 125/ тул нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг баримтаар үгүйсгээгүй гэж үзэх  боломжгүй байна.

         Анхан шатны шүүх хуралдааны явцад зохигч нар “...Тийг төлөөлөх  итгэмжлэлийг  тухайн банкны өр авах хэлтсийн менежер олгох эрхтэй эсэх...” талаар мэтгэлцсэн /хх 141/ боловч уг байдлыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй юм.

       Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлно. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36, 39, 40 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ.        

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00707 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1409 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 758.490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ