| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07984/И |
| Дугаар | 00280 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 00280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 50 дугаар байр, 54 тоотод оршин суух, Хад овогт Цэцэгмаагийн Ариунсанаа /РД: УШ00322742/-ийн хүсэлттэй,
Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Ариунсанаа, гуравдагч этгээд Ж.Отгондаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жавхлан, гуравдагч этгээд Б.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ариунсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Миний төрсөн ээж болох Ж.Отгондаваа нь миний эцэг болох Г.Баттулгын төрсөн эх болох Б.Цэцэгмаад намайг 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үрчлүүлсэн. Учир нь тухайн үед аав, ээж хоёр АНУ-д ажиллаж, амьдархаар 2002 онд явсан. Үүнээс хойш Монгол улсад эмээгийн хамт үлдсэн ба миний бичиг баримтын асуудал дээр цэцэрлэг сургуульд бүртгүүлэх, асран хамгаалалтын асуудал зэргээс байнгын эцэг эхийн шаардлага тулгарч байсан тул намайг Б.Цэцэгмаа гэж манай эмээд үрчлүүлсэн. Тухайн үед эцэг, эх хоёр намайг Монгол улсад суурь боловсрол эзэмшиж, АНУ-д манай гэр бүл суурьшвал намайг хажуудаа авахаар тохирсон. Одоо манай эцэг, эх, 3 дүү маань АНУ-д амьдардаг бөгөөд миний бие ээж, аав дээрээ очиж гэр бүлтэйгээ амьдрах хүсэлтэй байгаа болно. Мөн одоо Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх болоход миний овог нэр Б.Цэцэгмаагийн Ариунсанаа гэх нэрээр бүрэн дунд боловсролын гэрчилгээ гарах болоод байна. Миний бие цаашид АНУ-д Коллежид элсэх юм. Овог нэрийн зөрүүтэй байдлаас болж коллежид элсэх асуудалд хүндрэл гархаар байна. Иймд миний бие 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эмээ Б.Цэцэгмаад үрчлүүлсэнийг хүчингүйд тооцуулж, өөрийн төрсөн эх болох Ж.Отгондаваагаар овоглуулах хүсэлтэй байна гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Отгондаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Отгондаваа нь өөрийн охиноо ерөнхий боловсролын сургууль төгсөн үед нь өөрийн оршин байгаа газар буюу АНУ руу татаж, их дээд сургуульд сургах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна гэв.
Гуравдагч этгээд Б.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охин Ариунсанааг өөрийнх нь төрсөн эцэг, эхээр нь овоглуулах хүсэлтэй байна. Одоо сургууль төгсөх гэж байгаа. Сургууль төгсөх үеийн бичиг баримт дээр овог шаардлагатай болдог. Үүн дээр нь өөрийнх нь эцэг, эхээр овоглох хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ариунсанаа нь өөрийг нь Б.Цэцэгмаа үрчилж авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн буюу шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 16 настай байх тул тэрээр үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж заасантай харшлаагүй байна.
Гуравдагч этгээд Ж.Отгондаваа нь 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Отгондаваагийн Ариунсанааг Б.Цэцэгмаад үрчлүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн Засаг даргад 2006 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасны дагуу Отгондаваагийн Ариунсанааг Б.Цэцэгмаа үрчлэн авсныг 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүүхэд үрчилснийг бүртгэлийн 68 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 102/009543 дугаар үрчилсний бүртгэлийн лавлагаа, 0215355 дугаар төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Үрчлүүлэгч Ц,Ариунсанаа нь “…төрсөн эцэг, эх АНУ-д амьдардаг, цаашид хамт амьдрах хүсэлтэй байна” гэсэн үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасныг хүүхдийг үрчлүүлсэн гуравдагч этгээд болох Ц,Ариунсанаагийн төрсөн эх Ж.Отгондаваа болон үрчилсэн гуравдагч этгээд болох Ц.Ариунсанаагийн эмэг эх Б.Цэцэгмаа нар хүлээн зөвшөөрч, хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан бусад үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүүхдийг төрсөн эх Ж.Отгондаваагийн асрамжинд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.4, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хүүхэд үрчлэлтийн бүртгэлийн 68 дугаарт бүртгэгдсэн Отгондаваагийн Ариунсанааг Базарын Цэцэгмаа /РД: ЧЗ59101961/-д үрчилснийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Цэцэгмаагийн Ариунсанааг төрсөн эх Хиадборжигон овогт Жамбалдоржийн Отгондаваа /РД: ЧЗ78101660/-ийн асрамжинд шилжүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН