| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0009/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Энхмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн 1902003810215 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1972 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эду апарт хотхон тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.Б /РД: / Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан нь үнэн...” гэх мэдүүлэг Гэрч Ч.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд ирээд Хавчиргана гэх газар уурхайн тогооч хийхээр ирсэн. Би энэ уурхайн нэр хэний эзэмшлийнх гэдгийг мэдэхгүй байна. Би ирээд 7 хонож байгаа. Энэ уурхай үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд өчигдөр цагдаа нар ирээд үйл ажиллагааг нь зогсоосон. Надтай нийлээд 15 хүн энэ уурхайд ажиллаж байсан. Хүмүүс цагдаа ирлээ гээд зарим нь зугтаагаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р ху/ Гэрч М.Мөнх-Амьдралын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад ажилд орох зар сонин дээрээс “хөдөө гагнуурчин ажилд авна” гэсэн зар байхаар нь утсаар нь холбогдоод 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Хавчиргана гэх газарт ирсэн. Тэгээд ковшны эд ангид гагнуур хийж ажилласан. Намайг энэ газарт ирэхэд том нүх ухчихсан дотор нь 2 эксковатор байсан. Би ирээд 2 хоноход уурхай үйл ажиллагаа явуулж байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/, Гэрч Б.Сүхбаатарын 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод хүү Энх-Амарын хамт байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын дундуур ажил хайж яваад зар мэдээ сонин үзтэл “нөхөн сэргээлтийн ажилд ус соруулагч ажилд авна” гэсэн зар байсан. Тэгээд Эрдэнэ гэх хүн над руу утсаар яриад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг Бугант тосгоны Хавчиргана гэх газарт ирээд ус соруулж эхэлсэн. Би хэний уурхай болохыг мэдэхгүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 26-р ху/, Гэрч Ц.Наранбаатарын 2019 оны 05 дугаар сарын сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ уурхай дээр ирээд 3 хонож байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гэртээ байж байгаад дүү Нямдаваагаар фейсбүүкийн уул уурхайн зар үзүүлсэн чинь ковшийн оператор ажилд авна гэсэн зар байна гэсэн. Тэгээд тэр зарын дагуу ээжийнхээ утсаар одоо дугаарыг нь санахгүй байна, өөрийгөө Эрдэнээ гэж танилцуулсан хүнтэй холбогдсон чинь ковшийн оператор ажилд авна орох бол Дарханд хүрээд ир гэсэн, тэгээд гэрээсээ 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гараад найз Далайтай хамт сумаас хот явах унаанд суугаад Дархан дээр ирж буугаад найз Далайгийнд өглөө 07 цагийн үед ирээд Далайгийн утсаар ажилд авна гэсэн хүнтэй холбогдож Эрдэнэт, Дарханы салдаг уулзвар дээрээс Станатай хүн ирж аваад энд хүргэж өгсөн. Тэр хүн надад өөрийгөө танилцуулаагүй, жолоочтойгоо нийлээд 3-уулаа энд ирсэн. Энд ирээд станагийн жолооч нь цэнхэр өнгийн ковшийн урд эд анги /бөгс/ эвдэрсэн байгаа тэрийг янзлаад байж бай гэж хэлчихээд тэр 2 хүн буцаад яваад өгсөн. Цалин хөлсөө тохиролцоогүй байсан. ....” гэх мэдүүлэг, /хх 28-р ху/, Гэрч Н.Ганбаатарын 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкийн 3 уул уурхайн групп дээр экскаваторын оператор ажил хайж байна гэж өөрийн 94157005 гэсэн дугаарыг бичсэн. Тэгээд зар тавьсаны маргааш нь миний 94157005 гэсэн дугаар луу 98-тай дугаартай утсаар өөрийгөө Эрдэнээ гэж танилцуулсан хүн залгаад Сэлэнгэ аймгийн Ерөө суманд алтны уурхайд нэг сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн цалинтай ажил байна хийх үү? гэж асуусан. Тэгэхээр нь би гэртэйгээ ойр юм байна гэж бодоод “хийе” гэсэн чинь “Баруун хараа”-н “Хоёр хүү” гэдэг цайны газар дээр хүрээд ир гэсэн, тэгээд би гэрээсээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад замын унаанд сууж Баруун хараа дээр 13 цаг өнгөрч байхад ирээд “Хоёр хүү” гэдэг цайны газар очоод хүлээгээд сууж байсан чинь тэр Эрдэнээ гэдэг хүн ирсэн. Тэгээд тэнд хоол идчихээд “делика” маркийн машинаар ирсэн. Ирээд маргаашнаас нь экскаватортоо засвар үйлчилгээгээ хийсэн. Миний жолоодож байсан Dооsan 3500 маркийн экскаварторын турбин нь эвдэрчихсэн байсныг би зассан. Тэгээд өглөө тэр нүх рүү шороо холдуулж байтал цагдаа нар ирсэн. Нөгөө 1 экскаватор бас шороо холдуулж ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 31-р ху/, Гэрч Б.Болдбаатарын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай төрсөн дүү надтай уулзаж миний өөрийн нэр дээр бүртгэлтэй техник хэрэгсэл болох Dossan 3000, Doosan 3500 маркийн экскаватор 2 ширхэг, Хово маркийн тээврийн хэрэгсэл 2 ширхэгийг түрээсийн гэрээ байгуулан надаас авсан. Манай дүүг Батмөнх овогтой Б.Б гэдэг. 2019 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр миний төрсөн дүү болох Б.Б надтай түрээсийн гэрээ байгуулж техник төхөөрөмжийг авч байсан. Тэрнээс биш би хаана хэзээ ямар ажил хийж байгаа талаар би сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-р ху/, Гэрч С.Батбаярын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Б.Б гэдэг хүний уурхайд туслах ажилтнаар 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажилд орсон. Одоо бол уурхайд манаачийн ажил хийж байна. Манай уурхай одоо ажиллахгүй байгаа болохоор ажилчид байхгүй би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Хавчиргана" гэх газарт Б.Бын уурхайн техник төхөөрөмж болон бусад эд зүйлсийг манаж байгаа. Би 500,000 төгрөгийн цалин авч ажиллаж байна. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай уурхай тухайн газарт усаар дүүрч мөс болон талбайг цэвэрлэх ажил хийж байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тухайн уурхайд очсон манайг очиход алт олборлосон зүйл байхгүй, техник төхөөрөмжид засвар хийж байсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 39-р ху/, Хохирогч Д.Эрдэнэбулганы 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3-р багийн засаг даргаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2 дахь жилдээ ажиллаж байна. Манай сумын “Хавчиргана” гэх газар Б.Б гэх иргэн хувиараа хууль бусаар алт олборлохоор очоод танай хэлтсээс хэрэг үүсгэж шалгасаны дараа бид нар очсон юм. Бид нарыг очиход ажилласан шинж бол байхгүй, 1 эвдэрхий эксковатор, скруббер 2-оо манаачтайгаа үлдээгээд явцгаасан байсан. Танайхаас ирсэн албан бичгийн дагуу сумын Засаг даргын тамгын газраас намайг энэ хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр томилсны дагуу оролцож байна. Би энэ хүнийг танихгүй, Энэ хүн манай суманд урд нь алт олборлож байгаагүй. Ямар хүмүүстэй хамтарч ажиллах гэж байсныг нь бас мэдэхгүй байна. Манай сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар байнга л хяналт шалгалтаар явж байсан, тэднийг явахад тухайн газар уурхай ажиллаагүй байсан. Хэрэв ажиллаж байсан бол шаардлага тавьж зогсоох ёстой. Би өөрөө бол 7 дугаар сарын сүүлээр дараа нь 8 дугаар сарын 28-нд явсан юм тэр уеэр тухайн уурхай ажиллаагүй байсан. Хэрэв ажилласан бол бидэнд мэдэгдэх ёстой Хавар харин ямар хугацаагаар ажилласан эсэхийг мэдэхгүй байна. Хэргийн улмаас учирсан 4 хохирлыг шинжээчийн гаргасан дүгнэлтээс олж танилцлаа. хохирол их бага гарсан талаар ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирлыг төрийн сангийн 100130200952 тоот дансанд “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж утгыг нь бичиж тушаалгана. Хохирлыг дээрх дансанд тушаачихвал бидэнд ямар нэгэн санал гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг / хх-ийн 150-151-р ху/, Байгаль орчны зөвлөх “Толст Элс” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20/29 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: ”...Газрын хэвлийн хохирлыг тооцохдоо олборлосон ашигт малтмалын хэмжээг тогтоох боломжгүй нөхцөлд техникийн нөхөн сэргээлтийн зардлын дүнгээр тооцож гаргадаг. Тус талбайд ухаж ачих, тээвэрлэх ажил шаардлагагүй учраас хэлбэржүүлэх, тэгшлэх ажлын зардлыг тооцлоо. “Ойт бүс” ХХК-ийн тайлан дээр үндэслэхэд экскаватор Doosan DХ 500LСА техник нь 2 хоногт 2 ээлжээр 40 цаг ажиллахад 17600м3 ажлыг хийхээр байна. Үүнд хэлбэржүүлэх зардал 1,860,400.0 төгрөг, түрж тэгшлэх зардал 689,800.0 төгрөг байна. Эндээс тооцоход 2,550,200.0 төгрөгийн хохирол газрын хэвлийд учруулсан байна. Иймд тус газарт хууль бус үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд орсон 1.1 бга талбайн Байгаль орчинд учруулсан хохирлын нийт дүн 2,550,200.0 /Хоёр сая таван зуун тавин мянга хоёр зуун/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-26 дугаар ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06 дугаар тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-12 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 122-124-р тал/ Шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 153-155-р ху/, Яллагдагчийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл,/ хх-н 133-135-р тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 156-р ху/, зэрэг болно. Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв. Шүүгдэгч Б.Бод холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн 5 улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв Шүүгдэгч Б.Бын тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэг, хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.5. “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;4.1.6 “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7. “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгчийн эрэл хайгуул хийсэн “алт” хамаарч байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал эрэх, хайх гэдэг ойлголтод эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох, судалгааны ажил хийх гэсэн ойлголт байгаа боловч шүүгдэгч Б.Б нь газрын хэвлийг хөндөн ухаш үүсгэж баяжмал бүхий шороог угаах үйл ажиллагаа явуулж байгаа нь алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийсэн байдал тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч эрэл хайгуул хийснээр газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ. Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна. 6 Шүүгдэгч Б.Бын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 2.550.200 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 2.689.711 төгрөг болсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид хохирол учирсныг шүүгдэгч Б.Б нь бүрэн төлж барагдуулсан, биологийн нөхөн сэргээлт хийсэн болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ ашигласан техник хэрэгслийг хураах, түүний үнийг гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй учраас энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй, энэ нь доор байдлаар няцаагдаж байна. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковаторуудыг, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Б.Бын гэмт үйлдэлдээ ашигласан эксковаторууд нь шүүгдэгчийн өмчлөлийн эд зүйл биш болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна. Иймд шүүгдэгч Б.Бын гэмт үйлдлийн улмаас 2.550.200 төгрөгийн хохирол учирсан байдал болон хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нэг эксковатор нь засвартай байсан болох нь нотлогдсон байх тул тухайн үед ажилласан нэг эксковаторын үнэ 16.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Быг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх” гэмт хэрэгт гэм 7 буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бод 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Бод оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,5-д зааснаар шүүгдэгч Б.Боос 16.000.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Ялтан Б.Бод урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ