| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2020/0111/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 125
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Хохирогч Б.Нэргүй Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов. Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Бат-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20311001280094 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 24-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар баг Тийрэг гэх газарт оршин суух, Хувиараа мал маллаж амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ирхэт овогт Батнасангийн Бат-Эрдэнэ РД:МХ94112453, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Шошийн ар” гэх газар иргэн Б.Нэргүйн өвөлжөөний урд 2020 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 13 цагийн орчимд “Бонго-3” маркийн 41-13 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй...” 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх.., ...аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас бага насны / 3 нас, 4 сар, 19 хоногтой / Н.Батхүүг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 2 Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Шошийн ар” гэх газар, иргэн Б.Нэргүйн өвөлжөөний урд 2020 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 13 цагийн орчимд “Бонго-3” маркийн 41-13 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй...” 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх.., ...аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас бага насны / 3 нас, 4 сар, 19 хоногтой / Н.Батхүүг дайрч, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Нэргүйн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хавар манай дүү ямаа самнаж байсан. Тэгээд би гэрт хоол идэх гээд сууж байсан. Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ ирээд үхэр авах гээд үхэр үзээд тохироогүй. Тэгээд Б.Бат-Эрдэнэ манай гаднаас машинтайгаа хөдлөхдөө их өндөр хаазтай хөдөлсөн. Би хонины хашаан дотор хэдэн ямаа самнах гээд 2,3 татаад сууж байсан. Гэтэл тэнд байсан хүмүүс орилолдоод түс тас гээд чимээ гарахад би “энэ ишиг хурга дайрчихлаа” гэж бодоод харсан чинь миний хүү хэвтэж байсан. Би хүүхэд дээрээ очоод эмнэлэг дуудахад миний хүү нас барсан байсан. Тухайн үед би Б.Бат-Эрдэнэд юу ч хэлээгүй. Дараа нь ирээд хэцүү ч гэсэн уучлалт гуйх байх гэж бодсон. Гэтэл нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Манайд нэг удаа орой болсон хойно ирсэн гэсэн. Тэгэхэд нь харанхуй болсон байна. Маргааш ир гээд явуулсан. Түүнээс хойш нэг ч ирээгүй. Хүн уучлалт гуйгаад ирсэн бол бид нар ингэж хандахгүй. Тэгээд ч болоогүй манай гэрийн хажуугаар хүүхдийг маань мөргөсөн машинтайгаа юу ч болоогүй юм шиг яваад байсан. Энэ үйлдэл нь бид нарт их хэцүү байсан. Үр хүүхдээ алдаад үнэхээр хэцүү байна. Энэ хурлаас өмнө нэг удаа ирээд уулзаад уучлалт гуйсан бол бид нарт энэ хүнийг харахад арай сэтгэл санаа маань гайгүй байх байсан. Гэтэл сая хараад миний хувьд үнэхээр энэ хүнийг цохиод авмаар байсан. Одоо бид нар маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Мөнхтөрийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машин их өндөр хаазтай хөдлөх шиг болтол түс, тас гээд дуу гарахаар нь эргэж хартал тоос босоод машин зогссон. Машины ард хүүхэд дайруулчихсан доошоо харчихсан хэвтэж байсан. Би хоёр ихрийн нэг байна гэдгийг хараад мэдсэн. Талийгаач Н.Батхүү ямар ч хөдөлгөөнгүй байсан. 41-13 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн мөр тод гарсан байсан. Талийгаач машины 2 дугуйн год толгой нь ертөнцийн зүгээр хойш харсан байрлалтай зүүн, талын дугуйн мөр талийгаачийн толгой дээгүүр гарсан байдалтай харагдаж талийгаачийн хамар амнаас их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-37 дугаар тал/ Гэрч Э.Бат-Отгоны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах 3 ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгтэл тэнд байсан хүмүүс “хөөе зогсооч ээ” гээд хашхиралдаж байсан. Удалгүй талийгаач хүү Н.Батхүү хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/, Гэрч А.Мөнгөнцэцэгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар бүгд Б.Бат-Эрдэнийг автомашинтайгаа хөдлөхдөө хурга, ишиг дайрчихлаа гэж бодсон. Тэгсэн чинь манай 3 настай хүү Н.Батхүүг дайрчихсан, миний хүү хөдөлгөөнгүй авто машины ард нь хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 57-58 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2156 дугаартай химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Золзаяагийн: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Бат-Эрдэнэ 26 н/эр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-н 63-64 дүгээр тал/, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Насанжаргалын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 13 дугаартай: 1.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ: Иймд энэ осол мөн. 2.Бонго-3 маркийн 41-13 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.БатЭрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг: 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/-тэй гэсэн заалт. Арав: Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. 3.Зөрчөөгүй байна. 4.Жолооч Б.Бат-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний Гурав: Жолоочийн үүрэг: 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолоочийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/-тэй гэсэн заалт, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 5.Батнасангийн Бат-Эрдэнэ нь /МХ94112453/ нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээс шалгаж үзэхэд автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй байв...” гэх дүгнэлт /хх-н 69 дүгээр тал/, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 21- ний өдрийн 26 дугаартай шинжээч эмч С.Бүрэнжаргалын: “.....1.Талийгаачид гавар тархины хавсарсан ил гэмтэл хугарал. Гавлын хөндий нэвтэрсэн шарх. Гавал ясны цөмөрч, бяцарсан хугарал. Толгойны хэлбэр алдагдал, хуйхны цус хуралт. Дух, зулай, баруун, зүүн чамархай яс, дагз, самалдаг, суурь ясны нийлмэл хавсарсан хугарлууд. Тархи няцрал, дарагдал. Хатуу хальсны урагдал. Зүүн талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хөндлөн хугарал. Зүүн уушигны гялтан хальсны доорх цус хуралт, дух, чамархай, хацар, баруун хөмсөг, уруул, эрүүнд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн 4 няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн, шинэ гэмтэл байх боломжтой болон авто машинд дайруулснаас үүсгэгдэх боломжтой. 4.Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, болон 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Талийгаачид ямар нэгэн архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаач гавал тархины дарагдал ил гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 7.Талийгаачийн цус О/I/ булгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-н 76-79 дүгээр тал/, Яллагдагч Б.Бат-Эрдэнийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн 41-13 СБА улсын дугаартай “Бонго-3” маркийн автомашины тэвшин дээрээ бяруутай, хээлтэй үхэр ачаад Б.Нэргүй ахад үзүүлэхээр Э.Бат-Отгон гэх айлд очсон. Манай гэрээс Э.БатОтгон ахын гэр нь 2 км орчим зайд байдаг...Би автомашинаасаа огт буугаагүй. Тэгээд авто машины кабин дотроо жаахан юм ярьж сууж байгаад буухдаа үхэр авч магадгүй гээд Нямаа гэх залууг Б.Нэргүй ах дуудаж өгөөд авто машинаас буугаад малын хойд талын хашаа руу орсон...Би авто машинаасаа буугаагүй, авто машинаа унтраагаагүй байсан болохоор хөдлөхийн өмнө хоёр талын болон кабины жижиг толиндоо харж шалгасан чинь ямар ч хүн байгаагүй. Тэгээд шууд хөдөлсөн чинь Э.Бат-Отгон ахын малын хашаанд ямаа самнаж байсан хүмүүс бүгд шахуу орилолдоод ирсэн. Тэгэхээр нь би автомашинаа зогсоогоод өөрөө буугаад харсан чинь Б.Нэргүй ахын Н.Батхүү гэдэг хүү авто машины дугуйн мөрний хооронд хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 97-100 дугаар тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 04-06 дугаар тал/ Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 07-10 дугаар тал/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-18 дугаар тал Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 21-26 дугаар тал/ Цогцсонд задлан хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 80-90 дүгээр тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 65, 66, 73, 74, 90, 91 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 110 дугаар тал/, Хохирлын баримт, тооцоо /хх-н 118-139 дугаар тал/ Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-н 140 дүгээр тал/ Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 144-145 дугаар тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-н 92-95дугаар тал/ зэрэг болно. 5 Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Шошийн ар” гэх газар, иргэн Б.Нэргүйн өвөлжөөний урд 2020 оны 04 дүгээр сарын 03- ний өдрийн 13 цагийн орчимд “Бонго-3” маркийн 41-13 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ бага насны /3 нас, 4 сар, 19 хоногтой/ Н.Батхүүг дайрч, амь насыг нь хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байхаас гадна тухайн зүйл хэсгийн 3-т заасан “хүний амь насыг хохироосон” хүндрүүлэх нөхцөл байдалтай байна. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гэмт үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд 6.687.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага байх ба шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь шүүхийн шатанд 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 2.687.700 төгрөгийн хохирол дээр шүүх хуралдааны шатанд 394.570 төгрөгийн хохирол нэмж 3.082.270 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүх хянан үзээд хохирогчийн зүгээс өөрийн өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, 2.082.270 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч Б.Бат-Эрдэнээс гаргуулан хохирогч Б.Нэргүйд олгохоор тогтов. Учир нь: Хохирогч Б.Нэргүй, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын хооронд байгуулагдаж буй “хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэж буй гэрээ бөгөөд энэ заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл биш тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохгүй болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: 6 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ял шийтгэлийн хэмжээ хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасаж, 02 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хохирогчийн нэхэмжилж буй хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж мэдүүлэг, тайлбар өгч байгаа боловч энэ нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан байна. Гэвч шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь “...хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг нөхөн төлнө, одоо мал туранхай байгаа, боломж гармагц даруй төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг өгч байгааг хохирогчийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг ойлголт нь хохирогчийн нэхэмжилж буй мөнгөн хөрөнгийн хэмжээтэй хөрөнгийг өөрийн дансанд байршуулсан, эсхүл тийм хэмжээний хөрөнгө мөнгөтэй болохоо нотлох баримтуудаар баримтжуулан шүүхэд ирүүлсэн байхыг ойлгох юм. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч И овогт Б.Б мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар И овогт Б.Б хохирогчид 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, 2.082.270 /хоёр сая наян хоёр мянга хоёр зуун далан/ төгрөгийг хохирогч Б.Н гаргуулан олгуулж, 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч И овогт Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан Б.Б оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Ялтан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Ялтан Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ