| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07357/И |
| Дугаар | 00313 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 00313
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 19-р байрны 17 тоотод байрлах, “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК /РД: 5001676/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10-р хороолол, энхтайвны өргөн чөлөө гудамж, үт 46-р байр, 9 тоотод байрлах, “Могул скай” ХХК /РД: 5087384/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 25-р байр, 39 тоотод оршин суух, Хатагин овогт Баатарцогтын Ганчимэг /РД: ЖЯ90031184/ нарт холбогдох,
89 840 500 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх, хариуцагч “Могул скай” ХХК-ийн итгэмжлэгдсэн Ц.Энхбүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, гуравдагч этгээд Д.Уранчимэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Б.Ганчимэг нь “Түмэн Эрхэс” ББСБ-аас 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 25/1-2011 тоот зээлийн гэрээгээр 15 000 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 25/2-2011 тоот зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлийн болон барьцааны гэрээгээр Д.Уранчимэгийн өмчлөлийн 2 өрөө байр нэг, 3 өрөө байр нэгийг тус тус барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс эхний саруудын хүүг тогтмол төлж байсан боловч 2014 оны 10 дугаар сараас хойш зээлийн хүү болон зээлээ төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн. Тус компанийн ББСБ нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг олон сар, өдөр шаардаж, удаа дараалан мэдэгдэх хуудас, ззэлийн тооцоо нийлж ирсэний дээр “Могул Скай” ХХК болон Б.Ганчимэг нар нь бидэнд удаа дараа хугацаа заан төлнө гэж явсаар онөөдрийг хүрч байна. Манайх Б.Ганчимэгтэй 2014 онд зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй үлдэгдэл төлбөрөө даруйхан хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцож байсан боловч одоо хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлээ төлөхгүй явсаар тус компанийг өнөөдрийг хүртэл хохироож байна. Одоо болохоор “Могул Скай” ХХК болон Б.Ганчимэг нар нь гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзаж, манайх ч зээлээгүй гэх зэргээр хариуцлагаас өөрсдийгөө булзайруулж байна. Тус зээлийн гэрээний тооцоог бодоход үндсэн зээлийн төлбөрт 41 668 000 төгрөг, түүний зээлийн хүү 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт хүүнд 48 172 500 төгрөг, нийт 89 840 500 төгрөгийн төлбөрийн тооцоо гарч байна. Иймд “Могул Скай” ХХК болон иргэн Б.Ганчимэг нараас 89 840 500 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед “Могул Скай” ХХК-ийн захирал Д.Болд түүнийн найз Д.Уранчимэг нар харилцан ярилцаж, намайг гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед би “Могул Скай” ХХК-д тооцооны нягтлан бодогч хийж байсан. Ямар нэг гэрээнд гарын үсэг зурах эрхтэй байгаагүй. “Могул Скай” ХХК нь надад итгэмжлэл, батлан даалт гаргаж гарын үсэг зуруулсан. “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК-иас авсан мөнгийг тэр өдөр нь “Могул Скай” ХХК-ийн кассанд бэлнээр нь тушаасан. Миний бие 2013 оны 02 дугаар сард “Могул Скай” ХХК-иас гарсан. Түүнээс хойш “Могул Скай” ХХК болон “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК-д хоорондоо харилцан мөнгө төлөлцөж байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 89 840 500 төгрөгийн 9 840 500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Могул скай” ХХК нь 80 000 000 төгрөгийг 6 сарын дотор буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сар бүр 13 333 333 төгрөгийг төлж барагдуулах, нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК нь хариуцагчаар Б.Ганчимэгийг татсан шаардлагаас татгалзаж, мөн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа татан авч байна гэжээ.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК нь хариуцагч “Могул скай” ХХК, Б.Ганчимэг нарт холбогдуулан 89 840 500 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 89 840 500 төгрөгийн 9 840 500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Могул скай” ХХК нь 80 000 000 төгрөгийг 6 сарын дотор буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сар бүр 13 333 333 төгрөгийг төлж барагдуулах, нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК нь хариуцагчаар Б.Ганчимэгийг татсан шаардлагаас татгалзаж, мөн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа татан авч зохигч эвлэрсэн нь талуудын эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Могул Скай” ХХК, Б.Ганчимэг нарт холбогдох, 89 840 500 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлага 89 840 500 төгрөгийн 9 840 500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 80 000 000 төгрөгийг хариуцагч “Могул скай” ХХК нь 6 сарын дотор буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор сар бүр 13 333 333 төгрөгийг төлж барагдуулах, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ганчимэгт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607 153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч“Могул Скай” ХХК-иас 557 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН