Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00322

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөний сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байранд байрлах, Хас банк /РД: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 44 дүгээр байр, 70 тоотод оршин суух, Олханууд овогт Пунцагийн Эрдэнэбилэг /РД: ЧК66012808/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 44 дүгээр байр, 70 тоотод оршин суух, Халх овогт Цэвэгмэдийн Мөнхбаатар /РД: ЦЖ72071917/ нарт холбогдох,

 

2 922 270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даагчийн хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны төлөөлөгч П.Болорсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мөнхбаатар нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хас банктай 1500007394 дугаар зээлийн гэрээ, 1500007394 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж, 8 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Энэ гэрээнд П.Эрдэнэбилэг нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд 2013 онд үйлдвэрлэгдсэн Toshiba маркийн 42 инчийн зурагт, 2013 онд үйлдвэрлэгдсэн Сони маркийн хөргөгч, цалингийн тогтмол орлогыг барьцаалсан. Ц.Мөнхбаатар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлөлгүй 282  хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Ц.Мөнхбаатар, П.Эрдэнэбилэг нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, санаатайгаар зайлсхийх хандлага гаргаж төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Ц.Мөнхбаатарын гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр 2 427 777 төгрөг, зээлийн хүү 456 033 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38 460 төгрөг, нийт 2 922 270 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Дээрх зээлийг сайн дураар төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс гаргаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь 2 922 270 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 487 045 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус тус бүрэн төлж барагдуулна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалуулсан 2013 онд үйлдвэрлэгдсэн Toshiba маркийн 42 инчийн зурагт, 2013 онд үйлдвэрлэгдсэн Sony маркийн хөргөгч хариуцагчдын бусад орлого хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, эвлэрлийн гэрээг судлаад      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хасбанк нь хариуцагч П.Эрдэнэбилэг, Ц.Мөнхбаатар нарт холбогдуулан 2 922 270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 2 922 270 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 487 045 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус тус бүрэн төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалуулсан 2013 онд үйлдвэрлэгдсэн Toshiba маркийн 42 инчийн зурагт, 2013 онд үйлдвэрлэгдсэн Sony маркийн хөргөгч болон бусад орлого хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хас банкны нэхэмжлэлтэй, П.Эрдэнэбилэг, Ц.Мөнхбаатар нарт холбогдох, 2 922 270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 2 922 270 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 487 045 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 487 045 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус тус бүрэн төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалуулсан 2013 онд үйлдвэрлэгдсэн Toshiba маркийн 42 инчийн зурагт, 2013 онд үйлдвэрлэгдсэн Sony маркийн хөргөгч хариуцагчдын бусад орлого хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 707 төгрөгийн тал хувь болох 30 853 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 30 853 төгрөгийг, хариуцагч 30 853 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                М.БАЯСГАЛАН