Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 116

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Хохирогч Б.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярхүү Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар А.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2031000090082 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг баамын ногоон байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урд дараах байдлаар ял шийтгэл хүлээж байсан: 1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жил хугацаагаар тэнссэн, 2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 05 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, 3.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, 01 жил хугацаагаар тэнссэн, 4.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 5.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ялаар шийтгүүлсэн, үндсэн ялаа эдэлж дууссанаас хойш 01 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авагдсан, А.Б РД:/МЮ80100978/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг “Баамын ногоон” гэх газарт байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Б, дагавар охин О.Ууганцэцэг нарыг үл ялих зүйлээр шалтаглан алхаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Б.Бын биед толгойн хуйханд няцарсан шарх, баруун зовхинд улаан хүрэн цус 2 хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, О.Ууганцэцэгийн биед толгойн хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий тус тус хөнгөн хохирол санаалтай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Б нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг “Баамын ногоон” гэх газарт байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Б, дагавар охин О.Ууганцэцэг нарыг үл ялих зүйлээр шалтаглан алхаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Б.Бын биед толгойн хуйханд няцарсан шарх, баруун зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, О.Ууганцэцэгийн биед толгойн хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий тус тус хөнгөн хохирол санаалтай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч А.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хардалтаас болоод эхнэртээ агсам тавьсан. Тэгээд алхаар цохисон. Харин охин маань бид хоёрыг салгах гэж урдуур орж ирээд алханд оногдсон. Маш их гэмшиж байна. Архи ууснаас болоод л гэмт хэрэг үйлдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул ахиж архи уухгүй. Ажил хийж амьдралаа сайн сайхан авч явах талаар хичээж амьдарна. ...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Бын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр маань ажилд орсон. Одоо гэмшиж ухаарч амьдарна, би нөхөртөө итгэж байна. Нөхөрт маань хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Бын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Өмнө А.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхээр 01 жилийн хорих ялаар шийтгүүлж 2019 оны 10 дугаар сард суллагдан гарч ирсэн юм. Тэгээд овоо архи уухгүй ухаарсан хүн шиг л байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд архи уучихсан согтуу байж байсан. Тэгээд яасан нь мэдэгдэхгүй бухимдаад л орж гараад яваад байсан. Тэгж байснаа “гадаа үүдэнд тавьсан байсан архи хаана байна” гээд надаас архиа нэхээд хэрүүл хийж байснаа гэнэтхэн миний баруун шанаа руу гараараа цохиод авахаар нь би “цагдаад дуудлага өглөө шүү” гэсэн чинь “тэгвэл чамайг нэг мөсөн алчихаад тэр шоронд чинь явчихъя л даа” гээд үүдний багажны хайрцагнаас төмөр иштэй алх аваад над руу шидсэн чинь миний зүүн чихний орчим оносон. ...Тэгээд алхыг надаас булааж аваад “чамайг алаад хаячихъя” гээд миний толгойны ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд манай охин О.Ууганцэцэг намайг хамгаалаад босож ирээд миний урдуур орсон чинь толгой руу нь бас алхаараа цохисон байсан. ...Миний толгой хагарч толгойноос маш их цус гарч би ухаан алдсан байсан. А.Быг цагдаа нар авч яваад манайхан түргэний эмч дуудаж, намайг эмнэлэг дээр авчирч толгойд 11 оёдол тавиулсан. ...А.Б нь миний хүүхдүүдийн эцэг учраас түүнээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/ Насанд хүрээгүй хохирогч О.Ууганцэцэгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны орой би унтахаар болоод орондоо ороод зүүрмэглэж байтал аав, ээж хоёр маргалдаад аавын дуу өндөрсөөд, агсраад эхэлсэн. Тэгээд ээжийг орилж хашхичаад зодуулаад байгаа юм шиг болохоор нь би босоод хартал ээжийн нүүр лүү аав цохисон бололтой ээж нүүрээ дараад орон дээр хэвтэж байсан. Аав гал тогооны шүүгээгээр хутга заазуур хайгаад түчигнүүлж 3 байгаад багажны хайрцагнаас алх аваад ээж рүү шидэхэд нь би урдуур нь орж зүүн гараараа хаасан чинь миний гарыг онож, ээжийн бас толгой руу оносон. Тэгээд газраас алхаа шүүрч аваад алхаараа ээжийг зодож би ээжийгээ хамгаалж урдуур нь орсон боловч огт тоохгүй “та хоёрыг өнөөдөр алж байж дуусна” гээд хашхичаад зодоод байсан. Тэгж зодож байхдаа миний толгойн орой, хойд хэсэгт алхаараа цохиж миний толгойг хагалж цус гаргасан. Тэгж байж байхад манай байрны хамаатны ах Энхзориг манай гэрт болж байгаа чимээ шуугианыг сонсоод орж ирээд аавыг тэвэрч аваад бид хоёроос салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд Энхзориг ах буцаад гараад явсан. Тэгэхэд нь аав алхаа хаячхаад ширээн дээр байсан заазуурыг аваад нэг гараараа ээжийг үсдэж аваад заазуураараа цохих гээд байж байхад нь Энхзориг ах болон хажуу айлын хүмүүс орж ирээд аавыг салгаад ээж бид хоёрыг гэрээс гаргаад Энхзориг ахын гэрт оруулж гаднаас цоожилсон. Манай дүү нар аав ээжийг алхаар зодож байхад шалдан нүцгэн гарч гүйж хүнээр цагдаад дуудлага өгүүлсэн байсан. ...Өмнө нь 2018 онд шиг санагдаж байна. Нэг удаа согтуу байхдаа хутганы ишээр миний нүд рүү цохиж, миний нүдийг хөхрүүлж байсан. Ээжийг бол согтох болгондоо ямар ч шалтаг шалтгаангүйгээр зоддог байсан. Харин дүү нарыг муухай орилж, хашхирч айлгаж агсам согтуу тавьж байдаг хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Гэрч Б.Номинцэцэгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэр орой аав бас л согтуу байсан. Тэгээд ээж тэр хоёр хэрүүл хийгээд аав ээжийг зодоод эхлэхээр нь Б.Намуунцэцэг эгч, Б.Төрбат дүү бид гурав гэрээсээ гарч зугтаасан. Гэрээс гарах үед аав ээж рүү алх шидэж байгаа харагдсан. Манай аав согтуу ирэх болгондоо ээжид агсам тавьж бид нарыг шөнөжингөө унтуулахгүй орилж хашхичиж хоногдог. ...ээжийг байнга л зодож агсам тавьдаг юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Гэрч Л.Бурмаагийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед зүс таних А.Б нь эхнэр Бүрнээг зодож нийтийн байрны хонгил коридороор хүүхдүүд нь уйлаад бөөн л орилж хашхирах чимээ гарахад би гэрээс гартал А.Бын хүүхдүүд нь манай гэрт орж ирээд ээжийг аав алх, заазуураар цохиж зодоод байна, очоод болиулаад өгөөч гэж гуйж уйлсан. Тэгээд би А.Бын гэр рүү дөхөж очтол “ойртох юм бол ална шүү” гэж А.Б хашхираад байхаар нь би айгаад ойртоогүй. Тэгээд эхнэр Бүрнээ нь уйлчихсан, толгойноос нь цус гарчихсан А.Баас зугтаж манай хойд айлын гэр рүү орсон. ...Манай хөрш айлын хүмүүс А.Быг байнга архи уудаг, эхнэр хүүхдээ зовоож, зодож нүддэг. Ер нь бол байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж ярьж байсан. Би энэ байранд нүүж ирээд удаагүй болохоор сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Гэрч М.Дэлгэрбаярын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би хувцсаа өмсөөд ороход А.Б нь эхнэр Б.Бын үснээс зуураад баруун гартаа жижиг алх барьсан тэр алхаараа Б.Быг цохих гэж байхаар нь би болиулаад, алхыг нь хаяулсан. Тэр хооронд эхнэр нь Б.Быг гэрээс нь гаргасан. ...Б.Бын толгойноос цус гарсан байдалтай, газар дөрвөн хөллөөд суусан, нөхөр А.Б үснээс нь зулгаагаад дарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, Гэрч Б.Сувд-Эрдэнийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эхнэр нь “аллаа” гээд орилоход хүүхдүүд нь уйлалдаад гэрээсээ гараад гүйж байгаа чимээ сонсогдоход нь би сандраад А.Бын гэрт явахад орсон чинь А.Б гартаа алх барьчихсан эхнэр лүүгээ далайгаад, эхнэр нь урд нь сөхрөөд суучихсан толгойноос нь цус гарч доошоо урсаад толгойгоо барьчихсан, хажууд нь манай байрны нэг залуу А.Быг “болиоч” гээд байж байсан. ...Манай нөхөр М.Дэлгэрбаяр нөгөө залуутай нийлж А.Быг барьсан алхыг нь булааж авсан. ...Том охин О.Ууганцэцэгийн чихнийх нь ар хэсгийг дагаад хүзүү рүү нь цус урсчихсан байсан ба ...”ээжийг авраарай, ээжийг авраарай” гээд уйлаад байсан....” гэх мэдүүлэг /хх-н 35-36 дугаар хуудас/, 4 Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай: “....1.Б.Бын биед толгойн хуйханд няцарсан шархтай, баруун зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай: “....1.О.Ууганцэцэгийн биед толгойн хуйханд няцарсан шархтай, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09 дүгээр хуудас/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 46-47, 50-51, 57-58, 62-63 дугаар хуудас/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 56, 60 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-92 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-99 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-104 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-109 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 110-114 дүгээр хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 128-129 дүгээр хуудас/, Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 130-131 дүгээр хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 137-141 дүгээр хуудас/, Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 143-147 дугаар хуудас/, 5 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 68-70 дугаар хуудас/, А.Бын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 72-73 дугаар хуудас/, А.Бын эрүүлжүүлэгдсэн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-84 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч А.Б нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг “Баамын ногоон” гэх газарт байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Б, дагавар охин О.Ууганцэцэг нарыг үл ялих зүйлээр шалтаглан алхаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Б.Бын биед толгойн хуйханд няцарсан шарх, баруун зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, охин О.Ууганцэцэгийн биед толгойн хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий тус тус хөнгөн хохирол санаалтай учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хүндрүүлэх үндэслэл тогтоогдсон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч А.Бын гэмт үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Бын биед толгойн хуйханд няцарсан шархтай, баруун зовхинд улаан хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл хохирогч О.Ууганцэцэгийн биед толгойн хуйханд няцарсан шархтай, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Б, О.Ууганцэцэг нар нь шүүгдэгч А.Баас эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Хохирогч Б.Б, О.Ууганцэцэг нар нь энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: 6 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цул төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч А.Быг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч А.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Б нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Ялтан А.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цул төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Ялтан А.Бт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭРДЭНЭХИШИГ