Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00083

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1964 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг Дэгийн овоо гэх газар оршин суух Бүүвэй овогт Рагчаагийн Оюун /РД:ГЗ64122402/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00061/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Оюун,

Гэрч: 1959 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг Хадат гэх газар оршин суух Боржгон овогт Долгорсүрэнгийн Батдэлгэр /РД:ГЗ59112716/,

Гэрч: 1959 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 3б хэсгийн 14-15 тоотод оршин суух Боржгон овогт Жалбаагийн Ламжав /РД:ГЮ59102017/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Рагчаа овогтой Оюун миний бие 1964 онд Булган аймаг Сайхан суманд төрсөн. Ам бүл 3 нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1984 онд буюу 16 наснаас эхлэн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба одоог хүртэл оршин сууж, ажиллаж байна. Цаашид өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдуулан ажилласан жилийн байдлыг тогтоолгох шаардлагатай байна. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр, баримт бичиг байхгүй тул Булган аймгийн Архиваас 1985, 1987-1991 онд ажиллаж байсан цалингийн цэсийн лавлагааг олголоо. Мөн 1984, 1986 оны цалингийн цэс Архивт дутуу байгаа тул тухайн онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Гэрч Д.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд 1980-1985 оныг дуустал нярав хийж байгаад 1986 оноос 1992 оныг дуустал буюу нэгдэл тартах хүртэл мал маллаж малчнаар ажиллаж байсан. Р.Оюун намайг 1980 онд ажилд ороход л нөхрийн хамт манай нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан гэв.

Гэрч: Ж.Ламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд 1973 оноос эхэлж аав, ээжийн хамт мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж 1980 онд цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ хоньчноор нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан. Тэр үед Р.Оюун манай бригадад нөхрийн хамт малчнаар хамт ажиллаж байгаад нэгдэл тарахад хувьдаа мал авч маллах болсо гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Оюун нь Булган аймгийн Сайхан сумын "Их-Эхлэлт" нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 57 дугаартай цалингийн лавлагаа, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бүүвэй овогт Рагчаагийн Оюуныг Булган аймгийн Сайхан сумын "Их-Эхлэлт нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар 08 /найм/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ