Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 00348

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4-р хороолол, 51 дүгээр, 6 тоотод оршин суух, Цагаан тайжууд овогт Дүгэрсүрэнгийн Долгорсүрэн /РД: ДЮ76041808/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 18/1 дүгээр байр, 17 тоотод оршин суух, Боржигон овогт Самбуугийн Сарантуяа /РД: АЯ66052960/-д холбогдох,

 

12 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Сарантуяатай 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Гэвч зээлдэгч нь тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгэхгүй зөвхөн хүүнд 2 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 10 хоногийн 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг, 58 хоногийн алданги 2 900 000 төгрөг, нийт 12 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч С.Сарантуяа 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Д.Долгорсүрэнгээс 10 000 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж авсан нь үнэн. Гэрээний хугацаанд хүү болон алдангид 2 500 000 төгрөг өгсөн ба үндсэн мөнгөө өгч чадаагүй байгаа. Үндсэн мөнгө алдангид нэхэмжилсэн 12 900 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өдөр бүр 100 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэн нь хариуцагч С.Сарантуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Сарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага 12 900 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өдөр бүр 100 000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Сарантуяад холбогдох, 12 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 12 900 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өдөр бүр 100 000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 950 төгрөгийн тал хувь болох 111 475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 111 475 төгрөгийг, хариуцагчаас 111 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН