Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/296

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Г.Баянбилэг, 

Шүүгдэгч Ө.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-д холбогдох эрүүгийн 2038004010342 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Ө.Б.

Шүүгдэгч Ө.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3-р баг “Мунгарийн халзан хөшиг” гэх улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Б- нь амбаар барих мод бэлтгэх зорилгоор 2020 оны 01 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Мунгарийн халзан хөшиг” гэх улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд 1.77 м.куб хэмжээтэй хэрэглээний нойтон шинэс модыг бэлтгэж, ойн санд 3.141.396 төгрөгийн хохирол учруулж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,
  • БНХАУ-д үйлдвэрлэсэн мод хөрөөдөх зориулалтай моторт хөрөө 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,
  • 3.5 метрийн урттай, 1.77 м.куб хэмжээтэй, 1.047.132 төгрөгийн үнэлгээтэй хэрэглээний шинэс модыг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
  • Хохирогч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3-р багийн нутаг 2020 оны 05 сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрийн хооронд янгир ямааны хяналт, шалгалтаар явж байхад “Мунгарагийн халзан хөшиг“ гэх газрын Ч.Б- гэх хүний өвөлжөөний газарт шинээр жижиг торхон байшин барьсан байсан. Тухайн байшингийн зургийг дарж бэхжүүлээд тусгай хамгаалалтын газрын даргадаа танилцуулахад экологийн цагдаа Ш-д танилцуул гэж хэлсэн. Ингээд Ш- цагдаад болсон явдлыг хэлсэн. ...дараа нь Ш- цагдаатай явж байхад Ч.Б-ийн малчин Ө.Б- нь мал харж байхдаа уг мод бэлтгэснээ хэлж байсан. ...хязгаарлалтын бүсэд хамаардаг юм. Экологийн хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын үед өөрийн өвөлжөөн дээрээ малчин Ө.Б-гээр үхрээ харуулахаар аваачсан. Тэгээд 20 орчим хоногийн дараа ирэхэд манай багийн иргэн Ц.М- нь малчин Ө.Б-гээр мод бэлдүүлчихээд авахаа болилоо гэхээр нь модонд хий мод хаяж байхаар гээд манай өвөлжөөн дээр авч ирээд пүнз барьсан байсан. Утасгүй сүлжээгүй байсан болохоор надад хэлж амжаагүй юм” гэх  мэдүүлэг /хх-ын 27-28 дугаар хуудас/,
  •   “Баяншишгэд” сум дундын ойн ангийн инженер М.Б-н 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай: “1. Ө.Б-гийн ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 42 ширхэг гол хуваасан хэрэглээний нойтон мод байв. 2. Уг мод бэлтгэсэн гэх газар нь 1 дүгээр мужид хамаарч байна. 3. Бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 1.047.132 төгрөг. 4. Хөвсгөлийн тусгай хамгаалалтын газарт хамаардаг бөгөөд хамгийн сүүлд Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хамгаалалтанд авсан байна. Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн тусгай хамгаалалттай газрын хязгаарлагдсан бүсэд Улаан-Уул сумын нутгийн хилийн заагт багтаж байна” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, байршлын зураг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,
  • Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “ойн санд учруулсан нөхөн төлбөрийн нийт хэмжээ 3.141.396 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 39 дугаар хуудас/,
  •  Шүүгдэгч Ө.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багийн нутагт “Мунгараг “гэх газарт Ч.Б- гэх хүний үхрийг өөрийнх нь өвөлжөөн дээр хөлсөөр харж байсан юм. Нутгийн иргэн Ц.М- надад байшингийн мод бэлдэж өгөөч гэж хэлэхээр нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байшингийн мод бэлтгэж өгөхөөр 10 гаруй нойтон мод унагааж бэлтгэсэн. ...Би Ч.Б-ийн өвөлжөөн дээр биеэрээ цагаалж амбаар барьсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/
  • Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт  /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Ө.Б-гийн  иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 52  дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар

зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Ө.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ө.Б- нь бусдын гуйлтаар амбаарын мод бэлтгэх зорилгоор 2020 оны 01 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3-р баг “Мунгарийн халзан хөшиг” гэх улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд 1.77 м.куб хэмжээтэй хэрэглээний нойтон шинэс модыг бэлтгэж, ойн санд 3.141.396 төгрөгийн хохирол учруулан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Ө.Б-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 3.141.396 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.Б- нь байгаль ойн санд учруулсан 3.141.396 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх-ийн 57/, мөн 2020 оны 08 сарын 12-ны өдрийн “нөхөн төлбөр 3.141.396 төгрөгийг барагдуулсан” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 58-59/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, учруулсан хохирол 3.141.396 төгрөгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ө.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүх хуралдаанд улсын яллагчаас “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б- нь ахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1.047.132 төгрөгийн үнэлгээтэй 1.77 м.куб модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1.047.132 төгрөгийн үнэлгээтэй 1.77 м.куб нойтон модыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Шүүгдэгч Ө.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.Б-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б- нь ахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ө.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1.047.132 төгрөгийн үнэлгээтэй 1.77 м.куб нойтон модыг хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ