Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 362

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Улаанхуаран” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/01478 дугаар шийдвэртэй, “Улаанхуаран” СӨХ-ны нэхэмжлэлтэй, М.Цэцэгмаад холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр, бусад зардалд нийт 6 174 306 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч М.Цэцэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр М.Цэцэгмаатай тус сууц өмчлөгчдийн холбооны харъяа 74 дүгээр байрны 1-4 дүгээр орцны хана, тааз, шалны засал чимэглэлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Түүний гаргасан төсвөөр ажлын хөлс, өртөг нийт 8 248 000 төгрөг гэж тохирч, урьдчилгаа 3 000 000 төгрөгийг бэлнээр баримтаар өгсөн. Дараа нь 4 дүгээр орцны замаскын ажил хийж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин 1 000 000 төгрөг бэлнээр авч, нийт 4 300 000 төгрөг авсан.

М.Цэцэгмаа нэмж мөнгө нэхэхэд нь эхэлж авсан материалын баримтыг өг гэхэд 125 уут замаск, 6 лааз будаг, зүлгүүр, цавуу, хоол унд зэрэг 3 172 000 төгрөгийн тооцоо гэж гар бичмэл өгсөн ба санхүүгийн баримт өгөөгүй. Би 125 уут замаск арай их байна гэхэд та нар надад итгэсэн гээд ажлаа орхиод явсан. 2, 3, 4 дүгээр орцны 5 давхарт хагас дутуу, 1-р орцны 4 давхар хүртэл замаск татсан өөр ямар ч ажил хийгээгүй. Урьдчилгаанд өгсөн 3 000 000 төгрөгийг Б.Одонцэнгэл гэдэг хүнээс 6 хувийн хүүтэй зээлж, М.Цэцэгмаад өгсөн байсан бөгөөд хүү төлсөөр ирсэн.

Монголын сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлд М.Цэцэгмаагийн гүйцэтгэсэн ажлыг шалгуулахаар хүсэлт гаргахад гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, төсвөөрөө засварын ажлаа хийгээгүй байна гэсэн. Засварын ажилд авсан 4 000 000 төгрөгөөс хийсэн ажлыг хасахад 3 787 306 төгрөгөөр хохироосныг илрүүлж, удирдах хяналтын зөвлөлийн төлбөрийн актыг гаргасан. Нийт 212 694 төгрөгөөр ажил хийсэн. Оршин суугчид хэл ам гаргаад байхаар нь Б.Гантулга гэдэг хүнээр 1 750 000 төгрөгийг төлж, материалыг өөрсдөө авч өгөөд ажлыг дуусгуулсан. Иймд Б.Одонцэнгэлд зээлийн хүүнд төлсөн 637 000 төгрөг, Б.Гантулгад төлсөн засварын ажлын хөлс 1 750 000 төгрөг, М.Цэцэгмаагаас гэрээний үүргээ биелүүлээгүй тул засварын ажилд урьдчилгаанд өгсөн 3 787 306 төгрөг, нийт 6 174 306 төгрөгийг М.Цэцэгмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Улаанхуаран” СӨХ-ны 74-р байрны орцны засварын ажлын төсвийг Монгол сууц өмчлөгчдийн холбооны дэд зөвлөлийн төсөвчин, нягтлан бодогч, гүйцэтгэх захирал нарын хүсэлтээр төсөвчин Б.Энхтогтохоор гаргуулсан. Төслийн эхний үе шатны ажил байсан учраас 74-р байрны засварын ажлын төсөв 2 орцонд хийх засварын өртгөөр 4 орцны ажлыг хийж гүйцэтгэхээр ажлаа эхэлсэн. Бид 4 орцны хана таазны хуулалт хусалт нөхөөс шавардлага тэгшилгээний ажлуудыг хийсэн бөгөөд энэ нь ажлын төсвийн гүйцэтгэлээр тодорхойлогдоно.

Тухайн байрны өмнөх засварууд мэргэжлийн бус хүнээр чанаргүй хийгдсэн тул ажиллагаа их байсан ба оршин суугчдаас биднийг ажил гүйцэтгэх явцад мэргэжлийн түвшинд хийж байгаад сэтгэл хангалуун байсан. Би засварын ажлын урьдчилгаа 3 300 000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй. 1 000 000 төгрөг нэмж аваагүй. Засварын ажилд 4 орцтой 5 давхар барилгын засварыг 200 000 төгрөгөөр хийнэ гэж байхгүй. Төсвийн хувьд 2 орцны хэмжээтэй хийсэн. Орцны тоо 2, 4 байгаа нь хамаагүй байсан. Учир нь би өөрийн нөөц бололцоог ашиглаад хийх зорилготой байсан. 4 орцоор хийх гэхээр 16 000 000 төгрөг болсон бөгөөд Д.Янжмаа төсөв хүрэлцэхгүй гээд 8 000 000 төгрөгөөр 2 орцны засварыг хийлгье гэхээр нь 2 орцны төсвөөр 4 орцонд хийгээд явж байсан.

Ажлаа 21 хоногийн гүйцэтгэлтэй явж байхад санхүүжилт дууссан шалтгаанаар харилцан тохиролцож ажлыг зогсоосон. Нэг м.кв талбайд 7 ажил хийж байгааг хэлсэн. Бусдад төлсөн мөнгөний хүү болон өөр хүнээр засвар хийлгэсэн зардлыг би төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хариуцагч М.Цэцэгмаагаас 3 087 306 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Улаанхуаран” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3 087 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цэцэгмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 64 347 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Улаанхуаран” сууц өмчлөгчийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие орцны засвар үйлчилгээ хийхээр “Улаанхуаран” СӨХ-той харилцан тохиролцсон. Энэ ажил нь цаашид СӨХ-ны Дээд зөвлөлтэй хамтран ажиллах ажлын эхлэл байсан тул ашиг харалгүйгээр засварын ажлын төсвийг 2 орцны төсвөөр гаргуулж, түүгээрээ 4 орцны засварыг хийж дуусгахаар болсон. Бид засварын урьдчилгаа 3 300 000 төгрөг авч, 4 орцны хана таазны хусалт, хуулалт, тэгшилгээ, замаск татах ажлыг бүрэн хийсэн бөгөөд санхүүжилт дуусч, дараагийн үе шатанд шаардагдах ажлын материал авах зардлыг нэхэмжлэхэд Д.Янжмаа мөнгөгүй болсон тул санхүүжилт олгох боломжгүй, бид үлдсэн ажлаа өөрсдөө хийнэ гээд ажлыг зогсоосон.

Иймд бид ажлын багажаа авч, техникээ тавьж байсан орцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч ямар ч хийгээгүй, материалаа ачаад ажлыг хаяад явсан гэж холбогдох нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж хэргийг шийдвэрлүүлсэн. Шүүх тус СӨХ-ны гүйцэтгэх захирал, гишүүд оролцож гаргасан танилцуулга, энэхүү танилцуулгад үндэслэж гаргасан акт зэргийг үндэслэл болгосон нь нэг талын эрх ашгийг бүрэн хамгаалсан, хууль тогтоомжоор эрх олгогдоогүй этгээдийн гаргасан акт буюу хууль бус шийдвэрийг үндэслэн алдаатай шийдвэр гаргасан. Бид 5 давхар байрны 4 орцны хана таазны хусалт, хуулалт, тэгшилгээ, замаск татах ажлыг хийсэн байтал ердөө 212 694 төгрөгөөр хийсэн гэж тооцон, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой.

Барилга хөгжлийн төвийн шинжээч нар нийт 3 666 507 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт гаргасныг шүүх харгалзалгүй бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах шүүгчийн захирамжийг хэрэгжүүлээгүй. Хэрэгт зөвхөн нэхэмжлэгчийн уг хэрэгт хамааралгүй, бидний гүйцэтгэсэн ажлын биш өөр орцны зургууд авагдсан, мөн биднээс үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн зэрэг хуурамч нотлох баримтууд авагдсан байсан. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Гантулгатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс үзвэл бид уг байрны 4 орцны хана таазны хусалт, хуулалт, тэгшилгээ, замаск татах ажлыг бүрэн хийсэн байсан нь харагддаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Улаанхуаран” СӨХ нь хариуцагч М.Цэцэгмаад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болон бусад зардалд нийт 6 174 306 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

“Улаанхуаран” СӨХ дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үнэд 4 000 000 төгрөгийг урьдчилан авсан атал тохирсон ажлыг хийхгүй, орхин явснаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн Хяналтын зөвлөлөөс манай холбоонд 3 787 306 төгрөгийн төлбөрийн акт тавьсан гэснийг, хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу нийт ажлын 70 хувь буюу 5 700 000 төгрөгийн ажил хийсэн, санхүүжилтгүйн улмаас ажил зогссон гэж тайлбарлан маргажээ. /хх 25-28/

Шүүх, хариуцагч М.Цэцэгмааг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ажлын урьдчилгаа төлбөрт 3 300 000 төгрөг авсан, ажлын гүйцэтгэл нь нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажлыг шалгасан Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн шалгасан актаар 212 694 төгрөгөөр тогтоогдсон гэх агуулгаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал тухайн засварын ажлын төсөв болон гүйцэтгэлтэй холбогдуулан шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Барилгын хөгжлийн төвийн магадлалын хэлтсийг шинжээчээр томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх 91-103/

Харин Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг шүүгч орхигдуулсан нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзнэ.

Энэ утгаараа хариуцагч М.Цэцэгмаа хэргийн оролцогчийн хувьд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шинжээч томилуулахаар гаргасан түүний хүсэлт шийдвэрлэгдсэн гэх боломжгүй бөгөөд шүүх шийдвэртээ тухайн дүгнэлтийг үнэлээгүй үндэслэлээ заагаагүй байна.

Дээрх тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой. Нөгөө талаар шинжээчийн дүгнэлт дахин хийлгэж болох талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасныг анхаарах байжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/01478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА