Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 846

 

 

    2020       09          21                                      2020/ШЦТ/846

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Л.Мажигсүрэн; 

шүүгдэгч: Б.Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “Блю Дот” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Г нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Сүxбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга Морьтын зуслан дээр согтуурсан байх үедээ эхнэр А.Норжиндуламыг “танай дүү намайг зодлоо” гэж уурлан улмаар түүний толгой, уруул тус газарт нь гараараа цохих зэргээр эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /xx-ийн 5-6/, хохирогч А.Норжиндулам /xx-ийн 14-15/, гэрч А.Бямбасүx /xx-ийн 16-17/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9600 дугаартай шинжээчийн дүгнэлт /xx-ийн 24-25/, шинжээч М.Аригуунтөгсийн мэдүүлэг /xx-ийн 28-29/, Б.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /xx-ийн 33-39, 52-53/, А.Норжиндуламын хүсэлт /xx-ийн 50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны оройн 20 цагийн орчимд Сүxбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга Морьтын зуслан дээр эхнэр А.Норжиндуламыг “танай дүү намайг зодлоо” гэх шалтгааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч А.Норжиндуламын /xx-ийн 10/: “... 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүxбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьтод зуслангийн байшинд миний нөхөр Б.Г, ээж Должинсүрэн нарын хамт гадаа сууж байхад нөхөр Б.Г, дүү А.Бямбасүx нар 2 шил архи ууж байгаад хоорондоо маргалдаад байхаар нь А.Бямбасүx түүнийг “мангасдаад” хамрыг нь хумсаараа урсан. Тэгсэн чинь Б.Г намайг “дүүгээ өмөөрлөө” гээд гар утасны өнцгөөр толгой руу цохиж хагалсан, өшиглөж, гараараа өчнөөн цохисон. Б.Г нь “танай дүү намайг зодлоо” гэсэн шалтгаанаар гар утас барьж байсан гараараа миний толгой хэсэгт 2 удаа, уруул хэсэгт 1 удаа цохисон. Миний биед учирсан зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, дээд уруулд язрал, цус хуралт, няцрал, тархи доргилт зэрэг гэмтлийг манай нөхөр Б.Г учруулсан. Манай дүү намайг ямар нэгэн байдлаар зодоогүй. Би тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эм бичиж өгсөн. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Бямбасүхийн /xx-ийн 17-18/: “... 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Шарга Морьтод ээжийндээ зуслан дээр охиныхоо хамт очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Г ах “хоол хийгээд хоноод яв” гээд бид нар ууж, даалуу тоглосон. Тэгээд тоглож сууж байгаад Б.Г ах намайг доромжлоод янз бүрээр хэлээд эхэлсэн. Намайг “тостой жолооч, тоостой алчуур” гэхээр нь “та больчихоо” гэсэн чинь “би хууль зохиолцсон хүн шүү, намайг цохичих” гээд нүүрээ өгөөд байхаар нь цааш нь түлxсэн. Б.Г ах “гар хүрлээ, цагдаа дуудна” гээд дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирсэн. Тоглож байхад гэнэт согтоод эхэлсэн. Намайг байхад Б.Г нь А.Норжиндулам эгчийг зодож цохиогүй. Би Б.Г ахтай муудалцаж түүнийг түлхчихээд, ээжийнхээ байшинд орчихсон байсан...” гэх мэдүүлгээр

 

     А.Норжиндуламын биед “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, зүүн шуу, нуруу, баруун гуя, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэ, өгзөгт цус хуралт” бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9600 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 24-25/,

 

              Б.Гын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 6/: “...бид нар хоол идэж согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байгаад эхнэрийн дүү болох А.Бямбасүxтэй маргалдаад А.Бямбасүx нь гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Эхнэр болон ээж бид хоёрыг салгах үед эхнэр А.Норжиндуламд “чи дүүгээ өмөөрлөө” гэж хэлээд ороод цагдаад дуудлага өгсөн. Гэртээ орчихоод буцаж гарч 00 ороод гэр лүү явж байхад А.Бямбасүx намайг ална гээд газар 3 удаа тонгорч унагаагаад өшиглөсөн. Тэр үед ээж Должинсүрэн гарч ирээд бид хоёрыг салгаж би гэртээ орсон. ...би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртэйгээ эвлэрсэн, уучлалт гуйсан, дахин ийм үйлдэл гаргахгүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...“ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Гын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

хохирогч А.Норжиндуламын “...нөхөр Б.Гтай эвлэрсэн тул ямар нэгэн гомдол саналгүй, хохирлын талаар маргаан байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү“ гэсэн байр суурь хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ