Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00369

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр, 8 дугаар баг, рашаант 6 дугаар гудамж, 13 тоотод оршин суух, Боржигон зузаан овогт Цэрэнтогтохын Даваадорж /РД: ЙЮ90081315/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон бюлдинг-309 тоотод байрлах, “Атмор” ХХК /РД: 5201802/-д холбогдох,

 

2 460 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

24 821 895 төгрөг, барилгын ажлын зураг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Даваадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгобаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, гэрч С.Сүхбаатар, Ч.Баттөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “Атмор ХХК”-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, “Монгол Дайван ХХК”-д барилгын хяналтын инженерээр 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг суманд хэрэгжиж буй “Атмор 27 айлын орон сууц” С блокийн барилга дээр хяналтын инженерээр ажилласан. Ажиллах явцад гаргасан зөрчил дутагдалгүй, гэрээний үүргээ биелүүлж байсан. Харин гэрээ байгуулсан тал болох “Атмор” ХХК нь гэрээний 1.1.3-т заасны дагуу ажлын хөлсийг надад төлөхөөс татгалзсан. Иймд ажлын хөлс болох 2016 оны 8 дугаар сарын үлдэгдэл хөлс 200 000 төгрөг, 9 сарын үлдэгдэл хөлс 850 000 төгрөг, 10 сарын үлдэгдэл хөлс 1 350 000 төгрөг, Баянхонгор аймгийн Баянлиг сумаас Улаанбаатар хот руу ирэх замын зардал болох 60 000 төгрөг, нийт 2 460 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Атмор” ХХК-ийн төлөөлөгч С.Дэлгэрбаяр шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Даваадорж нь “Атмор” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулан, Баянхонгор аймгийн Баянлиг сумад “Атмор-24 төсөл”-ийн хүрээнд баригдаж байгаа 9 айлын орон сууцны барилгын хяналтын инженерээр төсөл дуусах хүртлэх хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Ц.Даваадорж нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, орон сууцны барилгыг барихад шаардлагагүй их хэмжээний бараа материалыг захиалж компанид хохирол учруудсан гэх үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан. Компаний нягтлан бодох бүртгэлийн бүртгэлд бүртгэлийг шүүн үзэхэд нэхэмжпэгч Д.Даваадоржид манай компаний зүгээс төлөх ямар нэгэн цалингийн өглөг байхгүй бөгөөд 160 395 төгрөгийн авлагтай байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Атмор” ХХК-ийн төлөөлөгч С.Дэлгэрбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Даваадорж нь “Атмор” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулан Баянхонгор аймгийн Баянлиг сумад “Атмор-27 төсөл”-ийн хүрээнд баригдаж байгаа 9 айлын орон сууцны барилгын хяналтын инженерээр төсөл дуусах хүртлэх хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Ц.Даваадорж нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, орон сууцны барилгыг барихад шаардлагагүй их хэмжээний бараа материалыг захиалж компанид дараах хохиролыг учруулсан байна. Үүнд, “Атмор-27” төслийн хүрээнд Баянхонгор айгмийн Баянлиг суманд баригдсан 3 давхар 9 айлын орон сууцны барилгыг ажлын гадна халаалт, ЦБУ-ны магистраль шугмын үе шатны угсралтын ажил, тоноглол угсралтын ажиллуудыг БНбД, БД-ыг зөрчсөн, угсралтын хийцлэл болон материапын орц нормыг санаатай буруу тооцоо гаргаж, туслан гүйцэтгэгч, компаний инженер, ажилчдад тулган шаарлага тавьж гүйцэтгүүлснээс болж халаалт, ЦБУ-ны дагалдах шугмын лоткины ханы хийцийг 250 мм-ийн зузаантай тоосгон өрлөгийг 120 мм-ийн хана болгож өрүүлсэн. Уг ханын 2 талаас нь шавардлага, ус чийгнээс хамгаалах түрхлэгийг хийлгүй, шуудуйг шороогоор булуулсан. Бохир усны худгийн өрлөгт ханыг инженерийн зүгээс шаардпага тавьж, шавардуулаагүй. Ус чийгнээс хамгаалах түрхлэг хийгээгүй зэрэг нь улсын комисс ажиллах үед шалгалтаар илэрч, уг ажлыг дахин гүйцэтгэх шаардлагын дагуу зөрчлийн актыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэн доголдолыг арилгахад шаардлагтай зардлын тооцоог хийж үзэхэд 20 661 500 төгрөгийн төсөв гарсан байна. Нэхэмжлэгч Ц.Даваадорж нь хөлсөөр ажиллах гэрээний үүргийг зөрчин барилга угсралтын ажил, гадна дотор засалын үе шатны ажил, гадна цэвэр бохир усны шугам монтаж тоноглол угсралтын ажил, халаалтын монтаж, тоноглол угсралтын ажиллуудыг захиалагч талыг төлөөлөн талбайн инженерээр томилогдон ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх ажлын талбайн хэмжээ, үе шатны ажлын задаргаа, ажилбар, хэмжээний орц, нормыг буруу алдаатай тооцоо гаргаж, санаатайгаар бараа материалыг хит их илүүдэлтэй захиалага өгч 23 593 518 төгрөгийн татан авалт хийж компанид тээврийн болон ажиллах хүчний хохирол учруулсан. Нэхэмжлэгч Ц.Даваадорж нь “Хөлсөөр ажиллах гэрээ” цуцлагдах үед дээр дурьдсан барилгын улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан баримт бичгийг эх хувиар нь авч явж, компаний бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, талуудын хооронд байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 4-р зүйлийн 4.2.2, 5 дугаар зүйлийн 5.1 хэсэгт заасан үндэслэлээр “Атмор-27” төслийн хүрээнд Баянхонгор айгмийн Баянлиг суманд баригдсан 3 давхар 9 айлын орон сууцны барилгыг ажлын гадна халаалт, ЦБУ-ны магистраль шугамын үе шатны угсралтын ажил, тоноглол угсралтын ажиллуудыг БНбД, БД-ыг зөрчин гүйцэтгэсний улмаас учирсан хохирол 20 661 500 төгрөг, илүүдэл бараа материалыг татан авах болон нийлүүлэхэд гарсан тээврийн зардал 4 000 000 төгрөг, ажил үүргээ гүйцэтгэх явцадаа тавьсан өр 160 395 төгрөг, барилгын ажлын эх хувь зургыг эх хувиар нь гаргуулах. Үүнд, нүүр хуудас магадлалын ерөнхий дүгнэлттэй, тамгатай эх хувь-1ш БА-17хуудас, ББ-32 хуудас, ХАС-10 хуудас, ЦБУ-6 хуудас, ХТ-10 хуудас, ДГ-2 хуудас, ХД-8 хуудасыг нийт 24 821 895 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Даваадорж шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Баянлиг суманд “Атмор-27 төсөл” дээр барилгын хяналтын инженер авч ажиллуулсан ба миний бие гэрээний шаардлагын дагуу ажил гүйцэтгэсэн. Би барилгын талбай дээр очоод барилгын талбай дээр байсан барилгын материалын зургийг авсан. Мөн их хэмжээний барилгын материал захиалсан гэдгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл барилгын материалын төсөв байдаг. Энэ төсвийн дагуу барилгын хяналтын инженер материал захиалж ерөнхий инженерт танилцуулдаг. Ерөнхий инженер хянаж үзээд материалаа авдаг. Энэ зарчмаар ажилласан. Гэтэл “Атмор” ХХК-д ерөнхий инженер байхгүй. 2015 онд материал талбай дээр үлдсэн. Тэр материалын зардлыг хотруу буцаж ачихад надаас материалын зардал нэхэж байгааг ойлгохгүй байгаа. “Атмор-27 төсөл”-ийн хүрээнд гадна цэвэр бохир усны ажил, цахилгааны ажил гүйцэтгэхэд барилгын норм дүрэм хангаагүй 250 мм-ийн тоосгон ханыг 120 мм болгож өрүүлсэн гэж байгаа. Гадна дулаан, цэвэр бохирын ажлын ажлын зураг төсөл байхгүйгээр, сантехникын инженер байхгүйгээр, ерөнхий инженерийн заавраар гүйцэтгэгч “Маш ариун” ХХК-ийн захирал нь өөрөө байсан. Би ажил хийж байх явцад нь барилгын норм дүрмийн дагуу хяналтын инженерийн хувьд шаардлага тавьсан. Би талбайн инженерээр ажиллаагүй. Би барилгын хяналтын инженерээр ажиллаж байсан. Барилгын талбайн инженер барилгын хяналтын инженер 2 нь ялгаатай ажил. Барилгын хяналтын инженер нь барилгын норм, дүрмийг барьж ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг хянаж ажиллах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу шаардлага тавьхад “Маш ариун” ХХК-ийн захирал н.Баттөгс, түүний туслан гүйцэтгэгч н.Доржхорлоо нар нь эсэргүүцээд “Атмор” ХХК-ийн еренхий инженер н.Байгалмаа нар хоорондоо утсаар ярьж байгаад тэр ажлыг өөрсдөө хийж гүйцэтгсэн. Акт бичиг баримтаа бүрдүүлээд өөрсдөө улсын комисст өгсөн. Үүнээс үүдэн гарах хариуцлагаа өөрөө хүлээнэ гэсэн нотлох баримт нь надад байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тавьсан өр гэж байгаа. Энэ яах гэж тавьсан өр гэхээр би манаач, нягтлан гэх мэт барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийнхээ хүнсний хэрэгцээг хангах мөнгийг хариуцагч компаниас тавьж өгдөггүй. Энэ мөнгөө өгөхийг шаардахаар наанаасаа дэлгүүрээс зээлээд болго. Дараа нь чиний цалин дээр нэмээд өгнө гэдэг байсан. Би ажилчдынхаа хэрэгцээг хангахын тулд дэлгүүрээс зээл тавьж хүнсний зүйл авсан. Барилгын ажлын эх хувь зураг гэж байна. Надад байгаа зургууд нь эх хувь биш. Надад барилгын ажлын холболтын зураг байгаа. Энэ эх хувь биш. Холболтын зураг байна гээд ерөнхий инженер, төслийн менежер шаардлага тавихад бид нар зургийн компанитай асуудалтай байгаа учраас зургийн эх хувь нь байхгүй гэж хэлсэн. Би барилгын төсвийн дагуу материалыг захиалсан. Та нар өөрсдөө ачиж ирсэн. 4 000 000 төгрөгийн зардал гараагүй гэдгийг хэлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Даваадорж нь хариуцагч “Атмор” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 2 400 000 төгрөг, тээврийн зардал 60 000 төгрөг, нийт 2 460 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Атмор” ХХК нь нэхэмжлэгч Ц.Даваадоржид холбогдуулан хохирол 24 821 895 төгрөг, барилгын ажлын нүүр хуудас магадлалын ерөнхий дүгнэлттэй, тамгатай эх хувь-1 ширхэг, БА-17 хуудас, ББ-32 хуудас, ХАС-10 хуудас, ЦБУ-6 хуудас, ХТ-10 хуудас, ДГ-2 хуудас, ХД-8 хуудас эх хувь зургыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...ажлын хөлсийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн” гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас болж хариуцагчид хохирол учраагүй, ...барилгын зургийн эх хувийг аваагүй” гэж тус тус үгүйсгэн маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлээс ажлын хөлс 2 400 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болохоор заасан байх бөгөөд мөн зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

 

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Б/01 дугаар “хөлсөөр ажиллах гэрээ”-ээр нэхэмжлэгч нь хариуцагчийн хэрэгжүүлж буй Баянхонгор аймгийн Баянлаг суманд баригдах орон сууцны ажилд хяналтын инженерээр ажиллах, хариуцагч нь ажлын хөлсөнд эхний 2 сар 1 300 000 төгрөгийг, цаашид 1 500 000 төгрөгийг сар бүр нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд талууд харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх 5 дугаар тал/ Түүнчлэн, зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байх тул гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудыг байгуулсан гэж үзэхээр байна.

 

Гэрээний агуулга, зүйл, төлбөр төлөх нөхцөл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид гэрээний 1.1.1, 1.1.2-т заасан газар хяналтын инженерээр ажиллах, хариуцагч нь гэрээний 1.1.3-т заасан хөлс төлөх үүрэг талуудад үүссэн байна. Харин хавтаст хэрэгт “Монголдайван” ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 166 17/01 дугаар ажилд томилох тушаалыг хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Учир нь талууд 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/01 дугаар “хөлсөөр ажиллах гэрээ”-ний талаар болон гэрээний оролцогчид, гэрээний дагуу үүссэн үүрэг, үйл баримтын талаар маргаагүй.

 

Гэрээний хугацааг талууд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хэрэгжихээр тохиролцсон боловч дуусах хугацааг тохиролцоогүй байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй буюу талууд маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болох тул талуудын хоород байгуулсан гэрээний үүрэг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсний хөлсөнд нийт 5 600 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаагаар нэхэмжлэгчид 2016 оны 6, 7, 8, 9 сарын ажлын хөлсөнд нийт 4 463 333 төгрөгийг төлж, 1 136 667 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдож байна. Иймд хариуцагчийн ажлын хөлсийг бүрэн төлсөн гэх тайлбар үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ажлын хөлс 1 136 667 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Замын зардал 60 000 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс болж нэхэмжлэгчид замын зардал 60 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар замын зардалд 60 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлээс хохирол 20 661 500 төгрөг, илүүдэл бараа материалыг татан авах болон нийлүүлэхэд гарсан тээврийн зардал 4 000 000 төгрөг, ажил үүргээ гүйцэтгэх явцадаа тавьсан өр 160 395 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагчид 20 661 500 төгрөгийн, мөн илүүдэл бараа материалыг татан авах болон нийлүүлэхэд гарсан тээврийн зардалд 4 000 000 төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад 160 395 төгрөгийн хүнсий бүтээгдэхүүнийг зээлээр авсан гэх боловч уг төлбөрийг хариуцагч төлсөн нь баримтаар тогтоодохгүй байх тул хариуцагчид 160 395 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлээс барилгын ажлын эх хувь зураг буюу нүүр хуудас магадлалын ерөнхий дүгнэлттэй, тамгатай эх хувь-1ш БА-17хуудас, ББ-32 хуудас, ХАС-10 хуудас, ЦБУ-6 хуудас, ХТ-10 хуудас, ДГ-2 хуудас, ХД-8 хуудас баримт гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь дээрх баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь, мөн тухайн баримтууд нь нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа нь тус тус нотлох баримтаар тогтоодохгүй байна. Иймд хариуцагч нь барилгын ажлын эх хувь зураг буюу нүүр хуудас магадлалын ерөнхий дүгнэлттэй, тамгатай эх хувь-1ш БА-17хуудас, ББ-32 хуудас, ХАС-10 хуудас, ЦБУ-6 хуудас, ХТ-10 хуудас, ДГ-2 хуудас, ХД-8 хуудас баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 1 136 667 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 323 333 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Атмор” ХХК-иас 1 136 667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Даваадоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 323 333 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Даваадоржид холбогдох, хохирол 24 821 895 төгрөг, барилгын ажлын нүүр хуудас магадлалын ерөнхий дүгнэлттэй, тамгатай эх хувь-1 ширхэг, БА-17 хуудас, ББ-32 хуудас, ХАС-10 хуудас, ЦБУ-6 хуудас, ХТ-10 хуудас, ДГ-2 хуудас, ХД-8 хуудас эх хувь зургыг гаргуулах тухай хариуцагч “Атмор” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 310 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 059 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 31 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН