Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1026

 

 

 

 

 

 

 

 

2020         09                22                                      2020/ШЦТ/1026

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н,   

Улсын яллагч Х.О,  

Хохирогч Г.С түүний өмгөөлөгч Г.Х,

Шүүгдэгч Ү.Б түүний өмгөөлөгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд   нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогтой Ү-ын Б-д холбогдох 2008000001177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бодь транс” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 3, нагац ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чухаг хотхоны 32а дугаар байрны 37 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогтой Ү-ын Б /РД:................/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч Ү.Б нь 2020 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах хүнсний дэлгүүрийн урд “тамхи гуйж, доромжилсон” гэх шалтгааны улмаас иргэн Г.С-ын нүүрэн тус газар нь гар болон хөлөөрөө цохиж, өшиглөн түүний биед “баруун талын хоншоор ясны урд, дотор ханын хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, доод баруун 6-р шүдний эмтрэл, баруун нүдний доод зовхи, баруун эгэм, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ү.Б 2020 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн цагт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны хойд талд байрлах хүнсний дэлгүүрийн урд “тамхи гуйж, доромжилсон” гэх шалтгааны улмаас иргэн Г.С-тай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :        

- хохирогч Г.С-ын ...2020 оны 07 сарын 13-ны өдөр найз охин М , найз Л , Б  бид нар “Лаурус” нэртэй караокед 23 цаг 30 минутын орсон. Тэнд ороод бид 0,5 савалгаатай 9-н шил пиво захиалж уусан. Би хоёр шил пиво уусан. Бид нар шөнийн 00 цагийн орчим караоке хаах үед караокенээс гараад караокенээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд тамхи татаж байхаар нь би тэр хоёр дээр очоод ганц тамхилчихаач гэж хэлсэн. Эмэгтэй нь надад 1 ширхэг тамхи гаргаж өгсөн...Би найз Л , М  хоёр хамт замын цагдаагаар хойш зам гарах гээд зогсож байхад 1 өндөр залуу намайг дуудаад хоёул уулзъя гэж хэлсэн. Би зөвшөөрөөд тэр залууг дагаад дэлгүүрийн хажууд очсон. Тэр үед Б гэж залуу миний араас ирээд “энэ байна” гэж хэлээд миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Миний гарт байсан гар утас газар унахаар нь би гар утсаа авах гээд доошоогоо тонгойх үед миний нүүр рүү Б нэг удаа өшиглөсөн. Б намайг зуурч татаад хоёр гараараа ээлжлээд миний толгой, нүүр рүү цохисон. Би Б-д татуулаад эрчиндээ толгойгоороо дэлгүүрийн ханыг очиж мөргөсөн, цагдаад дуудлага өгсөн...Би Бат- Эрдэнэ гэж залууг нэг эмэгтэйн хамт зогсож байхад нь тамхи очиж гуйсан байна лээ, тэрэнд Б дургуйцэж миний араас ирж зодсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-8/,  

- гэрч Ч.М гийн...2020 оны 07 сарын 13-ний өдөр С  бид хоёр найзууд болох Л , Б  нарын хамт пиво уусан...бид нар 23 цаг 50 минутын үед караоке хаах үеэр гарсан. Бид нар караокений гадаа гараад юм яриад зогсож байхад караокенээс эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гарч ирсэн. С  тэр хоёр хүн дээр очоод тамхи асуухад эмэгтэй нь С ад тамхи өгсөн. Бид нар зүүн тийш алхаж байгаад Б  гэр рүүгээ харилаа гээд явсан. Л , С  бид гурав замаар хойшоо гарах гээд зогсож байхад улаан өнгийн фудволктой залуу бид гурвын араас дуудаад тамхи байна уу гэж асуусан. С  тамхи байхгүй гэж хэлсэн. Цаанаас нь 4-5 залуу хүрээд ирсэн. Нэг өндөр залуу нь С ыг нааш ир гээд дагуулаад дэлгүүрийн харанхуй руу явсан. Тэр үед Б гэж залуу С ын хажуу талаас нүүр рүү нь өшиглөсөн. Б гэж залуу С тай зууралдаад хоёр гараараа толгой руу нь ээлжилж цохиод дэлгүүрийн хажуугийн хана руу шахаад зодоод байсан. Би голоор нь орж салгах гэтэл Б гэж залуу С ыг тавиад эргэж хараад миний нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон...”гэх мэдүүлэг /хх-17-20/, 

- гэрч А.Ж-гийн “...найз Б болон бусад найзууд бид 2020 оны 07 сарын 13-ны 23 цаг өнгөрч караокений цаг нь дуусаад бид нар төлбөр тооцоогоо хийгээд гарахаар болсон, би Б-тэй түрүүлж гараад караокений үүдэнд тамхи татаж байхад нэг залуу бид хоёр дээр ирээд тамхи байна уу гэж асуусан. Б юм дуугарахгүй байхаар нь би нэг ширхэг тамхи тэр залууд гаргаж өгсөн. Тэр залуу тамхи авчихаад баярлалаа гэж хэлэлгүй явахдаа Б рүү хараад тамхины мэдэлгүй мангар бацаан юугаа хараад байгаа юм бэ гэж хэлээд цаашаагаа явсан. Б бид хоёр юм ярилгүй буцаад орсон. Б 00 орно гэж хэлээд алга болсон. Бид нар Б-ийг хайгаад олоогүй. Бид нар зүүн тийшээгээ алхаж байхад замын цагдаагийн явган хүний гарц дээр дэлгүүрийн ард 2-3 хүн зогсож байсан. Бид нар ойртоод Б-ийг байна уу үгүй юу гэж бодоод очиход тэдгээр залуусын дунд байсан хохирогч С  гэж залуу өөрийгөө “Сонгины төк” байна. Та нар хэн юм бэ гэж хэлэхэд бид нар найз нараа хайж байна гэж хэлээд буцаад явахад Б ирж таарсан. С  гэж залуу Б-тэй хэрэлдээд хоорондоо зодолдсон. Би Б-ийг салгаж холдуулсан...”гэх мэдүүлэг /хх-26/,

- шинжээчийн дүгнэлт:...Г.С-ын биед баруун талын хоншоор ясны урд, дотор ханын хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, доод баруун 6-р шүдний эмтрэл, баруун нүдний доод зовхи, баруун эгэм, цээж, баруун, зүүн бугалганд цус алт, баруун хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. эрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 13.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-31-32/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / х-63/,

- шүүгдэгч Ү.Б-ийн ...2020.07.13-ны өдөр найз Жаргалмаатай хамт байж байгаад орой 22 цагийн үед Лаурус нэртэй караокений гадаа ирээд манай найзууд болох Бямбасүрэн, Одгэрэл, Далайжаргал гуравтай уулзсан. Бид хэд 22 цаг өнгөрч байхад караоке орсон. Бид хэд 0,75 литрийн архи хүний 0,5 литрийн хоёр пиво захиалж уусан. Би 23 цаг өнгөрч байхад найз эмэгтэй Жаргалмаагийн хамт караокений гадаа тамхи татах гэж гарсан. Жаргалмаа С  гэх залууд нэг ширхэг тамхи өгсөн. С  гэх залуу тамхи аваад цаашаагаа явах замдаа тамхины   мэдэлгүй банди байна ш дээ гэж хэлсэн...Тэгээд би найз нараа хайгаад явж байхад явган хүний гарцны хажууд манай найз нар тамхи гуйсан залуутай явж байхад явган хүний гарцны хажууд манай найз нар тамхи гуйсан залуутай маргалдаж байсан. Би яваад очиход надаас тамхи гуйсан залуу намайг харчихаад нөгөө тамхины мэдэлгүй банди чинь танай найз чинь юм уу гээд манай найз нарт хэлсэн. Миний уур хүрээд С ын нүүр лүү нь  гараа атгаж байнаад 1 удаа цохиход зөрүүлээд миний нүүр лүү цохисон. Би С  гэх залуугийн нүүр рүү 1 удаа өшиглөсөн, зууралдаад 2 гараараа ээлжлээд толгой руу нь цохиод дэлгүүрийн хажууд очсон...Би хохирогч С ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /хх-46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.      

Иймд шүүгдэгч Ү.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт баримтаар 617,200 төгрөг нэхэмжилсэн /хх-66-67, 73, 78-79/ байх ба тус хохирлыг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд төлж барагдуулжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид ухархайн болон хамрын хугарал засах мэс ажилбар хийлгэхэд 2.600.000 төгрөг, мөн тус мэс ажилбар хийлгэхийн тулд хийлгэх шинжилгээ зэрэгт зарцуулах хохирол нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримт хангалтгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч нь хохирогчид учирсан дээрх хохирлыг хохирогчийн хамт үнийн судалгаа хийж, улмаар нийт зарцуулагдах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.    

Хохирогч нь шүүх хуралдаанд “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ олон нийтийн цагдаа ажилтай байсан гэх” тухай мэдүүлсэн, харин шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үед би “олон нийтийн цагдаа байгаагүй, ажлаас гарчихсан байсан” тухай мэдүүлсэн, шүүхийн өмнөх шатанд шүүгдэгчийн ажил төрөл эрхэлж байсан хувийн байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй алдаа байх боловч энэ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх тул тус хэргийг дээрх дутуу ажиллагааг дахин шалгуулахаар прокурорт буцаах тухай хохирогчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэл хангалтгүй гэж үзсэн болно.            

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :  

Хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтын эх сурвалжаар /хх-8, 17-20, 24-26, 46, 58, 63/ үзэхэд шүүгдэгч нь хохирогч талын зүй бус харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь үгүйсгэгдээгүй, шүүгдэгч гэмт хэргийн хэргийн улмаас хохирогчид учирсан нотлох баримт бүхий хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан  нөхцөл байдлууд тогтоогджээ.     

Шүүгдэгч нь ам бүл 3, хувиараа барилгын ажил эрхэлж байсан, 2020.08.10-нд “Бодь Транс” компанид 800.000 төгрөгийн цалинтайгаар жолоочийн ажил эрхэлдэг гэх, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт /х-45, 50, 80, шүүх хуралдааны тэмдэглэл/ цугларсан байна.                     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.            

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч Ү.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү.Б-ийг 2500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.Б-д оногдуулсан 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ү.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд  зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгах үүрэгтэй болохыг тус тус дурьдсугай.              

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.             

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР