Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1025

 

 

 

 

 

           

 

 

2020              09                 22                                        2020/ШЦТ/1025

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Г.Н,

            Улсын яллагч О.П,

            Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Э-н Б-д холбогдох 2008014361181 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа дугуй засварт ажилладаг, ам бүл 9, ээж, аав, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 8-56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М  овогт Э-н Б, РД : ..............;  

            Холбогдсон хэргийн талаар : /яллах дүгнэлтэд бичсэнээр/   

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 12 сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 8-56 тоотод оршин суух иргэн Б.У-ны хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж шинэ цагийн дунд гарын хөөрөг 1 ширхэг, жижиг гарын шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, бэлэн 42.000 төгрөг, 0.75 литрийн “Эвок” нэртэй архи 1 ширхэг, цүнх, шинэ хос орны цагаан хэрэглэл зэрэг эд хөрөнгийг хулгайлж 362.000 /Гурван зуун жаран хоёр мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:   

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч Э.Б 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 8-56 тоотод оршин суух иргэн Б.У-ны өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын хөөрөг 1 ширхэг, жижиг гарын хөөрөг 1 ширхэг, бэлэн 42.000 төгрөг, 0.75 литрийн “Эвок” нэртэй архи 1 ширхэг, цүнх, шинэ хос орны цагаан хэрэглэл зэрэг эд хөрөнгийг  хулгайлж 362.000 төгрөгний хохирол учруулсан болох нь :    

- хохирогч Б.У-ны...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 8-56 тоот гэртээ очиход манай байшингийн зүүн талын жижиг цонх онгорхой байсан, гэртээ ороход гэрийн зүүн талд байрлах модон шүүгээний хойд талыг хөшиж онгойлгоод дотор нь байсан шинэ цагийн цагаан өнгөтэй дунд гарын хөөрөг 1 ширхэг, жижиг гарын бор өнгөтэй шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, 42.000 төгрөг, “Эвок” нэртэй 0.75 л нэг шил архи алга болсон байсан. Мөн хүүхдийн хувцасны шүүгэнд байсан хар өнгөтэй цүнх, шинэ цагаан хэрэглэл зэрэг эд зүйлс байгаагүй...Б  тухайн өдөр манай хашаанд байдаг ээж Энхцэцэгийндээ ирээд явсан байсан...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байх Энхцэцэг эгч надад алдсан эд зүйлийн хохирол болох 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Манай гэрийн эд зүйлийг захиран зарцуулах эрх Б д байхгүй...Би Б ыг ирээд уулзах болов уу гэж хүлээсэн, тэгээд олдохгүй болохоор нь цагдаад хандсан гэх мэдүүлэг/хх-ийн 10-11, 12-13, 15, 18/,  

- гэрч Б.А-гийн...Найз залуу Б  2019.12.11-ний өдөр гэрээс гарахдаа эрүүл байсан, шөнө 23 цаг өнгөрөөд ирсэн ба ирэхдээ нилээд согтуу цүнх үүрчихсэн, 2 ширхэг хөөрөг, ор хөнжлийн даавуу барьчихсан ирж байсан...Согтуу болохоор нь би хаанаас авсныг асуугаагүй бөгөөд өглөө асуухад гэрээсээ авсан гэж хэлсэн...Өглөө бид 2 цуг Хархорин зах руу очоод намайг наанаа хүлээж бай гэж хэлээд өөрөө цааш яваад нэг их удалгүй хөөргөө 20-30 мянган төгрөгөөр зарсан талаар хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-21-22/,

- гэрч Э.Т-гийн...Манай хамаатны ах У  надад нилээд хэд хоногийн өмнө танай дүү Э.Б манай гэрт хүн байхгүй хойгуур орж хулгай хийсэн байна гэж хэлэхээр нь дүү Э.Б аас асуухад харин тиймээ гэрээс нь хулгай хийсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-23-24/

- гэрч Э.Д-ын...Би саяхан хэд хоногийн өмнө Э.Б-ыг хамаатны ах У-ны гэрээс хулгай хийсэн гэдгийг өөрөөс нь сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

-“Мастер үнэлгээ” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №20/028 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлангаар шинэ цагийн дунд гарын хөөрөг 1 ширхэг, жижиг гарын шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, бэлэн 42.000 төгрөг, 0.75 литрийн “Эвок” нэртэй архи 1 ширхэг, цүнх, шинэ хос цагаан хэрэглэл зэрэг эд зүйлсийг 362.000 /Гурван зуун жаран хоёр мянган/ төгрөгийн үнэ ханштайгаар зах зээлд худалдаалах боломжтой болохыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээ /хх-27-30/, 

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх- ийн 69-70/,

- шүүгдэгч Э.Б ...Би 2019.12.11-ний өдөр найз А-ийн гэрт байж байгаад 15 цагаас 16 цагийн хооронд гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 8 дугаар гудамжинд гэртээ орох гээд явж байгаад нэрийг нь сайн мэдэхгүй танил ахтай тааралдаж 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уучихаад салж яваад 56 тоот гэртээ ороод байж байгаад хөрш айл болох У  ахын хашааг ганцаараа давж ортол гэр нь эзэнгүй байхаар нь байшингийнх нь зүүн талд явж очоод цонхыг түлхэж цонхоор гэрт нь ороод эд зүйлсийг нь ухаж байгаад авдар дотроос нь том, жижиг 2 ширхэг хөөрөг, Эвок нэртэй архи, бурханы урд талаас нь бэлэн 42.000 төгрөгийг авчихаад хувцас хийдэг шүүгээнээс ор хөнжлийн даавуу мөн бор өнгийн жижиг цүнхийг аваад явсан...Тэгээд найз Алтанцэцэгийн гэрт буцаж очоод гэрийнх нь  гадаа хулгайлсан архинаасаа талыг нь уучихаад, хулгайлсан эд зүйлсээ нуучихаад гэрт нь хоносон юм...гэх мэдүүлэг /хх-65-66/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.  

          Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

            Иймд шүүгдэгч Э.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Хохирогч Б.Уламсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /х-10-18/ байх тул гэмт хэргийн улмаас хохиролгүй гэж үзэв.   

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх: 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.   

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөрөнгө орлогогүй зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж /х-33, 36, 71-78/, шүүх хуралдааны тэмдэглэл/ хэрэгт авагджээ.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 01 жил 2 сарын хугацаагаар хорих ял  оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :     

 

1. Шүүгдэгч Э.Б ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Б ыг 01 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Б ы эдлэх 01 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.              

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.        

5. Шүүгдэгч Э.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  түүний эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

            7.  Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР