| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/00286/И |
| Дугаар | 00374 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 00374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймаг, Тэшиг сум 3-р баг Даланд оршин суух, /РД: ГЙ81110525/, Наран овогтой Угтаабаярын Нандинцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2-р хороо, 6-35 тоотод оршин суух, /РД: ГЙ75091818/, Бурам овогтой Пүрэвсүрэнгийн Дашдондогт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Нандинцэцэг, хариуцагч П.Дашдондог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд гэр бүлээ батлуулсан. 2007 онд хүүгээ төрүүлсэн. Зан харилцааны байдал таарахгүй байсан тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэ байна. Хүүгээ өөрийн асрамжинд авч эцгээс тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч П.Дашдондог шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд гэр бүл болоод 2007 онд хүү төрсөн. 2012 он хүртэл хамт амьдарсан. Түүнээс хойш тус тусдаа амьдарч байгаа. Одоо тус тусдаа амьдралтай болсон учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдийг ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг өгнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Нандинцэцэг нь хариуцагч П.Дашдондогт холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч У.Нандинцэцэг, хариуцагч П.Дашдондог нар нь 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүү Дашдондогийн Ёндонпунцаг төрсөн нь хавтаст хэрэгт авагдсан 0051300/001 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, Д.Ёндонпунцагийн 0026171 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Талууд таарамжгүй харьцааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү Д.Ёндонпунцаг эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдийн насны онцлог, санал болон өсөж торнисон орчин зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 647 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Д.Ёндонпунцагийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Талууд эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Наран овогтой Угтаабаярын Нандинцэцэг, Бурам овогтой Пүрэвсүрэнгийн Дашдондог нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүү Дашдондогийн Ёндонпунцагийг эх У.Нандинцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Д.Ёндонпунцагийг 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг П.Даншдондогоос гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, Улсын бүртгэл, Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН