Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1032

 

 

 

 

 

 

 

 

   2020          09             22                                       2020/ШЦТ/1032

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Г  даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Н,

           улсын яллагч Р.О,

            хохирогч Х.А ,

            шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Далхаагийн Г т холбогдох 1908056541864 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 5 дугаар гудамжны 31 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Урианхай овогт Далхаагийн Г  /РД:НФ67091919/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 214 тоотод иргэн Х.А тай маргалдаж түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж “баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 214 тоотод иргэн Х.А тай маргалдаж түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь : 

- хохирогч Х.А ийн:...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б-ны  хамт байшингийн дээвэр хийж дуусгасан. Орой нь Б-ны  төрсөн дүү Г  ирсэн, дараа нь дүү Г  нь орой 22 цагийн үед нэг эмэгтэйгийн хамт согтуу архи уусан орж ирээд тэр эмэгтэй нь мэндийн зөрүүгүй “пизда наахуунууд юу хийж байгаа юм бэ? гэж мэндэлсэн. Би Г т хандаж “чи юун гудамжны хүүхэн дагуулж ирж байгаа юм бэ? ийм насны хүн байж хүнтэй мэндэлж чаддаггүй юм уу” гэж хэлэхэд Б  надад Г ын хадам эгч нь байгаа юм гэж хэлсэн. Хэсэг хугацаанд бид юм ярьж, Г  0.75 л архи гаргаж задлахад архинаас уугаагүй...Б , Г ын хадам эгчийн хамт гарсан. Г  манай орон дээр унтаад өгсөн. Би Г тай хамт юм яриад сууж байхад Г  “би энэ зун 20-30 сая төгрөгийн ажил хийсэн” гэж ярихаар нь “чи ахдаа байшин барихад тусалж чаддаггүй юм аа гэхэд 500.000 төгрөг өгчихөөч” гэж хэлээд ажил төрөл яриад, би орон дээрээ баруун талаараа хэвтэж байхад гэнэт миний баруун нүд рүү Г  өшиглөхөд нүд янгинаж өвдөөд харанхуйлсан, би босоод Г тай барьцалдаж зууралдаад гэрээс гарч, гэрийн гадаа нүдээ дараад газар хэвтээд Б-ны г орилж дуудсан. Тэр үед Б  эхнэр Г-ийн  хамт гэрээсээ гарч ирээд Г ыг надаас салгаж холдуулсан. Би гэртээ ороход миний баруун нүднээс цус гарч байсан...Маргааш өглөө нь босоход миний баруун нүд юу ч харахгүй цус гараад байсан...Тэрнээс хойш миний баруун нүд юу ч харахгүй таг харанхуй болсон. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Болор мэлмий нэртэй эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмч үзээд миний баруун нүд битүү цус хуралттай, эвэрлэгт цус нэвчсэн, нүдний торлог нь хоёр газар цоорч хагарсан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 13/,

- гэрч Д.Б-ны ...2019.10.10-ны орой ажлаа дуусгаад А-гийн  гэрт ороход Г  тэр 2 архи уугаад сууж байсан ба Г  нь дүү Г  руу утсаар ярьсан. А  хоол хийгээд адууны мах чанаад сууж байсан. Г  гадагшаа гарч хоёр шил архи, том пиво авч орж ирсэн. Г  орой 21-22 цагийн хооронд хадам эгч Ц-ын  хамт архи уусан бололтой халамцуу ирсэн. Ц  гэрт орж ирэхдээ пиздануудаа юу хийж байна гэж хэлээд орж ирээд мэндэлсэн, А  тэр үед уурлаад Г т хандаж чи юун авгай дагуулаад ирсэн юм бэ гэж хэлээд дургүйцэж байсан. Тэгээд бид хэд хоол цайгаа идээд архийг задлаад талыг нь хувааж уусан. А  Ц той хэрэлдэх гээд байхаар нь би Ц ыг дагуулж гэрээс нь гараад гэртээ оруулсан. Би гэртээ байж байхад эхнэр Гантөмөр гадаа Г , А  хоёр зодолдоод байх шиг байна гэхлээр нь гарахад А-гийн  гэрийн үүдэн дээр Г  нь А-гийн  дээрээс нь дарсан байдалтай байсан...Эхнэр бид хоёр А , Г  хоёрыг салгаад А ийг гэрт оруулахад баруун нүдний хөмсөг  хавиас нь цус гараад байх шиг байсан...А  надад хэлэхдээ Г  миний баруун нүд рүү өшиглөчихлөө гэсэн. Маргааш нь А-гийн  нүд хавдаад хаагдсан, баруун нүд юм харахгүй байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-15-16/,    

- шинжээчийн дүгнэлт : I. Х.А т баруун нүдний алимны цус хуралт, нүдний угийн ховхролт хараагүйдэл тогтоогдлоо.  II. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. III. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журманд зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх-26/,  

- шинжээч эмч Ц.Г ын:...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4-р бүлэгт заасан хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт нь дээр гэмтлийн улмаас нүдний хараа буурах журамд зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 35% алдагдсан байх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүний хоёр нүдний нэг нь хараагүй болсон бол энгийн хөдөлмөрийн чадварын 35% алдагдана гэж журманд заасан. Нүдний угны ховхролт гэмтэл нүдэндээ гэмтэл авч цохиулах үед нүдэнд доргилт авч, нүдний ховхролт бий болдог. Өөрөөр хэлбэл нүд нь уг гэмтлийг аваад хараагүй болсон байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,  

- шүүгдэгчийн...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хадам эгч Ц-ын  хамт такси бариад А  ахын гэрт очсон...А  ах надад хандаж “чи юун гудамны хүүхэн дагуулаад орж ирсэн юм бэ, ямар сонин яриатай хүн бэ” гэж хэлээд өнгөрсөн. Бид архи пиво хувааж уугаад сууж байхад А  ах надад “чи машинаа надаар будуулчихаад надаа юу ч өгөөгүй гэж хэлсэн”. Би хариуд нь танай хашааны газрыг трактороор шороог нь тэгшилж өгсөн биз дээ гэж хэлсэн. А  орон дээрээ хажуу талаараа хэвтээд “чи хачин юм дагуулж ирчихээд юу гээд байгаа юм бэ” гэхлээр нь миний дүргүй хүрээд сууж байсан сандал дээрээсээ толгой руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үед А  босож ирээд миний нуруу руу өшиглөөд миний үснээс зулгаагаад авахаар нь би барьцалдаж аваад бид хоёр гэрээс нь хамт гарсан. Би А тай зууралдаж байгаад хамт газар унаад дээр доороо ороод 10 орчим минут зодолдсон. Би тухайн үед хэн хэнийгээ хаана хэдэн удаа цохисныг сайн санахгүй байна. Тэр үед Б  ах бэр эгч Гантөмөр хоёр гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгасан...”гэх мэдүүлэг /хх-40-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Г ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын гэх 179.300 төгрөг /х-87-88/-ийнхөөс өөр хохирол, хор уршигт хамаарах нотлох баримт хэрэгт цуглараагүй байх ба хохирогч Х.А  1 нүд сохорсон болон үүний улмаас эрүүл нүднийх нь хараа муудсантай холбоотой эмчилгээний зардалд нийт 3.800.000 төгрөг авсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, хэрэгт баримт авагджээ.     

Харин хохирогч нь цаашид нүдний эмчилгээ хийлгэх, олох байсан ашгийн алдагдал зэрэгт 100.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, холбогдох нотлох баримтууд байхгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.     

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан нотлох баримт бүхий хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч нь 52 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувьдаа эд хөрөнгөтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаар хүлээн зөвшөөрсөн /хх-24, 48-49, 50-52, 55, 61-77, 59-60, 121-122, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэгт хамаарах нотлох баримтууд тухайн эрүүгийн хавтаст хэрэгт цугларчээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.                

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь : 

 

            1. Шүүгдэгч Д.Г ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Г ын эдлэх 04 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.              

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.     

5. Шүүгдэгч Д.Г т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 09 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.       

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

            7.  Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

      

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.Г