Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1028

 

 

 

 

 

 

 

 

2020            09           22                                    2020/ШЦТ/1028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Нарийн бичгийн дарга Г.Н,   

Улсын яллагч Р.О,  

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г. М-д холбогдох 2008002711254 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-3, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 4 дүгээр багийн Баянсан гэх газарт оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 12/4-8 тоотод оршин түр суудаг, ял шийтгэлгүй, Ж  овогт Г-ийн М /.................../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.М нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цагын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МТ шатахуун түгээх станцын орчимд Г.М-тэй таксины мөнгө дутуу өглөө гэх асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж, зүүн гарын шуу хэсэгт хутгаар хутгалж биед нь зүүн шуу, зүүн бугуйнд шарх, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын орчимд иргэн Г.М-тэй маргалдан  зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- хохирогч Г.М :...”2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2-нд шилжих шөнө  ах Шүхэртийн хамт Тахилтын эцэс рүү гэртээ харьж хувцасаа авч ирэхээр явсан. Такси барихад цагаан өнгийн марк 2 маркийн машин ирж зогссон, МТ клонкын орчим буухдаа жолоочид 2000 төгрөг өгсөн...Гэтэл машины арын суудалд сууж явсан согтуу залуу “чи дутуу мөнгө өгөөд байгаа юм биш үү” гэхээр нь “бүрэн өгсөн” гэж хэлээд буух гэтэл араас татаад буулгахгүй байсан ба бид хоёр маргалдаад, би машинаас буутал машин хөдлөөд зам руу гарч зогсоод жолооч нь хүрч ирэх хооронд надтай ноцолдож байсан залуу миний гар руу хутгаар зүсчихээд хутгаа шидчихсэн…гэх мэдүүлэг /хх-19-21,161/,

- шинжээчийн дүгнэлт:..Г.М-ийн биед зүүн шуу, зүүн бугуйнд шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-25-26/,

- гэрч Б.Ш-тийн :...“Таксинд бид хоёрын хажууд сууж байсан шөвгөр царайтай, 170-175 см орчим өндөр биетэй, туранхай 30-35 орчим насны залуу биеэсээ цэнхэр өнгийн иштэй хутга гаргаж ирээд манай дүүгийн зүүн гар луу хутгалчихаад хутгаа МТ клонкын хашлагын зүүн тал руу шидээд машиндаа суугаад яваад өгсөн….гэх мэдүүлэг /хх-36-37/,  

- гэрч У.Ц-гийн:... Би 22-26 УБЛ улсын дугаартай марк 2 машиныг жолоодон, найз Мөнх-эрдэнийн хамт явж байсан...Тэгэхэд 2 эрэгтэй хүн гар өргөхөөр нь зам дагуу буулгахаар суулгасан, надад 2000 төгрөг өгөөд “энд буулаа” гэж хэлээд буухад арын суудал дээр сууж явсан М согтуурхаад нөгөө хоёр залуугаас мөнгө нэхээд байсан…М туранхай залуутай нь машинаас буугаад барьцалдаад авсан. Намайг салгах хооронд хэд хэд цохилцоод авсан. Би Мөнх-Эрдэнийг холдуулах гэхэд нөгөө хоёр залуу нэг нэгээрээ дайраад байсан...нэгийг нь холдуулах хооронд М туранхай залуутай нь дахин барьцалдаад авахаар нь салгасан...гэх мэдүүлэг /хх-38-39/,  

- гэрч Б.Б-гийн:....нөхөр М  гарнаас нь цус гарсан байдалтай Шүхэрт ахын хамт орж ирсэн. Юу болсон талаар асуухад “такси барих үед ард нь сууж явсан залуу дутуу мөнгө өглөө гээд маргалдах зуур миний гар луу хутгалчихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /xx-51-52/,   

- шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн...Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой ажил дээрээ байрлаад өрөөндөө байж байхад манай ажлын хэсэг хүмүүс дуудаад  караокед байна хүрээд ирээч гээд дуудаад байсан. Тэгэхээр нь 23 цагийн үед очих замдаа дэлгүүрээс ундаа авахаар орох үед 15000 төгрөг гээд цэнхэр өнгийн иштэй тонгорог харагдахаар нь маргаашийн замын унаагаар аавдаа юм явуулахдаа хамт явуулчих санаатай худалдан авсан, тухайн хутга гадуураа гэртэй байсан учир би өмдний тэлээндээ хийчихсэн. Тэгээд ажлынхаа хүмүүс дээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбит нэртэй караокед байхад нь очоод 0,75 литрийн архи 8-уулаа хувааж уугаад нэг хүний 0.5 литрийн Нийслэл нэртэй пиво 4 шилийг уусан. Тэгээд харих гэхэд унаа олдохгүй байхаар нь өөрийн найз Цэдэвсүрэнг хүрч ирээд аваач гээд дуудсан. Тэгтэл удаагүй Цэдэвсүрэн хамаатныхаа ахтай хамт хүрээд ирэхээр нь би машинынх нь арын суудалд суугаад гэр лүү нь явж байтал Цэдэвсүрэн замаасаа 2 эрэгтэй хүн суулгасан. Би тухайн үед их согтсон байсан болохоор түүнээс хойшхи зүйлийг сайн санахгүй, санаж байгаагаар би тухайн замд гар өргөж суусан 2 хүнтэй маргалдсан...гэх мэдүүлэг /хх-146-147/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Г.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирогч нь 1.000.000 төгрөг авсан, цаашид гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн /x-161/ байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :   

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч нь 29 настай, ам бүл 3, ял шийтгэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “Малчин” компанид 800,000 төгрөгийн цалинтай борлуулагч ажилтай, хувиараа барилгын ажил давхар эрхэлдэг /х-100, 110, 111, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэгт хамаарах нотлох баримтууд хэрэгт авагджээ.             

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.    

Шүүгдэгч нь 2 хоног сэжигтнээр баривчлагдсан /х-135-137, 149-150/, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй байх ба эд мөрийн баримтаар цэнхэр иштэй 1 ширхэг хутга хураагдаж ирснийг зохих журмын дагуу устгах нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч Г.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.М 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн баривчлагдсан 2 хоногийг торгох ялын нийт 30 нэгж буюу 30.000 төгрөгөөр тооцож, эдлэх торгох ялаас хассугай.           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Г.М-д мэдэгдсүгэй.        

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн цэнхэр иштэй 1 ширхэг  хутгыг зохих журмын дагуу устгасугай.         

7. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.        

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                            Г.ГАНБААТАР