Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00446

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 25-549 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагваагийн Хулан /РД: ЕА84111005/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамж, 153 в тоотод оршин суух, Сартуул овогт Баяраагийн Эрдэнэбаяр /РД: ЧЖ86071477/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Лхагва, хариуцагч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Лхагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Хулан 2005 онд Эрдэнэбаяртай танилцаад 2007 онд гэр бүл болсон. 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаад 2011 оноос Япон улсруу сурхаар явсан. Одоо энэ 2 хүүхэд цаашид амьдрах боломжгүй болсон учраас гэрлэлтийг нь цуцлаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө ажилладаг учраас гэртээ бараг тогтдоггүй. Одоо нэгэнт цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учраас гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Хулан нь хариуцагч Б.Эрдэнэбаярт холбогдуулан, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.Хулан, хариуцагч Б.Эрдэнэбаяр нар нь 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 0164367-1195 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байх бөгөөд 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Мөнхцогзолын Сорбол нь гэрлэгчдтэй хамт амьдарч байсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд таарамжгүй харьцааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

   Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн хүү М.Сорбол эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдийн насны онцлог, санал болон өсөж торнисон орчин зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 587 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү М.Сорболыг эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Талууд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Лхагваагийн Хулан, Сартуул овогт Баяраагийн Эрдэнэбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Мөнхцогзолын Сорболыг эх Л.Хулангийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид хүүдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН