Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00462

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

                                      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 31 дүгээр байр, 64 тоотод оршин суух, Шар нуруу овогт Төмөрбаатарын Эрдэнэбилэг /РД: ХЙ70061207/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 31 дүгээр байр, 64 тоотод оршин суух, Баяуд овогт Тулгаагийн Мөнхдэлгэр /РД: ЗЖ72031208/-т холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 дүгээр байр, 64 тоот орон сууцнаас өөрт болон Э.Тогтуун, Э.Энгүүн нарт оногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Эрдэнэбилэг миний бие аав Төмөрбаатар, ээж Ичинноров, дүү Эрдэнэсүрэн нарын хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 31 дүгээр байрны Ү-2205002155 улсын бүртгэлийн дугаартай 40 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд миний аав Төмөрбаатар 2005 онд нас барсан. Аавыг нас барсанаас нь хойш миний дүү Эрдэнэсүрэн нь өвчний улмаас мөн нас барсан. Т.Эрдэнэсүрэнг нас барсанаас хойш миний ээж Ичинноров байрны өмчлөгчөөс татгалзсан тухайгаа албан ёсоор бичиж өгсөн тул Т.Эрдэнэбилэг миний бие дээрхи орон сууцыг ганцаараа өмчлөх талаар бичиг баримт бүрдүүлж, 2016 оны 08 сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2205002155 тоот гэрчилгээгээр хууль ёсны ганц өмчлөгч нь болсон. Миний бие өмнө нь герман улсад ажллаж амьдардаг байсан учраас Герман улс руу ажиллахаар явахдаа уг орон сууцаа зарах гэтэл миний дүү Т.Эрдэнсүрэнгийн хамтран амьдрагч Т.Мөнхдэлгэр нь манай байрнаас гарахгүй, бид өөрт оногдох хувиа авна гэж маргаан үүсгэсэн төдийгүй, миний байрны цоожны голыг сольж намайг болон өндөр настай ээжийг маань гэрт оруулахгүй болгосон. Миний ээж Ичинноров нь одоо түрээсийн байранд амьдарч байна. Т.Мөнхдэлгэр миний дүүгийн 2 хүүхдийг төрүүлсэн учраас би дүүгийнхээ хүүхдүүдэд өв залгамжлалын дагуу өгөх ёстой мөнгө, хөрөнгийг өгөхөд бэлэн байгаа. Би өв залгамжлалынх нь мөнгийг дансанд байршуулчихаад байхад манай байрнаас гарахгүй байгаад үнэхээр гайхаж байна, би яаралтай байраа чөлөөлүүлж ээжийгээ гэртээ авчрах шаардлагатай байна. Иймд миний эзэмшлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороололл 31 байр 64 тоот 3 өрөө орон сууцыг иргэн Т.Мөнхдэлгэрийн эзэмншээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Т.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би анх 1998 онд Т.Эрдэнэсүрэнтэй танилцаж, 1998 оны 09 дүгээр сараас эхлэн хадам аав Төмөрбаатар, хадам ээж Ичинноров нарын хамт Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 31-р байр 64 тоот болох 3 өрөө орон сууцанд хамт амьдарч эхэлсэн. Т.Эрдэнэсүрэн бид 2-ын дундаас 2000 онд том хүү Т.Тогтуун, 2009 онд бага хүү Т.Энгүүн нар төрж ам бүл зургуулаа Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 31-р байрны 64 тоотод нэг гэр бүлийн бүртгэлтэйгээр амьдарч ирсэн. 2005 онд хадам аав Төмөрбаатар нь нас барсан. Миний нөхөр Эрдэнэсүрэн нь өвчний улмаас 2014 онд нас барсан. Ингээд хадам ээж Ичинноров, 2 хүүгийн хамт одоог хүртэл уг байрандаа хамтдаа амьдарч байна. Гэтэл миний нөхрийн төрсөн эгч Т.Эрдэнэсүрэн нь анх намайг 1998 онд хадмуудтайгаа хамт амьдарч эхлэхэд Эрдэнэсүрэн нь Герман Улсад байдаг байсан. 2006 онд Герман улсын иргэн Жохнам Рехман гэдэг хүнтэй гэр бүл болон одоог хүртэл Герман улсад хамт амьдаарсаар байгаа болно. Эрдэнэбилэг нь анх 2014 оны 05 сард миний нөхөр Эрдэнэсүрэн нас барсны дараахан ирж ажил явдалд нь оролцоод буцсан. Үүнээс хойш Эрдэнэсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын сүүлээр монголд ирээд сар хүрэхгүй болоод буцахдаа хууль бусаар Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 31-р байр 64 тоот хаяганд ээж Ичинноровын ам бүл хоёулахнаа амьдардаг хэмээн хуурамчаар тодорхойлолт хийлгүүлэн, таньдаг нотариат дээрээ очиж Эрдэнэсүрэнгийн эхнэр Мөнхдэлгэр болон 2 хүүхэд нь өмчлөх эрхээсээ татгалзсан, хэмээн худал ярьж баримт бичгийг бүрдүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулан, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт бичиг баримт бүрдүүлэн өгч өмчлөх эрхийг ганц өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг Мөнхдэлгэр би 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нотариат дээр очиж иргэний хуулийн 531.1-д заасны дагуу хүү Т.Энгүүн, Т.Тогтуун нарт өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргахдаа мэдсэн. Ингээд Мөнхдэлгэр би 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Т.Эрдэнэсүрэнг таньдаг хүмүүстэйгээ хуйвалдан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн Баянгол дүүрэг 15-р хороо, 3-р хороолол, 31 байр 64 тоот 3 өрөө байрны өмчлөх эрхийг хуурамчаар баримт бүрдүүлэн өмчлөх эрхийг олж авсан байна Эрдэнэсүрэн нь яаралтай Герман улсруу буцах гэж байгаа тул шалгаж өгөхийг хүссэн. Гэтэл Эрдэнэсүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Герман улсруу явсан байсан. Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс Т.Эрдэнэсүрэнд ЭХТА-ийн 233 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Иймд Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 31-р байр 64 тоот 3 өрөө орон сууцанд Мөнхдэлгэр би 1998 оноос хойш одоог хүртэл өөрийн ажиллаж хөдөлмөрлөж олсон орлого, бусад орлогоо зарцуулж байсан тул гэр бүлийн гишүүн тул өөрт оногдох хэсгээ тогтоолгон, миний хүү Т.Тогтуун, Т.Энгүүн нар энэ гэр бүлийн гишүүн тул гэр бүлийн гишүүний хувиар өөрт оногдох хэсгээ тогтоолгох эрхтэй гэж үзэж байна. Эрдэнэбилэг нь гэр бүлийн гишүүнээс олон жилийн өмнө тустаа гарч бие даан амьдарсан тул. Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 31-р байр 64 тоот 3 өрөө орон сууцнаас Эрдэнэбилэгт оногдох хэсгийг тогтоож, мөнгөөр нөхөн төлж олгох хүсэлтэй байна. Учир нь хадам ээж Ичинноров болон Мөнхдэлгэр би, хүү Э.Тогтуун, Э.Энгүүн бид 4 өдий хүртэл нэг гэр бүлд 19 жил хамт амьдарч, хэн хэн нь тусдаа амьдрахад орох орон гэр байхгүй тул. Эрдэнэбилэгт оногдох хэсгийг тогтоож мөнгөөр нөхөн төлж олгох хүсэлтэй байгаа тул сөрөг нэхэмжпэлийг хангаж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч тал нэхэмжлэгчийн “Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороололл 31 байр 64 тоот Ү-2205002155 улсын бүртгэлийн дугаартай 40 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцнаас Э.Энгүүн, Т.Тогтуун нарт өв залгамжлалын дагуу ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Э.Энгүүн, Т.Тогтуун нар нь тус бүр 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг өв залгамжлалын дагуу авахаа хүлээн зөвшөөрч, Мөнхдэлгэр гэр бүлийн гишүүний хувьд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 31 байр 64 тоот Ү-2205002155 улсын бүртгэлийн дугаартай 40 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороололл 31 байр 64 тоот Ү-2205002155 улсын бүртгэлийн дугаартай 40 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн зуучийн үйлчилгээ эрхэлдэг газраар худалдан борлуулах хүртэл Мөнхдэлгэр уг орон сууцанд амьдрах, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороололл 31 байр 64 тоот Ү- 2205002155 улсын бүртгэлийн дугаартай 40 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсаны дараа Э.Энгүүн, Э.Тогтуун нарт өгөх 20 000 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцов гэжээ.  

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэбилэг нь хариуцагч Т.Мөнхдэлгэрт холбогдуулан Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 дүгээр байр, 64 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 дүгээр байр, 64 тоот орон сууцнаас өөрт болон Э.Тогтуун, Э.Энгүүн нарт оногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 дүгээр байр, 64 тоот, Ү-2205002155 улсын бүртгэлийн дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас Э.Энгүүн, Т.Тогтуун нарт өв залгамжлалын дагуу ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Э.Энгүүн, Т.Тогтуун нар нь тус бүр 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг өв залгамжлалын дагуу авахаа хүлээн зөвшөөрч, Т.Мөнхдэлгэр гэр бүлийн гишүүний хувьд маргаан бүхий орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, тус орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн зуучийн үйлчилгээ эрхэлдэг газраар худалдан борлуулах хүртэл Т.Мөнхдэлгэр уг орон сууцанд амьдрах, мөн орон сууцыг худалдан борлуулсаны дараа Э.Энгүүн, Э.Тогтуун нарт өгөх 20 000 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй, Т.Мөнхдэлгэрт холбогдох Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 дүгээр байр, 64 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 дүгээр байр, 64 тоот орон сууцнаас өөрт болон Э.Тогтуун, Э.Энгүүн нарт оногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 дүгээр байр, 64 тоот, Ү-2205002155 улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас Э.Энгүүн, Т.Тогтуун нарт өв залгамжлалын дагуу ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Э.Энгүүн, Т.Тогтуун нар нь тус бүр 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг өв залгамжлалын дагуу авахаа хүлээн зөвшөөрч, Т.Мөнхдэлгэр сөрөг нэхэмжлэлийн өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, тус орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн зуучийн үйлчилгээ эрхэлдэг газраар худалдан борлуулах хүртэл Т.Мөнхдэлгэр уг орон сууцанд амьдрах, мөн орон сууцыг худалдан борлуулсаны дараа Э.Энгүүн, Э.Тогтуун нарт өгөх 20 000 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 000 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 209 800 төгрөгийг улсын төсвөөс, 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН