Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 799

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Х хөтлөн,

улсын яллагч С.Ц,

шүүгдэгч Х.И, түүний өмгөөлөгч Н.Э /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 17-03/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.И холбогдох эрүүгийн 1905037411165 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны . дүгээр сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Их засаг Лицей сургуулийн сурагч, ам бүл..5, эцэг, эх, .. дүү нарын хамт Налайх дүүргийн ...дүгээр хороо, Уурхайчид .. дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн .... дугаар хороо, 0000 тоотод түр оршин суух, /РД:хх0000000/

Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 7 сарын хугацаагаар хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Б овогт Х.И.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.И нь 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж О.Б эзэмшлийн 2 ширхэг бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 599.173 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан  Ө.Д- н эзэмшлийн ниссан тида загварын 0000 УНП улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.И-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 3 тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 4-5, 6-8 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Hugo Boss брендийн хар өнгийн бугуйн цагийг О.Б-д хүлээлгэн өгсөн...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 12 тал/,

 

Хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн гэр болох Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...-.. тоот гэрээсээ гараад өөрийн Гүнтэд байрлах зуслан руугаа найз хүүхэн Болдмаагийн хамт өдрийн 12 цагийн үед явсан. Зуслан дээрээ очоод нэг хоночихоод маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 07-ны 13 цагийн үед өөрийн гэртээ ирсэн. Тэгээд гэр лүүгээ ороод ирсэн чинь гал тогооны өрөөний тавилганы дээр байрлах компьютерийн хайрцаг шарах шүүгээн дээр байрлал нь өөрчлөгдөөд тавигдсан байсан. Тэгээд би гэр орноо шалгаад том өрөөний хар өнгийн шкафанд байсан миний 2 ширхэг бугуйн цаг алга болсон байсныг мэдээд цагдаа дуудсан. ...Би Boss брэндийн хар өнгийн бугуйн цагийг буцааж хүлээж авсан. Харин нөгөө Burberry гэх брэндийн цагийг АНУ-д амьдарч байгаа Б.П-с асуухад уг цаг нь одоо зарагдахаа больсон байна, үнэ ч тодорхой биш байна гэж хэлсэн. Тийм учир би одоогийн ханшаар уг цаг нь ямар үнэтэй байгааг мэдэхгүй учир “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ний үнэлгээ болох 599.173 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна...” /1 хх-ийн 15-16, 17 тал/,

 

Д ХХК-ийн “...Hugo Boss, Burberry брендийн цагийг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 599.173 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1 хх-ийн 24-25 тал/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан “...2019 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25 дугаар байрны гадна талын зогсоол дээр ..... УНП улсын дугаартай Nissan Tiida маркийн автомашинаа алдсан...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 62 тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн .. дугаар хороонд байрлах ертөнцийн зүгээр баруун тийш харсан хаалгатай 9 давхар цэнхэр өнгө бүхий орон сууцны барилгын ертөнцийн зүгээр хойд талд байрлах автомашины зам байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 63-64 тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн “...0000 УНП улсын дугаартай Ниссан Тийдаа маркийн автомашинд үзлэг хийв.  Хэрэгт ач холбогдол бүхий 12 кадр зураг D-3100 аппаратаар бэхжүүлж, 2 гарын мөр наалдамхай тууз, нунтаг бодис ашиглан бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 65-68 тал/,

 

Хохирогч Ө.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед хамаатны дүү болох Б болон түүний хүүхэдтэй бид гурав Баянгол дүүргийн... дугаар хороо, Говь сауны баруун талаар уруудсан зам дагуу 25 дугаар байрны зогсоол дээр 0000 УНП улсын дугаартай “Ниссан Тида” маркийн автомашинтайгаа ирж зогсоод манай дүү Б хүүхэдтэйгээ хамт АТМ ороод би замын эсрэг талын хүнсний дэлгүүрэс чихэр аваад жолооч талын толио хавтсыг нь скочдоод дүү Б хөдөөнөөс ирсэн чихэр, жимсээ багажнаас авахдаа би атвомашины түлхүүрээ жолооч талын хаалганд зоолттой орхиод бид гурав гэртээ орж амарсан. Өглөө 8 цагийн үед би ажил руугаа явах гээд түлхүүрээ гэртээ хайгаад олоогүй гараад иртэл автомашинаа тавьсан зогсоол дээр миний машин байхгүй байсан болохоор цагдаад хандсан. ...Би автомашинаа буцаан авсан бөгөөд миний автомашинд сэв зураас гэмтэл учраагүй. Надад одоо гомдол санал огт байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75, 76 тал/,

 

Гэрч Р.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их хурлын гишүүн Э-н уулзалтын урилгыг өөрийн ... байранд өөрийн хүү болох И-н хамт тараасан. Би И-т .... байрны 3-р орцонд айлуудаар өгөөрэй гээд явуулсан юм. ...Тэгээд И удалгүй 3-р орцны айлуудаар тараачихлаа гээд ороод ирсэн. ...Дараа нь би И-тай хамт мэдүүлэг өгөхөд И-г Б-н гэрээс цаг хулгайлчихсан гэдгийг мэдсэн бөгөөд И-г Б-н гэр рүү яаж орсон талаар асуухад гэр нь онгорхой байсан гэж надад хэлсэн. ...Мөн Б ахын гэр нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр урилга тараагаад явж байхад хаалга нь онгорхой бөгөөд үүдэнд нь нэг гутал байхаар нь Б ахыг дуудтал дуугарахгүй байхаар нь 5-10 минут хүлээгээд хүн гарч ирэхгүй байхаар нь гэр рүү нь ороод том өрөөнд нь хар шкафанд байсан 2 цагийг авчихсан юм гэж надад хэлсэн. ...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, .. дугаар байрны сагсны талбайгаас өөрийн хүү И-г олоод...  дугаар байрны гадна орцны үүдээр явж байтал  ...дугаар байр руу орох зам дагуу Ниссан Тида маркийн автомашины түлхүүр зоолттой байхыг харсан. ...Бид хоёр автомашинд суугаад утасны дугаар байна уу гэж хайсан. ...утасны дугаар хайж байгаад байхгүй болохоор нь хүүтэйгээ буусан. Буугаад хүүгээсээ түлхүүрийг нь яасан гэж асуухад автомашин дотор үлдээсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /1 хх-н 77-78 тал/,

 

Д ХХК-ийн “...Ниссан тийда маркийн автомашиныг 5.300.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 83-84 тал/,

 

Эд зүйл хураан авсан “...хар өнгийн 1 ширхэг автомашины түлхүүрийг хураан авав...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 88 тал/

 

Хар өнгийн Nissan Tiida автомашины түлхүүрийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 89 тал/,

 

Шүүгдэгч Х.И-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “.....а байрны ..-р орц руу ороод .. давхараас эхлэн тарааж байгаад 2 давхар руу гартал О.Б ахын гэр болох .. тоотыг тогштол хаалга нь онгорхой байсан. Б ахыг дуудтал хүн дуугарахгүй байхаар нь гэр рүү ороод хүн орж ирэхнүү гээд хэсэг хүлээгээд зогссон. Тэгтэл хүн орж ирэхгүй байхаар нь том өрөөнд нь байрлах шилэн хар шкаф руу хартал түүн дээр “Burberry” брендийн бугуйн цаг байхыг олж хараад очоод автал цаана нь хар өнгийн Hugо Boss брендийн бугуйн цаг нь мөн байж байхаар нь хоёр цагийг нь хоёуланг авчихаад 2-3 минут яахаа мэдэхгүй бодож зогсож байгаад уг хоёр цагийг хувцасныхаа халаасанд хийгээд гэрийнх нь хаалгыг хаагаад гараад явсан. ...Уг машин дээр очоод асаагаад хорооллын замаар Дүэл гэх нэртэй компьютер тоглоомын газар дотор 2 хоног тоглож хоночихоод байж байтал манай найз Ука гэх хүүхэд намайг машинаар хүргээд өгөөч гээд би зөвшөөрөөд хоёр найзыгаа хүргэж өгөхөөр болоод уг тоглоомын газраас гараад хоёр найзыгаа суулгаад 1 найзыгаа буулгахаар 100 айл руу явж байтал замдаа Баянбүрдийн тойрог өнгөрөөд цагдаад баригдсан. Би найзууддаа машинтай хүүхэд шиг харагдах гээд унаад явсан юм. ...Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйлгүй. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолтой танилцсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-н 44, 96 тал, 2 хх-ийн 22-24 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагаанд үзэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би машин унаж хүүхдүүдэд гайхуулмаар санагдаад унаад явчихсан. Б ахын гэрт орсон чинь бугуйн цаг нь гоё харагдаад авчихсан юм...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 45, 111 тал/, оршин суух хорооны тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 47, 110 тал/, шүүгдэгч Х.И-н нас тоолсон тэмдэглэл /1 хх-ийн 49-50 тал/, Ангийн багш Б.Г-н зан байдлын “...хамт олны дунд нэр хүнд сайн, аливаа зохиогдож байгаа ажилд идэвхтэй оролцдог. Спортод их сонирхолтой...” тодорхойлолт /1 хх-ийн 51 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 120-123, 124-129 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 1 хх-ийн 20, 21-22, 80-82 талд тус тус авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байх тул үнэн зөв гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.И нь 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  ... байрны тоотод байх хохирогч О.Б-н гэрт орж, түүний эзэмшлийн 2 ширхэг бугуйн цагийг авч, хохирогчид 599.173 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болох гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 3 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 4-5, 6-8 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Hugo Boss брендийн хар өнгийн бугуйн цагийг О.Б-д хүлээлгэн өгсөн...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 12 тал/, хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гэр орноо шалгаад том өрөөний хар өнгийн шкафанд байсан миний 2 ширхэг бугуйн цаг алга болсон байсныг мэдээд цагдаа дуудсан...” /1 хх-ийн 15-16, 17 тал/, Д ХХК-ийн “...Hugo ss, Burberry брендийн цагийг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 599.173 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1 хх-ийн 24-25 тал/, гэрч  Р.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...И-г Б-н гэр рүү яаж орсон талаар асуухад гэр нь онгорхой байсан гэж надад хэлсэн. ...мөн Б ахын гэр нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр урилга тараагаад явж байхад хаалга нь онгорхой бөгөөд үүдэнд нь нэг гутал байхаар нь Б ахыг дуудтал дуугарахгүй байхаар нь 5-10 минут хүлээгээд хүн гарч ирэхгүй байхаар нь гэр рүү нь ороод том өрөөнд нь хар шкафанд байсан 2 цагийг авчихсан юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-78 тал/, шүүгдэгч Х.И-н шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болсон үйл явдлыг мэдүүлсэн “...2 давхар руу гартал О.Б ахын гэр болох ...  тоотыг тогштол хаалга нь онгорхой байсан. Б ахыг дуудтал хүн дуугарахгүй байхаар нь гэр рүү ороод хүн орж ирэхнүү гээд хэсэг хүлээгээд зогссон. Тэгтэл хүн орж ирэхгүй байхаар нь том өрөөнд нь байрлах шилэн хар шкаф руу хартал түүн дээр “Burberry” брендийн бугуйн цаг байхыг олж хараад очоод автал цаана нь хар өнгийн Hugо Boss брендийн бугуйн цаг нь мөн байж байхаар нь хоёр цагийг нь хоёуланг авчихаад 2-3 минут яахаа мэдэхгүй бодож зогсож байгаад уг хоёр цагийг хувцасныхаа халаасанд хийгээд гэрийнх нь хаалгыг хаагаад гараад явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96 тал/ бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоосон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Учир нь хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмч, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч буй шууд санаатай, шунахай сэдэлтэй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээний хохирлоос дээш хохирол учирсан байхыг шаарддаг.

Мөн “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгохоор хуульчилсан. 

Иймд шүүгдэгч Х.И-н хохирогч О.Б-н гэрт зөвшөөрөлгүй нэвтрэн орж, гэрээс нь 599.173 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Түүнчлэн, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан “...2019 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны гадна талын зогсоол дээр 0000 ....улсын дугаартай Nissan Tiida маркийн автомашинаа алдсан...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 62 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 63-64 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 65-68 тал/, хохирогч Ө.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн .. дугаар хороо, Говь сауны баруун талаар уруудсан зам дагуу .. дугаар байрны зогсоол дээр 0000.... улсын дугаартай “Ниссан Тида” маркийн автомашинтайгаа ирж зогсоод ...чихэр, жимсээ багажнаас авахдаа би автомашины түлхүүрээ жолооч талын хаалганд зоолттой орхиод амарсан байсан. Өглөө 8 цагийн үед би ажил руугаа явах гээд түлхүүрээ гэртээ хайгаад олоогүй гараад иртэл автомашинаа тавьсан зогсоол дээр миний машин байхгүй байсан болохоор цагдаад хандсан. ...Машинаа буцааж авсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75, 76 тал/, Д ХХК-ийн “...Ниссан тийда маркийн автомашин нь 5.300.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 83-84 тал/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл “...хар өнгийн 1 ширхэг автомашины түлхүүрийг хураан авав...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 88 тал/, шүүгдэгч Х.И-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...РС  тоглоом орох зорилготой явж байтал хүүхдүүдэд машинтай харагдмаар санагдаад уг машин дээр очоод асаагаад хорооллын замаар Дүэл гэх нэртэй компьютер тоглоомын газар очоод уг машиныг гадаа нь тавьчихаад дотор 2 хоног тоглож хоносон...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би машин унаж хүүхдүүдэд гайхуулмаар санагдаад унаад явчихсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.И нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан Ө.Д-н эзэмшлийн Ниссан тида загварын 0000 .... улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан болох нь нотлогдон тогтоогджээ.  

Шүүгдэгч Х.И-н энэ үйлдэл нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших буюу өөрийн болгох, зарж борлуулан мөнгө олох гэсэн шунахай зорилгогүй, найз нартаа машинтай явж харагдах, машин жолооддог гэж гайхуулах гэсэн сэдэлттэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь дээрх гэмт үйлдлүүдэд идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

Иймд шүүгдэгч Х.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Б, Ө.Д нарт эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Б-н хохирлыг барагдуулсан, Ө.Д-н автомашиныг буцаан өгсөн нөхцөл байдал тогтоогдсон, мөн хохирогч нар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна.

Иймд шүүглэгч Х.И-с гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Х.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  “...учруулсан хохирол төлсөн...” гэсэн хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.И-т ял оногдуулахдаа түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоолоо.

Шүүгдэгч Х.И-т оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч Х.И-н 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 29, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хоригдсон нийт 201 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч Х.И-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.И-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Б овогт Х.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд,

             - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 зааснаар шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих я Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон 50 /тавь/ хоног хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Х.И-н биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-н 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 29-ний, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 201 /хоёр зуун нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.И бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА