Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00468

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 71 дүгээр байр, “Эв-эе 84” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 71 дүгээр байр, 42 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндоржийн Мөнх-Эрдэнэ /РД: АН82051913/-т холбогдох,

 

540 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Эв-эе 84” СӨХ-ны төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 17-р хорооны 71-р байрын “Эв эе” СӨХ нь 2014 оны 6 сард байгуулагдсан. Энэ байшин нь анх 2012 онд ашиглалтанд орсон байшин. 2 жил гарантай СӨХ нь тодорхойгүй. Өөр албан бус хүний СӨХ-той байсан. 2014 оноос н.Алтанхүү гэдэг хүн томилогдож СӨХ байгуулагдсан. СӨХ-ны бичиг баримт бүгд бүрэн. Иргэний хуулийн 143.4-т заасны дагуу энэ байранд нийтийн эзэмшлийн оршин суугч иргэн болгон энэ СӨХ-ны гишүүн байх ёстой. СӨХ-ны хурал ном журмын дагуу явагдаж 60 хувийн ирцтэйгээр албан ёсны СӨХ байгуулагдсан. Ц.Мөнх-Эрдэнээс нэхэмжилж байгаа зүйл нь 2014 оноос хойш төлөөгүй СӨХ-ны төлбөрийг алданги болон хүү нэхэмжлэхгүйгээр үндсэн СӨХ-ны мөнгийг нэхэмжилж байгаа. Ц.Мөнх-Эрдэнэ нь 2014 оны 7 дугаар сар, 11 дугаар сар, 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дугаар сараас 12 дугаар сарын СӨХ-ны төлбөрийг төлөөгүй. Дунд нь Ц.Мөнх-Эрдэнэ надтай уулзаж 2014 оны 8, 9, 10 дугаар сарын төлбөрөө төлсөн. Үүнийг нь хасаад үлдэх төлбөр болох 540 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байрыг ашиглалтанд орсон үеэс нь эхлээд амьдарсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд ажлын асуудлаас болоод би хөдөө байгаа учраас өөр хүн түрээслэн сууж байгаа. 2012 онд байр ашиглалтанд ороод байрыг барьсан компани нь СӨХ-ныхоо төлбөрөө хариуцаж байсан. Тухайн үед би СӨХ-ны төлбөрөө бүрэн төлж байсан. Барьсан компани нь СӨХ-оо хариуцахаа болиод солигдсон СӨХ-руу нь хэд хэдэн удаа орсон боловч 2, 3 удаа СӨХ солигдсон. Солигдох болгондоо бие биенийгээ үгүйсгэсэн мэдэгдэл зарлалын самбар дээр наасан байсан. Тухайн үед зарим айл нь СӨХ-оо төлж байсан. Би хөдөө байсан учраас СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. 2015 оны 04 сараас эхлэн энэ хүн манай СӨХ-ыг хариуцаж ажиллаж эхлэх үед би өөрөө орж уулзсан. Таниас өмнө нь байсан СӨХ-ын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 04 сараас хойшхи СӨХ-ны төлбөрийг төлөөд явна. Өмнөхийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Юу ч хийгээгүй учраас өмнөх төлбөрийг төлөхгүй гэж хэлсэн. 2015 оны 4 сараас 9 сар хүртэл би 5 сарын мөнгийг төлсөн. Манай байранд байдаг хүн банкин дээр очихоор 2014 оны СӨХ-ны төлбөрийг нэхээд байна гэдэг байсан. Би тэр хугацааны төлбөрий хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас байгаа цаг хугацааныха төлбөрийг төлнө гээд төлөөгүй. Сар бүрийн төлбөрөө төлөх гээд очих үед 2014 оны төлбөрийг суутгана гээд байсан учраас төлбөрийг төлөөгүй. Миний хүлээн зөвшөөрч байгаа мөнгө нь нийтдээ 2015 оны 09 сараас хойш 2016 оны 12 сарын дуустал хугацааны мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ мөнгө нь 420 000 төгрөг болж байгаа. Үүнээс би өөрөө байх хугацаандаа төлсөн төлбөр болох 100 000 төгрөгийг хасаад 320 000 төгрөгийг төлхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүнийг анх СӨХ хариуцаж ажиллаж байгаа гэдгийг мэдээд очиж уулзсан. Нэхэмжлэл ирсэний дараа ч гэсэн энэ хүнтэй уулзаж энэ талаараа хэлсэн. Би энэ хүнтэй уулзаад утасны дугаараа үлдээгээд манайд байгаа хүн СӨХ-ны төлбөрөө төлөхгүй бол та надад мэдэгдээрэй гэж хэлсэн. Гэтэл надад мэдэгдсэн зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эв-Эе 84” СӨХ нь хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 2014 оны 7, 11, 12 дугаар сар, 2015, 2016 оны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...2015 оны 04 сараас хойшхи СӨХ-ны төлбөрийг төлөөд явна. Өмнөхийг нь хүлээн зөвшөөрөхгүй, ...320 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, ...100 000 төгрөг төлсөн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн оршин сууж буй Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 71 дүгээр байр, 42 тоотод орон сууц нь нэхэмжлэгч “Эв-Эе 84” СӨХ-д харьяалагддаг болох нь, мөн хариуцагч уг орон сууцанд оршин суудаг болох нь “Эв-Эе 84” СӨХ-ны 197 дугаартай гэрчилгээний хуулбар болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж заасны дагуу хариуцагч нь тухайн СӨХ-ны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.

 

Гэтэл хариуцагч нь 2014 оны 7 дугаар сар, 11 дугаар сар, 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 540 000 төгрөг төлөөгүй болох нь Төрийн банкны төлбөрийн баримтаар нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх төлбөрөөс 100 000 төгрөгийг төлсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь СӨХ-ны үйл ажиллагааг доголдолтой гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу зохих этгээдэд гомдол гаргах эрхтэйгээс гадна СӨХ-ны үйл ажиллагааны талаар сөрөг шаардлага гаргаагүй байх тул хариуцагчийг дээрх үндэслэлээр төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагчаас 2014 оны 7 дугаар сар, 11 дугаар сар, 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 540 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 540 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.Мөнх-Эрдэнээс 540 000 гаргуулан нэхэмжлэгч “Эв-Эе 84” СӨХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 16 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН