Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 801

 

 

 

2020               09            07                                    2020/ШЦТ/801

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Иргэдийн төлөөлөгч Э.Г,

Хохирогч Д.Ш,

Шүүгдэгч: Т.Э, түүний өмгөөлөгч Ш.Г / шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0302/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-н Э-д холбогдох эрүүгийн 1905040921107 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн  .дугаар хороо, .. дугаар хороолол,  дүгээр байр 0 тоотод оршин суух хаягтай, /РД:хх0000000/, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Т-н Э.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Т.Э нь Баянгол дүүргийн ..дугаар хороо, Зүүн нарангийн 0000 тоот хашаанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө хохирогч Д.Ш-н цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр хохирогч маш их согтсон байсан. Юу болсон талаар би сайн санахгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бааранд согтуу байхад манай найз Э ирж авсан. Замаараа 2 литр 500 грамын пиво авч явсан. Согтуу байсан. Миний буруугаас болж маргалдсан. Зодоон болсон. Тухайн үед намайг яасныг би санахгүй байгаа. Э-тай эхлээд зодолдсон. Салгах үед Энхманлай нэг зүйлээр хатгасан гэсэн. Хохирол төлбөрт би 10 сая төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг,   

 

Эрүүгийн 1905040921107 дугаартай эрүүгийн хэргээс:

 

            Хэргийн газар үзлэг хийсэн “...Уг байшин нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан бор өнгийн төмөр хаалгатай байх ба хаалгаар ороход гал тогооны өрөө унтлагын өрөө гэсэн зохион байгуулалттай 2 өрөө байх ба гал тогооны өрөөнд үзлэгийг эхлүүлэв. Уг гал тогооны өрөө ертөнцийн зүгээр урагш харсан цонхтой цонхны доор хананд тулгаж байрлуулсан даавуун шар өнгийн бүтээлгэтэй 4 хөлтэй модон ширээ байв. Ширээний доод хэсэгт шалан дээр бор өнгийн иштэй үзүүр хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байх ба кримиластикийн шинжээч хутганы хажууд 44 номер байрлуулж гэрэл зургаар бэхжүүлэн авч үзлэгийн тэмдэглэлээр хураан авч бэхжүүлэв. Гал тогооны өрөөний ертөнцийн зүгээр баруун хананд бор шаргал өнгийн 180 см орчим өндөртэй доороо 2 хаалгатай, 4 шургуулгатай дээрээ 2 хаалгатай гал тогооны өрөөний тавилга байв. ...Уг унтлагын өрөөний баруун ханад цонх хэсэгт тулгаж байрлуулсан хар өнгийн буйдан ор байх ба уг орны хажууд байх шалны хулдаасан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйл байх ба кримналистикийн шинжээч уг бохирлогдсон хэсгээс цагаан өнгийн марланд шингээж шинжилгээнд зориулж бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 5-7 тал/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүрийн ... дугаар хороо Зүүн нарангийн .... тоотод Д.Ш-г түүний найз Д.Э хутгалж гэмтээн цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэрэгт хэргийн газраас хураан авсан бор өнгийн иштэй, үзүүр хэсэг нь улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга, цагаан өнгийн мааралд шингээн авсан цус мэт эд зүйл зэргийг эд мөрийн баримтаар үндэслэлтэй байх тул ...эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол / хх-ийн 19 тал/,

 

Хохирогч Д.Ш-н мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн  ..дугаар хороонд “А” караокед найз Б, Д, У нарын хамт ороод 10 шил пиво авсан. Улмаар 2 шил пиво ууж дуусгаад хорооллын эцэс орж У-тай хамт юм ярьж байгаад өмнө нь муудалцаж байсан үл таних хүмүүстэй маргалдахад найз Э ирээд намайг явъя гэхээр нь би дагаад Приус 30 маркийн машинд суухад З, Э, үл таних нэг эмэгтэй сууж байсан. Тэгээд би найз Э-н гэрт очихоор болоод замдаа “Тааз” гэх дэлгүүрийн гаднаас 2 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” пиво аваад Э-н гэрт очиж уусан. Гэрт нь очоод авсан пивоо ууж байхад З орон дээр хөнжил нөмөрөөд хэвтэж байхад Э надтай хэрэлдээд уурлаад нүүр хэсэгт цохиод байхаар нь би боль гэж зөндөө гуйсан. Би өөрийгөө хамгаалах үедээ найз Э-г хэд хэдэн удаа цохисон. ...Э цааш яваад эргэж ирээд миний баруун хавирга хэсэгт нэг зүйлээр хатгасан. Тэгээд миний баруун хавирга хэсгээс цус алдахад Э түргэн тусламж дуудсан. ...3.000.000 гаруй төгрөгний эмчилгээ хийлгэсэн. ...надад 2.700.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-61, 117-118, 127-128 тал/

 

Гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 1 цагт найз залуу Э хамт Тоёота приус маркийн машинтай Баянгол дүүргийн хороололд байрлах баарны хажуугаар явж байхад баарны үүдэнд хүмүүс маргалдаж байсан. Тэгээд би найз залуу Э-н хамт хажуугаар нь явж байгаад Э-н найз Ш-тай тааралдсан.  ...Бид Тааз гэх нэртэй дэлгүүрийн гаднаас үл таних эрэгтэй хүнээс 2 ширхэг пиво аваад найз залуу Э-н хуучин гэр болох Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн нарангийн .... б тоот хашааны гадаа машин дотор пиво ууж байгаад Ш гэртээ харьж чадахгүй болчихлоо гэхээр нь Э манайд хоноод яв гээд пиво аваад хашаанд байрлах байшин руу орсон. Би байшин руу ороод ороо засаад унтаад өгсөн. Харин найз залуу Э Ш-тай хамт архи уугаад үлдсэн. Тэгээд унтаад байж байхад Э, Ш нар хоорондоо муудалцах үед би сэрээд Э, Ш хоёрыг салгаад 00 ороод буцаад орондоо ороод унтсан. Тэгээд удалгүй дахиад Э, Ш 2 муудалцаад байхаар нь сэрээд хартал Э хэвтсэн дээр нь Ш хоолойг нь боочихсон сууж байсан. Тэгэхээр нь би босгоод Э, Ш нарыг салгаад байж байтал Ш яаая гээд доошоо суухаар нь эргэж хараад найз залуу Э-н гарт иш нь хар өнгөтэй дунд зэргийн урттай хутга байхаар нь би аваад байшингийн үүдний хэсэг рүү шидсэн. Би Ш-н баруун талын хавирга хэсгээс цус гарахаар нь тогтоох гэж байхад найз залуу Э түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Гэрч О.З мөрдөн шалгах ажиллагаанд “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим Э болон түүний найз охин Х нартай хамт найз Б-н хүүхдийн үсний найранд оччихоод 23 цагт хорооллын эцэст ирсэн. ...Улмаар хорооллын Файр нэртэй баарнаас Ш-г маргалдаж байсан хүмүүсээс нь салгаад Бичил хорооллын ойролцоо пиво шагалж зардаг хүмүүсээс 2 ширхэг пиво аваад Э-н гэрт очиж уусан... Бид дөрөв пивоо задлаад уугаад суусан, би айлын найран дээр айраг их уусан болохоор согтоод эрт унтаад өгсөн. Унтаж байхад хүмүүс орилолдоод байхаар нь сэртэл Ш миний унтаж байсан орыг налчихсан хэвтэж байсан. Х, Ш-н баруун хавирга дээр нэг алчуураар дарчихсан Ш-н баруун хавирга орчимоос цус гарч байсан. Э цагдаа дуудаад байх шиг байсан. Би босоод иртэл Э наана чинь цус гараад байна гэхээр нь би Ш-н баруун хавирга орчим цус гарч байсан хэсэгт алчуураар дарж цусыг тогтоох гэж оролдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/

 

            Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ш гэх залуу баарны үүдэнд хүн өдөөд яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 12611 дугаартай “...Д.Ш-н биед цээжний баруун талд 4-5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан  шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралт, хоёр нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний баруун талд 4-5 хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 тал/,

 

            Хохирогч Д.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 64 тал/,

 

Шүүгдэгч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Ш намайг цохих гэж байгаа юм шиг дайлахаар нь би зөрүүлээд тэврэх үедээ гартаа барьж байсан хутгаараа санамсаргүй байдлаар Ш-г зүссэн. Дараа нь харахад зүсэгдсэн байх шиг байсан. Ш яая гэхээр нь яачив гэтэл суга орчимоос нь цус гарч байсан. Би тэгээд алчуур аваад цус гарж байгаа хэсэг дээр нь дарсан. ...Эмчилгээний зардал 1.700.000 төгрөг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73, 75-79, 81-83 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь өөрийн гэртээ буюу Баянгол дүүргийн ...дугаар хороо, Зүүн нарангийн ....Б тоотод 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө хохирогч Д.Ш-н цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:      

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Э-г Баянгол дүүргийн .. дугаар хороо, Зүүн нарангийн ....Б тоот хашаанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө хохирогч Д.Ш-н цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1905040921107 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан ба зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг гэж хуульчилсан.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ....дугаар хороо, Зүүн нарангийн ....Б тоот байрлах гэртээ хохирогч Д.Ш-н цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон байна.     

 

Тодруулбал, гэрч У.Х-н “...Тэгэхээр нь би босгоод Э, Ш нарыг салгаад байж байтал Ш яаая гээд доошоо суухаар нь эргэж хараад найз залуу Э-н гарт иш нь хар өнгөтэй дунд зэргийн урттай хутга байхаар нь би аваад байшингийн үүдний хэсэг рүү шидсэн. Би Ш-н баруун талын хавирга хэсгээс цус гарахаар нь тогтоох гэж байхад найз залуу Э түргэн тусламж дуудсан...” гэх /хх-ийн 25-26 тал/, гэрч О.З-н “...Унтаж байхад хүмүүс орилолдоод байхаар нь сэртэл Ш миний унтаж байсан орыг налчихсан хэвтэж байсан. Х,Ш-н баруун хавирга дээр нэг алчуураар дарчихсан Шинэбаярын баруун хавирга орчимоос цус гарч байсан. Э цагдаа дуудаад байх шиг байсан. Би босоод иртэл Э наана чинь цус гараад байна гэхээр нь би Ш-н баруун хавирга орчим цус гарч байсан хэсэгт алчуураар дарж цусыг тогтоох гэж оролдсон...” гэх /хх-ийн 27-29 тал/, хохирогч Д.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би болсон үйл явдлыг согтуу байсан тул сайн санахгүй байна. Намайг хутгалж надад гэмтэл учруулсан. Гэхдээ энэ хэрэг надаас болж гарсан учир надад гомдол санал байхгүй, хохирлоо авсан...” гэх, шүүгдэгч Т.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “....Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна... ” гэх мэдүүлгүүд болон хавтас хэргийн 37-38 дахь талд авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 12611 дугаартай “...Д.Ш-н биед цээжний баруун талд 4-5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан  шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралт, хоёр нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч Т.Э нь зэвсэг болох хутгаар хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэн Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.Э-н хохирогч Д.Ш-н Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай, хохирогчийг хутгалахад түүний эрүүл мэнд, амь насанд аюултай хохирол хор уршиг учрахыг мэдэж, хүсэж үйлдсэн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

 

Иймд прокуророос шүүгдэгч Т.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ш-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон. Хохирогч Д.Ш нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, нийт 396.865 төгрөгийн 3 ширхэг баримт гаргаж өгсөн нь хэргийн 64 дэх талд авагдсан. байх ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...надад 2.700.000 төгрөг өгсөн... ” /127-128 тал/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...10 сая төгрөг авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Т.Э-с гаргуулах хохирол төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Э нь Баянгол дүүргийн .... дугаар хороо, Зүүн нарангийн .....Х тоот хашаанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө хохирогч Д.Ш-н цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э тайван даруу зантай, сүр сар гээд байдаггүй, үг дуу цөөтэй, дуугүй, олон үггүй. Тайван дөлгөөн зан ааштай. Э-н аав барилгын ажил хийдэг болохоор зундаа аавыгаа дагаад хөдөөгүүр ажилд явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүү маань их дуугүй даруухан, олон найз нөхөдтэй хүмүүстэй нийтэч хүнд тусч эелдэг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/ шүүгдэгч Т.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 тал/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 89 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 90 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 91 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 93-100 тал/, сурагчийн хувийн хэрэг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хх-ийн 102-113 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 114 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд тэрээр өрх тусгаарлаж гараагүй, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн .. хороо, 000 тоотод оршин суух хаягтай, төлөв даруу зантай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. 

Мөн шүүх хуралдаанаар хохирогчийн зүй бус үйлдэл болон хохирогч, шүүгдэгч нарын архи согтруулах ундаа зүйл хэрэглэж бие хянах чадваргүй болсноос хамааран тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн...”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Э нь таваас арван хоёр жил хорих ял шийтгэхээр заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хууль зүйн шаардлагыг хангаж байх тул шүүх найман жилээс хэтрүүлэхгүйгээр, гурван жил дөрвөн сараас багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүх Т.Э-н хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлж үзэх байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 20 /хорь/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.            

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй тус тус дурдаж, шүүгдэгч Т.Э-д хорих ял оногдуулсантай холбоотойгоор өмнө авсан авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т. Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б овогт Т.Э-д 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Э-д оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Э-н 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11  дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                              ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ