Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мөнхсолонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/01492 дугаар шийдвэртэй, Б.Мөнхсолонгын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бямбацогтод холбогдох,

Тэжээгчээ алдсаны тэтгэмжид олгогдсон 705 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлхийцэцэг,

Хариуцагч Д.Бямбацогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний ээж нас барсан учир надад тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүссэн юм. Миний эцэг Д.Бямбацогт энэ тэтгэмжийг авч байсан ба 2016 оны 4 дүгээр сараас би өөрийн нэр дээр шилжүүлэн авах болсон. Би 18 настай бөгөөд 3 дугаар курсын оюутан, ажил хийдэггүй мөнгөн орлого байдаггүй, сургалтын төлбөрөө хувиараа төлдөг. 2016 оны төлбөрийг зээлээр төлсөн. Миний эцэг Д.Бямбацогт ажилтай, цалин авдаг боловч төлбөрийг төлөлцдөггүй. Надад олгогдох ёстой тэтгэвэр 2015 оны 12 сараас 2016 оны 3 сарын 705 000 төгрөгөөс 230 000 төгрөгийг өгсөн учир үлдэгдэл 480 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний эхнэр Ц.Туяа өвчний улмаас 2015 оны 12 дугаар сарын 16-нд нас барсан. Би өөрийн охин Б.Мөнхсолонгын хамтаар үлдсэн. Охин Б.Мөнхсолонго 18 настай оюутан учир тэжээгчээ алдсаны тэтгэмж 230 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай авахаар тогтоогдон ба эцэг миний нэр дээр дэвтэр нээж олгосон. Халамжийн сангаас охин Б.Мөнхсолонгод 2015 оны 12 сард 14 838 төгрөг, 2016 оны 1, 2, 3 сард тус бүр 230 000 төгрөг, нийт 704 838 төгрөг олгогдож, Голомт банк дахь дансанд шилжин орсон юм. 2016 оны 3 дугаар сард талийгаач эхнэрийн төрсөн дүү Дэлхийцэцэг Сонгинохайрхан дүүргийн халамж үйлчилгээний газарт гомдол гарган, охин Б.Мөнхсолонгын тэтгэмжийг өөрчлүүлэн өөрийн нэрээр шилжүүлэн авсан. Сүүлийн 3-р сарын тэтгэмж 230 000 төгрөг миний дансанд орсныг би мэдээгүй ба 2016 оны 9 дүгээр сарын 22-нд охин Б.Мөнхсолонгын дансанд шилжүүлсэн. Миний дансанд тэтгэмжийн 474 838 төгрөг байснаас охин Б.Мөнхсолонгод хэрэгцээтэй үед нь цувуулж өгч өөрт нь зориулж ирсэн. Тухайлбал 2016 оны 1-3 дугаар сард жолооны курст сургаж, жолооч болгож, төлбөрт 250 000 төгрөг, үнэмлэх 20 000 төгрөг, нийллэг 30 000 төгрөг, хоолны 100 000 төгрөг, мартын 8-нд 50 000 төгрөг, 2016 оны 3-р сард эгч Мөнх-Уянгыг жолоонд суралцуулна гэхэд нь 250 000 төгрөгийг тус тус өгсөн. Миний хувьд охин Б.Мөнхсолонгын тэтгэмжийн мөнгөнөөс өөрт ашигласан зүйлгүй, бүгдийг өөрт зориулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ц.Дэлхийцэцэг үндэслэлгүйгээр 705 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй, би охиныхоо тэтгэлгээс 475 000 төгрөг авсан. Үүнээс 270 000 төгрөгийг өгсөн, 245 000 төгрөг охиндоо өгнө, ... 350 000 төгрөг дансанд нь шилжүүлнэ. Харин Дэлхийцэцэгт гомдол гаргаж эрүүгийн журмаар шалгуулна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Бямбацогтоос 475 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхсолонгод олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие Ц.Туяатай хамтран амьдарч, 1989 онд Б.Мөнх-Уянга, 1997 онд Б.Мөнхсолонго нарыг төрүүлэн өсгөсөн. Охин Б.Мөнсолонго 2003-2005 онд орос цэцэрлэг, 2005-2012 онд Радуга орос сургуульд, 2012-2014 онд ШУТИС-ийн ахлах лицейд, 2013-2016 онд ШУТИС-ийн 3 дугаар курсд сурч байгаа. Эхнэр маань 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барж, бага охин Б.Мөнхсолонгийн хамт амьдарч байсан. 2016 онд хоёр охины жолооны курст 300 000, 250 000 төгрөгийг төлсөн, баримтыг жолооны курсээс очиж авсан. Ц.Дэлхийцэцэг хууль бус албан бичиг бүрдүүлж шүүхэд өгсөн учир охин Б.Мөнхсолонгыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах гэж 2 удаа хүсэлт өгсөн ч миний эрх ашгийг үл хүндэтгэн, өмгөөлөгч, гэрчгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Эхнэр маань Сонгинохайрхан дүүрэгт 46 сая төгрөгийн үнэлгээтэйгээр гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оруулж 2014 оны 10 дугаар сард гэрээ хийсэн. Гэтэл эхнэрийг минь нас барсныг далимдуулан чамд юу ч олдохгүй, улмаар 8 хувийн зээлээр авсан нэг өрөө байрыг чинь булааж авна гэж доромжилж, сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа зэргийг харгалзаж охин Б.Мөнхсолонгыг давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхсолонго нь хариуцагч Д.Бямбацогтод холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжид олгогдсон 705 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 230 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 475 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ охин Б.Мөнхсолонго, Б.Мөнх-Уянга нарын жолооны дамжаа, бусад хэрэгцээнд зарцуулсан гэж тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Мөнхсолонгын эх Ц.Туяа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан тул түүнд тэжээгчээ алдсан тэтгэмж авах эрх үүсч, тухайн үед насанд хүрээгүй учраас уг тэтгэмжийг түүний эцэг Д.Бямбацогтын дансаар шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 5, 7-9, 23/

Хариуцагч нь охин Б.Мөнхсолонго, Б.Мөнх-Уянга нарын жолооны сургалтын төлбөрт тус бүр 250 000 төгрөг төлсөн тухай “Ар Сайхан” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт ирүүлсэн боловч тухайн компани үүнийг Д.Бямбацогтын хүсэлтээр нөхөж бичсэн, тэрээр ямар нэгэн төлбөр төлөөгүй, шүүхэд нотлох баримтаар ашиглах зорилготой байсныг мэдээгүй учир “мөнгө тушаасан” гэх баримт хүчингүй талаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 57 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. /хх 24,26, 33/

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлжээ.

Мөн зохигчдын хооронд үүссэн маргаан, нэхэмжлэгчийн шаардах эрх, түүнд хамаарах эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хариуцагч Д.Бямбацогтыг бусдын өмнө буюу охин Б.Мөнхсолонгын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр буюу 475 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхсолонго нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ц.Дэлхийцэцэгт итгэмжлэл олгосноор шүүхэд мэдүүлэх эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх эрхийг тухайн этгээдээр төлөөлүүлж байгаа нь хууль зөрчөөгүй бөгөөд тэрээр уг итгэмжлэлээс татгалзаагүй тул түүнийг шүүхэд биечлэн ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, уулзуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбацогтын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/01492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбацогтын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 14 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА