Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00476

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83А дугаар байр, 25 тоотод оршин суух, Бал овогт Балжидын Энхжаргал /РД: ХБ54101288/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83Б дугаар байр, 91 тоотод оршин суух, Хатагин овогт Будын Майцэцэг /РД: ХБ65041462/-т холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүү болон бусад зардалд 4 256 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Майцэцэгтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Мажеста хотхон”, 12 давхар барилгын А блокны 7 дугаар давхарт байрлах орон сууцыг 1 м.кв-ыг 1 550 000 төгрөгөөр тооцож, 97.5 м.кв талбайтай орон сууцыг зарим нэг өөрчлөл хийлгэхээр гэрээндээ тусгаж, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч Б.Майцэцэг нь гэрээний 5.1.2-т заасан “гүйцэтгэч нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон барилгын норм стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгч захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчиж гэрээий 1.2-т заасан талбайгаас 2.59 м.кв дутуу, өөрөөр хэлбэл, 94.91 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагчаас 2.59 м.кв талбайн дутуу төлбөр 4 014 500 төгрөгийг үүнтэй уялдан гарсан зардал тэмдэгтийн хураамжид төлсөн 88 200 төгрөг, орон сууцны хэмжилт хийлгэсэн зардалд 183 000 төгрөг, архиваас зураг хуулбарлан авсан төлбөрт 5 000 төгрөг, дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан төлбөрт 54 000 төгрөг, нийт 4 344 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч Б.Майцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд миний нэртэй  хийсэн гэрээ хавсаргасан боловч миний бие нэхэмжлэгчийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй таних ч үгүй. Уг гэрээг тухайн үед барилгыг барьж гүйцэтгэсэн “Есөнбүрд” ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер П.Наранхүү надаар зуруулсан байна. Би өөрөө “Есөнбүрд” ХХК-д хөрөнгө оруулагч ба захиалагчийн гэрээ хийсэн. Б.Энхжаргалаас орон сууцны захиалгын үнэ болох мөнгийг аваагүй. Мөнгө хүлээн авагч нь “Есөнбүрд” ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер П.Наранхүү, ня-бо Б.Соёл нарын гарын үсэгтэй бөгөөд тус компанийн тамга тэмдэгтэй орлогын баримт байна. Эдгээр хүмүүс тухайн үед энэ байрны тооцоог надтай хийгээгүй. Тийм учраас нэхэмжлэгч дээрх мөнгөө “Есөнбүрд” ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй. Уг “Мажести” хотхоны барилгын гүйцэтгэлтэй холбоотой хөрөнгө оруулагч Б.Майцэцэг, гүйцэтгэгч байгууллага “Есөнбүрд” ХХК-тай эд хөрөнгийн маргаантай байгаа учраас хуулийн байгууллагад эрүүгийн хэргийн 2015260001314 тоот П.Наранхүү, Б.Соёл нарт холбогдох хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Б.Майцэцэгийн хувьд хариугчаар татсан нь буруу. Тэрээр энэ байшингийн захиалагч ба “Есөн бүрд" ХХК уг байрыг барьж гүйцэтгэсэн. Хэрэв дутуу м.кв бүхий байр хүлээлгэж өгсөн бол “Есөн бүрд” ХХК дутуу м.кв бүхий байр барьж байрыг хүлээлгэж өгсөн. Энэ компаний буруу. Б.Энхжаргал гэдэг захиалагчаас 3 удаа мөнгийг хувааж авсан. Мөнгийг хувааж авсан кассын орлогын баримт дээр Б.Майцэцэгийн гарын үсэг байдаггүй. “Есөн бүрд” ХХК-ийн ажилтан П.Наранхүүгийн гарын үсэг байдаг. Анх байрны захиалга авахдаа “Есөн бүрд” ХХК-ийн ажилтан П.Наранхүү, н.Болорнямбуу нар хүлээж авсан байдаг. Байр захиалгын гэрээн дээр Б.Майцэцэгийн гарын үсэг байсан. Үүнийг Б.Майцэцэг ч өөрөө миний гарын үсэг мөн байна гэж хүлээж зөвшөөрсөн. Гэхдээ хэрхэн яагаад энэ захиалгын гэрээн дээр миний гарын үсэг байгааг би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед Б.Майцэцэг гэрээ хийх үед Монгол улсад байгаагүй. Энэ нь хилийн шалганы лавлагаагаар харагдаж байгаа. Мөн нэхэмжлэгч өөрөө гэрээ хийх үед Б:Майцэцэг байгаагүй гэдэг. П.Наранхүү гэрээг цааш нь авч яваад захиралаар гарын үсэг зуруулаад иръе гэж хэлж аваад гарын үсэгтэй гэрээ авч ирсэн гэж хэлсэн. “Есөн бүрд” ХХК энэ байрны борлуулалтыг хариуцаж мөнгийг авч байсан. Гэвч одоо “Есөн бүрд” ХХК-ийн захирал н.Балдан-Осор нас барсан учраас энэ компанийн өв залгамжлагч, жинхэнэ эзэмшигч нь тогтоогдоогүй байгаа. Түүний өвлөгч гэх хүмүүс нь шүүхээр зарга үүсгээд явж байгаа. Энэ заргыг эцэслэн шийдвэрлэсний дараа хэн хариуцах нь тодорхой болох байх. Иргэн Б.Майцэцэг өөрийнхөө авч чадаагүй мөнгөнийхөө зөрүүнд орон сууц авсан байгаа. Тиймээс энэ хэргийг хариуцах хүн нь Б.Майцэцэг биш, харин “Есөн бүрд” ХХК тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь хариуцагч Б.Майцэцэгт холбогдуулан, орон сууцны талбайн зөрүүний төлбөрт 4 014 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөрт 88 200 төгрөг, орон сууцны хэмжилт хийлгэсэн зардалд 183 000 төгрөг, архиваас зураг хуулбарлан авсан төлбөрт 5 000 төгрөг, дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан төлбөрт 54 000 төгрөг, нийт 4 344 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...мөнгийг Б.Майцэцэг аваагүй “Есөн бүрд” ХХК авсан, ...барилгын гүйцэтгэгч нь “Есөн бүрд” ХХК тул Б.Майцэцэг маргаанд хариуцвал зохих этгээд биш” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Орон сууцны талбайн зөрүү 4 014 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Талуудын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан А/02 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх гэрээ”-ээр захилагч тал болох Б.Энхжаргал нь Баянгол дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Мажеста” хотхоны А блокны 97.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ 151 125 000 төгрөгийг гүйцэтгэгч болох Б.Майцэцэгт төлөх, харин гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг барьж ашиглалтанд олуулснаар гэрээнд заасан сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 14-19 дүгээр тал/.

 

Хариуцагч нь дээрх гэрээнд зурагдсан гарыг үсэг өөрийн гарын үсэг мөн эсэхийг үгүйсгээгүй байхаас гадна гэрч П.Наранхүүгийн мэдүүлэг /хх 81 дүгээр тал/ болон шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 370 дугаар дүгнэлтээр “гэрээнд зурсан гарын үсэг Б.Майцэцэгийн гарын үсгийн загвартай тохирч байна” гэснээс үзвэл хариуцагч нь  уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч дээрх гэрээнд бичигдсэн огноо буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Монгол улсад байгаагүй нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/3734 дугаар албан бичиг болон лавлагаараар нотлогдож байх боловч уг үйл явдал нь түүнийг гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Гэрээний 1.2, 2.1, 3.1, 5.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг захиалан бариулахад хуваарийн дагуу төлбөрийг төлөх, хариуцагч нь уг орон сууцыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд гэрээний агуулга, шинж, гэрээний зүйл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний төлбөрийг “Есөн бүрд” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар хүлээн авсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд гэрч П.Наранхүүгийн “...анхны гэрээг байгуулахдаа мөнгийг Б.Энхжаргал 3 хувааж өгсөн. 45 300 000 гаруй төгрөгийг С.Болонямбуу тоолж аваад Б.Майцэцэгт мөнгийг өгсөн. Дараагийн мөнгийг “Есөн бүрд” ХХК-ийн санхүүгээр дамжуулаад аваад Б.Майцэцэгт өгсөн” гэх мэдүүлгийг дээрх баримттай харьцуулан үзвэл гэрээний төлбөрийг гэрээний нэг тал болох Б.Майцэцэг хүлээн авсан гэж үзэхээр байна /хх 81-82 дугаар тал/. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг биелүүлсэн гэж үзэв.

 

Гэрээний 5.1.6-д зааснаар хариуцагч нь орон сууцыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн, тухайн орон сууц 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шинлжин, улсын бүртгэлд бүртгэгдсэн нь улсын бүртгэлийн 000278842 дугаар гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Дээрх орон сууцыг “Есөн бүрд” ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/100 дугаар албан бичгээр /хх 57 дугаар талын ар нүүр/ нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн боловч улсын бүртгэлд нэхэмжлэгч болон “Есөн бүрд” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх гэрээ” авагдсан байна. Гэвч уг гэрээнд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Б.Энхжаргалын гарын үсгийн загваруудтай тохирохгүй болох нь шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 4843 дугаар дүгнэлтээр нотлогдож байна. Иймд хариуцагчийн “...гэрээг нэхэмжлэгч нь “Есөн бүрд” ХХК-тай байгуулсан” гэх татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх гэрээний нэг тал болох гүйцэтгэгчийг “Есөн бүрд” ХХК гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Гэрээний 2.1-д орон сууцны талбайн хэмжээг 97.5 м.кв гэж заасан байх бөгөөд гэрээний 2.2-т “...орон сууцны талбайн хэмжээг ханын дотор талаас хэмжиж тогтоох, өрөө тасалгааны дундын хана хэмжилтэнд хамаарахгүй” гэжээ. “Тоонто Гранд” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 577 дугаар дүгнэлтээр дээрх орон сууцны талбайн хэмжээг “MNS 5068-2009 стандарын дагуу хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас хэмжиж, талбайн хэмжээг 94.91 м.кв” гэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний дагуу нийт 97.5 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч 94.91 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар маргааны зүйл болж буй орон сууцыг гэрээнд заасан хэмжээтэй тохирсон буюу ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь дээрх шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй. Гэрээний 2.1-д орон сууцны нэгж м.кв талбайн үнийг талууд 1 550 000 төгрөгөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 97.5 м.кв талбайн үнэд 151 125 000 төгрөг төлсөн байх тул зөрүү буюу 2.59 м.кв талбайд илүү төлсөн 4 014 500 төгрөгийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Орон сууцны хэмжилт хийлгэсэн зардалд 183 000 төгрөг, архиваас зураг хуулбарлан авсан төлбөрт 5 000 төгрөг, дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан төлбөрт 54 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88 200 төгрөг, нийт 330 200 төгрөг  гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилэх тул захиалагч нь өөрт учирсан хохирлыг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

Хавтаст хэрэгт “ТоонтоГранд” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 577 дугаартай, Б.Энхжаргалаас о/с талбайн хэмжилт хийлгэсэн төлбөрт 189 000 төгрөг төлсөн талаарх кассын орлогын ордер авагдсан байна. Нэхэмжлэгч нь орон сууцны хэмжилт хийлгэсэн зардалд 183 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд уг баримтад 189 000 төгрөг төлсөн талаар заасан байхаас гадна уг баримт нь маргааны зүйл болж буй орон сууцны талбайн хэмжээг хэмжихэд нэхэмжлэгчээс дээрх хэмжээний зардал гарсан гэх үйл баримтыг бүрэн нотолж чадахгүй байна. Түүнчлэн, Архивын ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “б/зураг хуулбар 5 000 төгрөг” гэх баримтаар төлбөрийг хэн төлсөн нь тодорхойгүй, мөн юуны учир, ямар төлбөрт буюу уг баримтыг хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэл, мөн маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин гаргуулахад нэхэмжлэгч 54 000 төгрөг төлсөн үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгодог. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гархадаа улсын тэмдэгтийн хураамжинд 88 200 төгрөг төлсөн байх бөгөөд уг маргааныг шийдвэрлэхтэй холбоотой дээрх төлбөрийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас нийт 330 200 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 4 014 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Майцэцэгээс 4 014 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН