Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 803

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Намжил,

Хохирогчийн өмгөөлөгч О.О, /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0351/

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч И.Х /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2456/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 2005007510302 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 2 дугаар сарын 26-ны өдөр .... аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онгоцны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо .. дугаар хороолол... дугаар байрны... тоотод оршин суух хаягтай, /РД:хх00000000/ урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15А дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, В овгийн Д.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э..В” цэцэрлэгийн харуулын байранд иргэн Л.Б-тай “ажлын байран дээр архи уусан” шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Л.Б-н нүүр, цээж рүү цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр намайг ажлын байранд архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн гэж хэлээд миний толгой руу нэг удаа цохисон. Тухайн өдөр би өөрийнхөө найз С-тэй хамт Э жаалууд цэцэрлэгийн харуулын байранд 0.33 литрийн хараа архинаас 3 татсан байсан. Би өөрийнхөө биеийг авч явах бүрэн чадвартай байсан. ...2019 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Э  жаалууд цэцэрлэгийн харуулын байр дотор байхад гараажийн хог цэвэрлээгүй байна гэж хэлээд миний баруун хөл рүү өшиглөсөн. 2020 оны 1 дүгээр сарын 23-ны орой 17-18 цагийн хооронд би ажил дээрээ ажлаа хийгээд байж байх үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирээд миний зүүн талын хавирга хэсэг рүү гараараа цохиод намайг боож унагаагаад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд зураг авахуулахад миний хавирга хугарсан байна гэж эмч нь хэлсэн. ...2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн үед үзлэг хийсэн эмч сайн хийсэн бол хоёр хавирганы хугарал тодорхой гарах байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-8, 147-148 тал/,

 

2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2538 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “....Л.Б-н биед зүүн хөмсөгт шарх, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,

 

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр манай нөхөр Б гэртээ Б-д зодуулсан гэж нүүр царай хөхөрсөн, хөмсөг нь задарсан гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хавьцаа өөрийн дүүгийн гэрт 10 орчим хоносон. ...Д.Б бид хоёр 0.33 литрийн 1 шил архи уугаад орой 18-19 цагийн үед тамхи татах гээд гадагшаа гарсан юм. Гадаа гараад ирэхэд Б-н байрны жижүүр ах манаачийн путик дотор ганцаараа ухаангүй согтуу байсан. Тэгээд тэр нөхрийг юу хийж байгаа юм эндээс яв гээд явуулаад байж байх үед яг үндсэн манаач Б гаднаас согтуу орж ирсэн. Б тэр хүнд та олон машин тэрэг хариуцаж байж ажлын байранд согтуу байж болохгүй гэж хэлж байсан. Тэр үед Б юу ч мэдэх ойлгох чадваргүй байсан тул Б гараашны түлхүүр өг гэж хэлэхэд түлхүүр өгөх ч чадваргүй байсан учир Б тэр хүнийг 1-2 удаа цохиод хөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 809 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /112-114 тал/,

 

2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 922 дугаартай “....үзүүлэгч Л.-н 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ГССҮТ-д үзүүлсэн эмчийн бичгүүд болон сиди 1 ширхэгтэй танилцахад ГССҮТ-н хүлээн авахын эмчийн бичигт: онош зүүн 7, 8-р хавирганы далд хугарал гэсэн байх ба 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1 ширхэг сиди-г /цээжний хэнхэрцгийн эгч, хүзүү, гавал ясны 2 байрлалын рентген зураг/ дүрс оношлогооны эмчээр уншуулахад хавиргануудад гэмтэлгүй гэсэн байна. 2 дугаар сарын 05-ны өдрийн ГССҮТ-н хүлээн авахын эмчийн бичигт хавирга ясны хугарал гэж дурьдагдаагүй байна. Иймд хавирга ясны хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Л.Б-н биед зүүн хөмсөгт шарх, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 152-154 тал/,

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 237 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 163-164 тал/

 

Яллагдагч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хадам ах Б-н хамтаар гэрээсээ гарч доод гараашинд орсон тэр үед манай гараашны манаач ажилтай Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ухаангүй согтуу өөрийнхөө биеийг авч явах чадваргүй байсан. Тэгэхээр нь би Б-г чи архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна чи ажил хийж байгаа хүн биздээ гараашны түлхүүр өгөөд чи яв дандаа архи согтууруулах ундаа хэрэглэх юм гэж хэлээд жаахан шаардлага тавьсан чинь өөдөөс үг хэлэхгүй байхаар нь би гараараа Б-н бие хэсэгт нь нэг, нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. ...2020 оны 1 дүгээр сард мөн ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хоёр удаа цохиж байсан. Шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ажлын байран дээрээ байнга согтуу дээрээс нь янз бүрийн эмэгтэй хүнтэй ирсэн байхаар нь уур хүрээд цохисон. Энэ нь буруутай үйлдлээ зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Д.Ю-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүү Д.Б ...... онд Ховд аймагт төрсөн. Нийслэлийн ... дугаар сургуулийг онц төгсөж улмаар Зөвлөлт холбоот улсын Эрига хотын нисэхийн дээд сургуульд суралцаж төгссөн. Б нь бага насандаа модон сийлбэр хийх, дуулж бүжиглэх урлаг соёлын авъяастай хүүхэд байсан. ...Миний хүү зөвлөлт холбоот улсад суралцаж ирээд МИАТ-т ашиглалтын инженер албан тушаалаас МИАТ-ын дарга гэх албан тушаалд ажилласан. МИАТ-д 18 жил ажиллах хугацаандаа Сингапур, Америкийн нэгдсэн улсад мэргэжил дээшлүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-43 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 46 тал/, жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 49 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 50 тал/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 51-52 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 53/, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ /хх-ийн 54/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-ийн 55 тал/, дипломын хуулбар /хх-ийн 56 тал/, сиртефикатууд /хх-ийн 57-70 тал/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 71-72 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

                                                                                  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 11-12, 20-21 дэх тал тус тус авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э...В” цэцэрлэгийн харуулын байранд хохирогч Л.Б-тай “ажлын байран дээр архи уусан”  гэх шалтгаанаар маргалдаж улмаар Л.Б-н нүүр, цээж рүү цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 922 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.Б-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-г хохирогч Л.Б-г “ажлын байран дээр архи уусан” шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Л.Б-н нүүр, цээж рүү цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргаж мэтгэлцэх зүйлгүй...” гэж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн өмгөөлөгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж зодсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой. Мөн хэргийг прокурорт буцаах захирамжийн биелэлт хангагдаагүй. Захирамж гарснаас хойш хийсэн ажиллагаа дээрх гарын үсэг хохирогч болон миний гарын үсэг мөн боловч хэрэгт канондсон баримт хийсэн. Энэ баримтуудын эх хувь байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэж мэтгэлцэж оролцсон.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэг хохирогч, шүүгдэгч нарын хэн хэн нь архи согтруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ хянах чадвар буурсан байдал болон хохирогчийг удаа дараа ажлын байран дээр архидан согтуурлаа гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас гарсан байна. Өөрөөр хэлбэл хохирогчийг ажлын байран дээрээ архи уусантай холбоотойгоор ёс зүйн шаардлага тавьснаас үүдэлтэй болохоос түүний хийвэл зохих ажил үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгүүлэхгүй байхтай хамааралгүй байна. Түүнчлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди дэх зургаар хохирогчид хавирганы хугарал гэмтэл тогтоогдоогүй, хэргийн 147-148, 157, 160 дахь талд авагдсан нотлох баримтуудыг канондсан гэж үзэх боломжгүй, тэдгээрийн он сар, бичвэр, гарын үсэг эхээрээ байх тул хохирогчийн өмгөөлөгч Г.О-н хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг хүлээн аваагүй болно.   

Мөн хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь хохирогчийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зодож гэмтэл учруулсаны дараа дахин 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр зодсон нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогч Л.Б-н эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, шанаа, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон байх тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Б “...гомдол саналтай, Д.Б-с 3 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх боловч хавтас хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна. Мөн хавтас хэргийн 86 дахь талд  авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь хохирол төлбөрт 500.000 төгрөгийг хохирогч Л.Б-д нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч Д.Б-с шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол нөхөн төлөгдсөн байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, улсын яллагчийн санал болгосон 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэв.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сиди нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар тогтож, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Б-д хохиролд тооцож 500.000 /таван зуун мянга/-н  төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА