Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 830

 

 

 

 

 

 

 

 

 

    2020            9           21                                    2020/ШЦТ/830

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

улсын яллагч  Б.Батнасан,

өсвөр насны шүүгдэгч Т.П- түүний хууль ёсны төлөөлөгч Т.О-, өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Б овогт Т-ийн П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005023681288 тоот хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 11 сар 4 хоногтой, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүнд машин механизмын засварчины ... курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо ..... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ийн П-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Т.П- нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундрам нэртэй хүнсний дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын 360.000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei Y-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.П- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

   

Өсвөр насны шүүгдэгч Т.П- нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундрам нэртэй хүнсний дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын 360.000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei Y-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч  Б.Э-ын “Би 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 7-3-16 тоот гэрээсээ гараад өөрийн ээжийн ажил болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо 13 дугаар байранд байрлах Ундрам хүнсний дэлгүүр дээр ирсэн юм. Намайг дэлгүүр дээр ирэх үед 17 цаг болж байсан. Намайг  дэлгүүр дээр ирэхэд манай  ээж Мөнгөнцоож гэртээ орж хоол идэх гээд гарсан юм. Тэгсэн би кассны ард утсаа үзээд сууж байсан. Тэгсэн гаднаас хүмүүс ороод ирэхээр нь би утсаа кассны хажууд байрлах ширээн дээр тавьсан юм. Тэгсэн кассан дээр нэг махлаг өндөр биетэй 16-18 орчим насны банди ирээд 1 ууттай чихэр, 1 шүдний сойз, 5 ширхэг кофе авна гэсэн. Тэгээд би уг эд зүйлсийг нь кассан дээр тавьчихаад би картаа орхичихсон байна, буцаад орж ирээд авна гэж хэлээд гараад явсан юм. Би уг хүнийг гараад явсаны дараа 2-3 минутын дараа утсаа үзсэн чинь миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн эгчийн утсаар залгахад миний утас дуудаж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болсон юм. 18 цагийн орчимд манай ээж Мөнгөнцоож орж ирээд дэлгүүрийн дотор талын хяналтын камерыг шүүж үзэхэд манай дэлгүүр лүү орж ирсэн махлаг өндөр залуу авч байгаа нь камерт бичигдсэн байсан юм. Миний алдсан гэх гар утас Huawei Y-7 маркийн хар өнгийн гар утас байсан. Би гар утсаа 2019 оны 12 дугаар сард хувь хүнээс 550.000 төгрөгөөр  худалдан авч байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Л.О-ийн “Би Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр гар утас засвар худалдааны газар ажлаа хийгээд байж байсан чинь гаднаас 18-20 орчим насны 2 хүүхэд орж ирээд утас авах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би харж байж болно гээд уг хүүхдүүдийн зарна гэсэн Huawei Y-7 маркийн хар өнгийн гар утсыг үзэж байгаад 80.000 төгрөгөөр худалдан авна гэж хэлсэн чинь нөгөө хоёр хүүхэд болно гэж хэлээд би утсаа зараад гараад явсан юм.

... Би гар утсыг худалдан авсан 80.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 15-16 дугаар хуудас/

“...Миний бие нь тухайн гар утсыг гэмт хэргийн улмаас алдагдсан гар утас гэж мэдээгүй юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Ашид Билгүүн ХХК-ны Huawei Y-7 маркийн гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн ТХҮ-720/387 дугаартай үнэлгээний тайлан. /хэргийн 26-28 дугаар хуудас/

 

CD-н дээрхи бичлэгт үзлэг хийсэн “... 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо Ундрам хүнсний дэлгүүрт хулгай хийсэн гэх этгээд кассны хажууд байсан гар утсыг 17:28:4-д авах гэж оролдож байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 55-59 дүгээр хуудас/

 

Нас тоолсон “... Т.П- нь хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 17 нас 9 сар 16 хоногтой байсан болно” гэсэн тэмдэглэл. /хэргийн 67 дугаар хуудас/

 

Өсвөр насны шүүгдэгч Т.П-ын “... Тэгээд худалдагч нь нэг эрэгтэй хүүхэд байсан бөгөөд тухайн хүүхэд дээр очоод 5 ширхэг Jacobs нэртэй кофе, шүдний оо, сойз авъя гэж хэлсэн юм. Энэ үед тухайн хүүхдийн гар утас нь ширээн дээр ил байсан бөгөөд цаашаа харах хооронд нь аваад картаа марчихсан гэж хэлээд гараад явсан. Миний хууль бусаар авсан гар утас нь хар өнгийн Huawei Y-7 маркийн гар утас байсан. Тэгээд Хорооллын далангийн ойролцоо явж байгаад зүс таних Ууганбаяртай тааралдаад би утсаа зарах гэсэн юм, чи хамт яваад өгөөч гэж хэлээд хамт явсан. Бид хоёр миний хулгай хийсэн гар утсыг Хархорин захын гар утасны ченжид 80.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед тэр ченжид миний гар утас байгаа юм  гэж худлаа хэлээд зарсан юм. Уг мөнгөө би ганцаараа үрээд дууссан бөгөөд Ууганбаярт ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй.

... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Учирсан хохирлоо барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.П- нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундрам нэртэй хүнсний дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын 360.000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei Y-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.Э-т Huawei Y-7 маркийн гар утсыг биет байдлаар нь буцаан олгосон, иргэний нэхэмжлэгч Л.О-өд 80.000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 64, 66 дугаар хуудас/, тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Т.П-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Т.П- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүх, өсвөр насны шүүгдэгч Т.П-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлуудыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Т-ийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т.П-д зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг  тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Т.П-д мэдэгдсүгэй. 

 

5. Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрыг Т.П-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгаж, Хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Т.О-д даалгасугай. 

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Т.П- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Т.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ