Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 71 дүгээр байр, 61 тоотод оршин суух, Шангас овогт Сүрэнхорын Өлзий /РД: ЧЖ57082172/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, УБТЗамын удирдах газар, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Цалин түүнтэй адилтгах орлого 18 167 670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цэмбэлмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилгын засвар, үйлдвэрлэл, үйлчилгээний ангийн даргын үүрэгт ажлаас Улаанбаатар төмөр замын даргын даргын 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б-2-93 дугаар тушаалаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1052 дугаар  шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 128.1.2 хэсэгт заасныг үндэслэн Барилгын засвар, үйлдвэрлэл, үйлчилгээний ангийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээр баталгаажсан боловч одоо хүртэл хэрэгжихгүй байна. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй өдий хүрч байна. Иймээс би 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан цалингаа 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн 102/ШШ2015/04142 дугаар шийдвэрээр авсан боловч бас 3 шатны шүүхийн шийдвэрүүд хэрэгжихгүй өдий хүрсэн учраас 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 18 сар 5 хоногийн хугацааны цалин түүнтэй адилтгах орлого болох 18 167 670 төгрөгийг Улаанбаатар төмөр замаас гаргуулж өгнө үү. Хариуцагч тал намайг томилсон ажилд ордоггүй. Дуудхаар ирдэггүй гэсэн шалтгаан хэлдэг. Мөн намайг зүгээр сууж байгаад мөнгө авах гээд байдаг гэж хэлдэг. Би энэ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан. Одоогийн байдлаар Улаанбаатар төмөр замд 9-10 удаа мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч энэ мэдэгдлийг хүлээж авахгүй байгаа. Нэг удаа халаалт, сэлгэлтийн инженерийн ажилд намайг томилсон. Энэ нь миний мэргэжлийн бус миний өмнө нь ажиллаж байсан албан тушаал болон цалингийн хувьд доогуур байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж тушаалыг хүчингүй болгуулсан. Би өмнө нь өөрийнхөө ажиллаж байсан албан тушаал болон түүнтэй дүйцэхүйц хангамжтай ажилд орох хүсэлтэй байгаа. Миний хувьд энэ ажилдаа эргэж орхын тулд Хүний эрхийн үндэсний газарт 2 удаа, Авлигатай тэмцэх газар, Зам тээврийн яамны сайд зэрэгт гомдол гаргасан. Би ажилдаа эргэж орхын тулд шат шатны бүх байгууллагад хандсан. Тиймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр УБТЗ-ын Барилга Засвар, Үйлдвэрлэл, үйлчилгээний анги хэмээх байхгүй аж ахуйн нэгжийн даргын ажилд эргүүлэн тогтоох шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэрийг биелүүлэх ямар ч боломжгүй байгаа болохыг мэдэгдэн өөр ажилд томилох бүрт С.Өлзий нь шүүхэд нэхэмжлэл гарган хүчингүй болгуулдаг бөгөөд ямар ч ажил өгсөн “УБТЗ-ын Барилга Засвар, Үйлдвэрлэл, үйлчилгээний анги” байгуулж өг гэсэн шаардлага тавьж шүүхийн алдаатай шийдвэрийг ашиглан үндэслэлгүй хөрөнгөжих үйл ажиллагаа явуулж байгаа этгээд болно. С.Өлзий нь өнөөдрийг хүртэл 2012 оны 7 дугаар сарын 26-ний шүүхийн шийдвэрт заасан УБТЗ ХНН учруулсан хохирлоо төлөөгүй бөгөөд ямар ч байдлаар дуудсан өнөөдрийг хүртэл УБТЗ ХНН ирж уулзахгүй байгаа болно. Бидэнд Авилгатай тэмцэх газар, Зам тээврийн яам зэрэг шат шатны байгууллагуудаас мэдэгдэл ирдэг боловч нэгэнт байхгүй албан тушаал учраас ямар ч боломж байдаггүй. Тиймээс бид тухайн байгууллагад байгаа сул орон тоон дээр 3 удаа томилсон. Нэхэмжлэгчид энэ ажлын саналыг тавихаар хариу өгдөггүй. Гар утасруу нь залгахаар авдаггүй. Гэрийнх нь утасруу залгахаар авдаггүй. Хүнээр дуудуулаад ирдэггүй. Эхнэрээс нь асуухаар би мэдэхгүй гээд байдаг. Албан тушаалд томилох санал тавихаар өөрөө хариу өгдөггүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж үзээд томилдог. Тэгэхээр өөрөө шүүхэд хүсэлт гаргаад тушаалыг хүчингүй болгуулчихдаг. Шүүхийн шийдвэр өөрөө алдаатай. Байхгүй орон тоон дээр томилсон учраас энэ шийдвэр биелэгдэх боломжгүй байгаад байгаа. Холбогдох байгууллагууд нь гомдлыг хүлээж аваад ирээд шалгаж үзээд үнэхээр биелэгдэх боломжгүй юм байна гэдэг. 2013 оноос хойш энэ хүнийг ажилуулах сул орон тоо гараагүй байгаа. 2015 оны 6 дугаар оны 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны мөнгийг нэхэмжлээд байгаа. Гэтэл энэ хугацааны үнийн дүн нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс бага дүн гарч байгаа. Энэ мөнгийг төлөх байх. Шүүхийн шийдвэрийн хувьд биелэгдэх боломжгүй болчихоод байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Өлзий нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан цалин түүнтэй адилтгах орлого 18 167 670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...шүүхийн шийдвэрт заасан ажил, албан тушаал нь хариуцагч байгууллагад байхгүй болсон тул шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй, ...нэхэмжлэгчийг өмнөх ажил, албан тушаалтай нь дүйцэхүйц ажилд томилохоор томилохоор шүүхийн шийдвэрээр тушаалыг хүчингүй болгодог, ...харилцан ярилхацаар дуудахад тэрээр ирдэггүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1052 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Өлзийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилгын засвар, үйлдвэрлэл үйлчилгээний ангийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 970 570 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3228 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 9 876 688 төгрөгийг, мөн шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2015/04142 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн 2014 оны 3 дугаар сарын 03-ны өлрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 14 996 286 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Талууд дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон талаар болон Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1052 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилгын засвар, үйлдвэрлэл үйлчилгээний ангийн даргын ажилд эгүүлэн тогтоох хэсэг биелэгдсэн талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч шийдвэрийн ажилд эгүүлэн тогтоосон хэсэг биелэгдээгүй болох нь Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10/155 дугаар, мөн албаны 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 90/278 дугаар, Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн албаны 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 90/89 дүгээр, мөн албаны 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 90/257 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 90/251 дугаар, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 90/238 дугаар, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 90/235 дугаар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/36568 дугаар, мөн албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/3470 дугаар албан бичиг болон хариуцагчийн “...Шүүх 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр УБТЗ-ын Барилга Засвар, Үйлдвэрлэл, үйлчилгээний анги хэмээх байхгүй аж ахуйн нэгжийн даргын ажилд эргүүлэн тогтоох шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэрийг биелүүлэх ямар ч боломжгүй байгаа” гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А-188 дугаар тушаалаар Барилгын засвар, үйлдвэрлэл үйлчилгээний ангийг татан буулгасан, мөн даргын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А-129 дугаар тушаалаар Барилгын засвар, үйлдвэрлэл үйлчилгээний ангийн зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн нь, өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1052 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урд эрхлэж байсан албан тушаал болох Барилгын засвар, үйлдвэрлэл үйлчилгээний ангий татан буугдсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн “...нэхэмжлэгчийг албан тушаалд томилох санал тавихаар өөрөө хариу өгдөггүй” гэх тайлбар буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаа гэж үзэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр хариуцагчаас 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /ажлын 378 өдөр, 1 сарын дундаж цалин 996 730 төгрөг /21.5= 1 өдрийн 46 360 төгрөг х 378 өдөр = 17 524 080/ нийт 17 524 080 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 17 524 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 643 590 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 17 524 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Өлзийд олгож, нэхэмжлэлээс үлдэх 643 590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 245 570 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.БАЯСГАЛАН