| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0116/э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Дгийн Эт холбогдох 2035000680103 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Дгийн Э. /Регистрийн дугаар: ОС63110611/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг 1993-1997 онд сурч төгсөөгүй атлаа тус сургуулийн “Улс төр судлаач, нийгэм судлалын багш” мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн гэх Монгол Улсын Их Сургуулийн 26560 дугаартай хуурамч дипломоор 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 21-ний хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаар томилогдон ажиллаж тус дипломыг ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар 2035000680103 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт 2000 оноос хойш ажиллаж байгаа юм. Урьд өмнө Д.Эыг хуурамч бакалаврын дипломтой гэж сонсож байгаагүй бөгөөд Д.Э 2020 оны 2 дугаар сарын эхээр Цагаанхайрхан сумын Засаг даргаар томилогдсон боловч “Цагаан сар”-ын дараа ажлаа хүлээн авч ажиллаж байгаа юм. Д.Э нь Цагаанхайрхан сумын Засаг даргын ажлыг Монгол Улсын Их Сургууль төгссөн хуурамч бакалаврын диплом ашиглаж хийж байгаа талаар мэдэх зүйл байхгүй. Д.Э нь 2004-2012 он хүртэл Цагаанхайрхан сумын Хулж багийн Засаг дарга, 2012-2016 он хүртэл Цагаанхайрхан сумын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, 2018 оны 1 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын ажил хариуцсан мэргэжилтэн, 2020 оны 2 дугаар сараас хойш Цагаанхайрхан сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа юм. Д.Эыг багийн Засаг дарга хийхээс өмнө ямар ажил төрөл хийж байсан талаар сайн мэдэхгүй байна. Д.Эоос учруулсан хохирлыг төрийг төлөөлж нэхэмжилнэ. Гомдол санал байхгүй болно. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг нэхэмжилнэ. Одоогоор Д.Э нь хохирлыг барагдуулж өгөөгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 21-р хуудас/,
2. Гэрч В.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын орлогч ажилтай. Би энэ ажлыг 2016 оны 9 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хийж байна. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Д.Эыг танина. Д.Э бид хоёрын дунд ямар нэгэн хамаатан, садан төрлийн холбоо байхгүй. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Д.Э нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Засаг даргын ажлыг хийж байгаа. Д.Э өмнө нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газарт Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн хийж байсан. Мөн Цагаанхайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хулж багийн Засаг дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Д.Э нь их сургууль төгссөн эсэх талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
3. Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 1992 онд Увс аймгийн Тэс сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 10 дугаар анги төгсөөд Цэргийн их сургуулийн улс төрийн ангид 1992-1994 онд элсэн суралцсан. Тэгээд манай сургуулийн улс төрийн анги татан буугдсан учраас 1994 онд Монгол Улсын Их Сургуулийн улс төр судлалын ангид 2 дугаар курсэд элсэн орсон. 1994-1998 он хүртэл сурч байсан. Манай улс төрийн анги болон манай курсэд Дгийн Э гэх хүн сурч байгаагүй. Би 1997 онд уг сургуулиа төгсөөгүй. Харин манай ангийнхан бол 1997 онд төгссөн. Манай ангид Э гэх хүн төгсөөгүй. Увс аймгаас би ганцаараа сурдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
4. Гэрч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Дгийн Э нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газарт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орох хүнд дээд боловсролтой байхыг шаарддаг ба мэргэжлийн хувьд нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, бусад гэсэн шаардлага тавигддаг юм. Энэ хүн анх 2017 онд Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Цын тушаалаар уг ажилд томилогдож 2018 оны 6 дугаар сард тухайн албан тушаалын бүтэц орон тоо нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газарт нэмэгдэж орсон. Д.Э нь Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газарт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орохдоо дээд боловсролтой, улс төр судлаач гэсэн мэргэжлийн дипломтой байсан. Би Дгийн Эын дипломыг тухайн үед эх хувиар нь үзэж хуулбарлан авч хувийн хэрэгт нь хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
5. Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар сумын Засаг даргаар томилогдоход дээд боловсролтой байх гэсэн шаардлага тавигддаг. Төрийн албаны тухай хуулиар сумын Засаг даргын Тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн буюу Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн дээд боловсрол буюу бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх гэсэн шаардлага тавигддаг. Сумын багийн Засаг дарга болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар сонгогддог албан тушаалтан учраас ямар нэг боловсрол мэргэжил шаарддаггүй. Д.Э нь анх Цагаанхайрхан сумын Засаг даргаар томилогдохдоо Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянуулахаар материал явуулахад дипломын хуулбар, төрийн албан хаагчийн анкетыг бөглүүлж явуулсан. Дипломыг эх хувиар авч ирээгүй. Дипломын хуулбарыг авч ирснийг Авлигатай тэмцэх газар луу урьдчилан мэдүүлэг хянуулахаар явуулсан. Монгол Улсын Их Сургуулийн улс төр судлаач гэсэн мэргэжлийн дипломын хуулбар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
6. Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Энэ дипломыг 2013 онд Цэрэнгийн Х гэх хамаатны хүнээс авсан. Ц.Х эгч Улаанбаатар хотоос 2013 онд Цагаанхайрхан суманд ирсэн. Тухайн үед би Цагаанхайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан. Х эгч манайд 7 хоносон. Х эгч надад “чи одоо 8 жил багийн засаг хийчихлээ. Одоо чамайг ард түмэн итгээд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар тавьчихсан байна. Ажлаа сайн хийгээд дараа нь сумын Засаг дарга болж сум орон нутгийнхаа төлөө ажиллах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “Багийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болоход боловсрол мэдлэг шаардлагагүй. Ард түмэн сонгочихдог. Харин сумын Засаг дарга болоход төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, дээд боловсролтой байх шаардлага тавьдаг, би дээд сургууль төгсөөгүй болохоор дээд боловсролын диплом байхгүй” гэж хэлэхэд Х эгч “чи ажлаа сайн хийж бай. Эгч нь хүнтэй уулзаж эчнээгээр төгссөн гэх диплом олж өгөхийг бодъё” гэж хэлээд явсан. Яваад 3-4 сарын дараа Х эгч надтай гар утсаар яриад “нөгөө диплом бүтсэн, эгч нь чам руу дипломыг явуулъя” гэж хэлсэн. Удалгүй диплом ирсэн ба 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн гэх диплом ирсэн. Би тухайн үед диплом бүртгэлтэй байдаг талаар юу ч мэдээгүй байсан. Тэгээд 2020 оны 2 дугаар сард сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Дг огцруулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас намайг сумын Засаг даргаар санал болгож аймгийн Засаг даргад уламжилж миний бие сумын Засаг дарга болсон. Тэгээд сумын Засаг дарга болоход 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн гэх дипломыг ашигласан. Би 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг улс төр судлаач, нийгмийн багш мэргэжлээр төгсөж диплом аваагүй. Уг сургуульд сурч байгаагүй. Х эгч дипломыг хаанаас хэн гэдэг хүнээс мөнгөөр худалдаж авсан эсэх талаар мэдэхгүй. Надаас мөнгө төгрөг аваагүй. Х эгч Улаанбаатар хотод амьдардаг байсан. 2018 онд нас барсан юм. Х эгчийн нөхөр нь олон жилийн өмнө нас барсан. Х цэцэрлэгийн багш хийж байгаад тэтгэвэрт гарч хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан юм. Би ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар анги төгсөөд 1980-1982 онд Улаангом сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд суралцаж малын санитарч мэргэжлээр төгссөн. Би тусгай дунд боловсролтой. 1983-1986 онд Хилийн цэргийн 0130-р ангид ХЗЭ-ийн үүргийн нарийн бичгийн курс төгссөн. Би Цагаанхайрхан сумын Хулж багийн Засаг даргаар 2004 оны 12 дугаар сараас 2012 оны 12 дугаар сар хүртэл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2012 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл, тус сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 6 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс тус сумын Засаг даргаар одоо хүртэл ажиллаж байна. Дээрх албан тушаалд ороход дээд боловсрол шаарддаг. Би ажилд орохдоо 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг “Улс төр судлаач, нийгэм судлалын багш” мэргэжлээр төгссөн гэх дипломыг ашигласан. Би 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс Цагаанхайрхан сумын Засаг даргаар томилогдон ажиллахдаа 1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмйин ухааны факультетийг суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн “Улс төр судлаач, нийгэм судлалын багш” мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн гэх Монгол Улсын Их Сургуулийн 26560 дугаартай хуурамч дипломыг ашигласан гэмт хэргийг үйлдсэн, хүлээн зөвшөөрч байна. Би Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажилд орж 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газарт Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр харьяалагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-57-р хуудас/,
7. “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 10-11-р хуудас/,
8. Монгол Улсын Их Сургуулийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/829 тоот албан тоот, 26560 дугаартай дипломын хуулбар /хх-ийн 63-64-р хуудас/,
9. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 16/2543 тоот албан бичиг /хх-ийн 68-р хуудас/,
10. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2/619 тоот албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/14 тоот захирамж, төрийн албан хаагчийн анкет, 262 тоот үнэмлэх, гэрчилгээ, сертификат, Удирдлагын академи төрийн удирдлагын сургуулийн 07/1439 тоот үнэмлэх, Д.Эын 3 үеийн товч намтар, иргэний үнэмлэхний хуулбар, малын санитарчийн 82/355 тоот үнэлэх, /хх-ийн 70-87-р хуудас/,
11. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 197 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 91-92-р хуудас/,
12. Увс аймгийн Засаг даргын Тамгын газар Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 455 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 100-101-р хуудас/,
13. Цалингийн тооцооны карт /хх-ийн115-120-р хуудас/,
14. Увс аймаг Улаангом политехник коллежийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/61 тоот албан бичиг /хх-ийн 129-р хуудас/,
15. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 453/488 тоот албан бичиг, хавсралт /хх-ийн 132-134-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Эыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг 1993-1997 онд сурч төгсөөгүй атлаа тус сургуулийн “Улс төр судлаач, нийгэм судлалын багш” мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн гэх Монгол Улсын Их Сургуулийн 26560 дугаартай хуурамч дипломоор 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 21-ний хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаар томилогдон ажиллаж тус дипломыг ашиглан ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул бүртгэлийн 26560 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь “Д.Эоос учруулсан хохирлыг төрийг төлөөлж нэхэмжилнэ...” гэж байгаа боловч төрд чухам ямар хохирол учруулсан болон нэхэмжилж байгаа хохиролтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс төрд гаргуулах хохирол, төлбөр байхгүй гэж шүүх дүгнэлээ.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч нь хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан ажилд томилогдсон бөгөөд энэхүү хууль бус үйлдлийн улмаас хууль бусаар орлого олж амьдарсан байна. Хэрэв шүүгдэгч Д.Э нь хуурамч диплом ашиглаж уг албан тушаалуудад томилогдоогүй бол хууль ёсоор сургууль төгсөж, дээд боловсрол эзэмшсэн өөр хэн нэг хүн хууль ёсоор уг ажилд орж, шударгаар хөдөлмөрлөж цалин хөлс буюу баялагийг хүртэх байсан. Иймд түүнийг хууль бус үйлдлийн улмаас хууль бусаар хөрөнгө орлого олсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан тул шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 19.605.652 /арван есөн сая зургаан зуун таван мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Эыг бүртгэлийн 26560 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын Их Сургуулийн 26560 дугаартай улаан өнгийн хавтастай дипломыг /эх хувь/ хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон 19.605.652 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосонтой холбогдуулан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж,
Шүүгдэгч Д.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Дгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан Д.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийн 26560 дугаартай дипломыг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалсугай.
5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс бусдад учруулсан хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 19.605.652 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН