Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00552

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москвагийн гудамж, 40/1 тоотод байрлах, “Дашваанжил” ХХК /РД: 2025191/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эрдэм газ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэцогтыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн төлөөлөгч Н.Баатаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Эрдэм газ” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15/03 тоот “Шингэрүүлсэн хийн түлш бөөнөөр худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. 15/03 тоот гэрээний дагуу “Эрдэм газ” ХХК нь манай компаниас 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 21 660 000 төгрөгийн хийн түлшийг худалдан авч 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш янз бүрийн шалтаг хэлсээр үлдэгдэл 17 660 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Манай компаниас 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Эрдэм газ” ХХК-д нэхэмжлэх явуулж хоёр тал тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан боловч төлбөрийг төлөхгүй аргацаасаар байсан тул төлбөрийн дүн дээр гэрээний алданги тооцон нэмж нэхэмжилсэн. Мөн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16/706 тоот төлбөр тооцооны тухай, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дууссан, сунгахгүй тухай албан бичгийг тус тус хариуцагчид хүргүүлсэн. 15/03 тоот гэрээний 5.4-д “Худалдан авагч нь худалдан авсан хийн түлшний үнийг худалдагчийн явуулсан нэхэмжлэхийн дагуу 7-14 хоногийн дотор төлөх ёстой бөгөөд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги нэмж төлнө” гэж заасан. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 274 хоног 17 660 000 0,3 хувь, нийт 14 516 520 төгрөгийн алданги тооцогдож байна. Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 8 830 000 төгрөгийн алданги тооцогдож, нийт 26 490 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус дүүргийн шүүхийн шүүгчийн  182/Ш32017/00834 дугаартай захирамжаар “Эрдэм газ” ХХК болон захирал Ц.Эрдэнэцогт нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнж 37-497 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд “Эрдэм газ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэцогтыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эрдэм газ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэцогтыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

                                               

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ХХК нь “Эрдэм газ” ХХК-д холбогдуулан  шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШЗ2017/00834 дугаар захирамжаар нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнж 37-497 тоотод тус компани үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь “Эрдэм газ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгчид “Эрдэм газ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэцогтыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эрдэм газ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэцогтыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эрдэм газ” ХХК /РД: 5889499/-ийн захирал Ц.Эрдэнэцогтыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Дашваанжил” ХХК-д /утас: 7000 5602, 9662 5522/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

“Эрдэм газ” ХХК /РД: 5889499/-ийн захирал Ц.Эрдэнэцогт нь Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнж 37-497 тоотод бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эрдэм газ” ХХК /РД: 5889499/-ийн захирал Ц.Эрдэнэцогтыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Эрдэм газ” ХХК /РД: 5889499/-ийн захирал Ц.Эрдэнэцогтыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Дашваанжил” ХХК-д /утас: 7000 5602, 96625522/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН