Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Баярмагнай, шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н ургийн овогт Нн Ад холбогдох 2035000000124 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 25-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Н ургийн овогт Нн А. /Регистрийн дугаар: ОА90122515/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах таксины зогсоол дээр хохирогч Б.Оыг хүч хэрэглэж автомашинаас татаж буулган, улмаар автомашины хаалгаар савж цохисоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000124 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлынхаа хүмүүстэй хамт “Их наяд” ресторанд ажлаа тараад 23 цагийн үед ороод шөнийн 01 цаг өнгөрч байхад баар хаах үед гарсан. Тэгээд би хамт ажилладаг Нандинцэцэг эгчийн машины арын суудалд Тоогий, Б нарын хамт би дунд нь сууж байтал миний зүс таньдаг А гэдэг залуу тэр орчим согтуу, хүмүүстэй маргалдаад явж байгаад миний сууж явсан машины арын хаалгыг онгойлгосон. Би тэр үед “Хэн бэ?” гэж асуухад Азаа байна гэж том дуугарч хэлчихээд А нь миний зүүн гарнаас татаад намайг машинаас газарт унагаад, тэгээд тэр машины арын хаалгыг саваад миний хамар дээр 1 удаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус их хэмжээгээр гарсан. А нь намайг машинаас татаж буулгаж байх үедээ гараараа миний далан дээр нэг удаа цохисон. Одоо миний биед хамар байнга битүүрч өвдөж байна. Би өвчин намдаагч эм байнга ууж байгаа. Би хувиараа Улаанбаатар хот явж шинжилгээ хийлгэсэн. Намайг Улаанбаатар хотын эмч нар дараа нь хагалгаанд ор гэж хэлсэн. Би хохирлоо дараа нь баримттай нь жич нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

            2. Гэрч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А нь уг машины хойд талын хаалганы цонхыг гараараа 2-3 удаа цохиход уг машин дотроос О “Хэн бэ?” гэж хэлсэн. Тэгээд А нь тэр үед машины хаалгыг татахад уг машины арын хаалга онгойсон. Тэр үед машин дотроос О нь гараа сарвалзуулж байхад машины гадна зогсож байсан А нь Оын гараас барьж татаад машинаас гаргаад хоёр хөлийнх нь өвдөг хэсгээр газарт унагаачихсан. Тэгээд дахиад А нь нэг гараараа машин тулчихсан, өөрийнхөө цээжин биеэрээ машины кабин руу орчихсон дотор байсан хүнийг гараад ир гээд тонгойгоод зогсож байсан. Би тэр үед очоод А гэдэг залуугийн зүүн гарынх нь тохойноос татаад аваад явсан. Тэр үед О нь Азаа намайг цохичихлоо гээд аймаар муухай орилоод үлдсэн. Тэгээд би Аг аваад хоёр, гурав алхаад буцаад харахад Оын хамраас нь цус их гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

            3. Гэрч А.Гончигсумлаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед машины арын суудалд Б, О, бид 3 хамт суусан бөгөөд Б.О бидний дунд хэсэгт суусан. Тэгээд биднийг машинд сууж байтал гаднаас машины хаалгыг үл таних хүн онгойлгоод бидний дунд сууж байсан Б.Оыг ямарч шалтгаангүй татаж буулгасан. Тэр үед О машинаас өвдөгөөрөө газарт чирэгдэж буусан бөгөөд түүнийг газарт байж байхад нь нөгөө татаж буулгасан залуу машины хаалга саваад түүнийг цохиод унагаачихсан. Тухайн үед Б.Оын хамар гэмтээд цус гарсан. ...Тэр үед Б, О, бид гурав тэр А гэдэг залуутай огт маргалдаж хэрэлдсэн зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 15-р хуудас/,

            4. Шинжээч эмчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “1. Үзүүлэгч Б.О-н биед гэмтэл учирсан байна. 2. Хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 513 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

            5. Хохирлын тооцоо бодсон тэмдэглэл, хохирлын баримтууд /хх-ийн 48-52-р хуудас/,

            6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 57-р хуудас/,

            7. Шүүгдэгч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг ойлголоо. Ямар хариуцлага хүлээлгэх талаар бас ойлгосон. Би 2020 оны 7 дугаар сарын 25-ны орой 3 найзын хамт “Их наяд” бааранд ороод нэг шил 0.75 литрийн “Эдэн” гэдэг архи хувааж уугаад гарч ирсэн. Тэгээд шөнийн 00 цагийн үед төв таксины зогсоол дээр ирээд О, Б хоёртой хамт явсан танихгүй хоёр залуутай хальт ам зөрж маргалдсан юм. Тэр үед нөгөө хоёр залуу нь машинд суучихаар нь би тэр хоёр залуугийн сууж байсан машины хаалгыг нь татахад хаалга нь цоожтой байсан юм. Тэгээд нөгөө машиныг тойрч очоод нөгөө талын хаалганаас татаад онгойлгоход миний урдаас О нь хоёр гараа сарвалзуулаад гараад ирэхээр нь би гарнаас нь татаад машинаас буулгаад би цааш машин луу нь ороод тэнд байсан 2 залуутай уулзаад эргээд машинаас гарахад Оын хамарнаас цус гарсан байсан. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Отой уулзаж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.  

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах таксины зогсоол дээр хохирогч Б.Оыг хүч хэрэглэж автомашинаас татаж буулган, улмаар автомашины хаалгаар савж цохисоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.О нь Цагдаагийн газарт хандаж: “Б.О миний бие Н овогтой Агаас хохиролд бэлэн 600.000 төгрөг авлаа. Цаашид гомдол тэмцэл нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/-ыг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Н.А нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.

Иймд шүүгдэгч Н.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Х.Чийн /хх-ийн 16-р хуудас/ мэдүүлэг, гэрч Н.Эын /хх-ийн 17-р хуудас/ мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Н.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэж шүүгдэгч Н.Ад дээр дурдсан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н ургийн овогт Нн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН