| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/00569/И |
| Дугаар | 00643 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 00643
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би, “Баян алтан бухт” ХХК-д холбогдох, 8 600 000 төгрөг гаргуулах тухай Ц.Төрболдын нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Төрболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Төрболд би 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сар хүртэл “Баян Аптан Бухт” ХХК-ийн “Сарай” япон хэлний сургалтын төвд суралцсан. Би 2016 оны 4 дүгээр сард япончууд ирж ярилцлага авахад тэнцэж 2016 оны 5 дугаар сард “Баян Алтан Бухт” ХХК-иас надтай утсаар холбогдож 6 болон 7 сард япон руу явах боломжтой зуучлалын хөлс 3500 ам.доллар урьдчилгаа 30 хувь болох 1050 ам.доллар авчираад дадлагажигч ажилтаны гэрээ хий гэсний дагуу 5 дугаар сарын 12-нд 1050 ам.доллар өгч дадлагажигч ажилтаны гэрээ хийсэн боловч ерөнхий захиралаар гарын үсэг зуруулаад хуулбарыг нь өгнө гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй. Тэгээд явуулалгүй хойшлогдсоор байсан учир 9 сард явахаа болилоо 1050 ам.доллароо буцаан авъя гэхэд буцаан өгч болно санхүүжилт орж ирэхээр өгье гээд хүлээлгэсээр байсан. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөнгөө нэхэж очход тус компаний гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчуулга гэдэг хүн санхүүжилт орж ирээгүй байна 1050 ам.долларыг чинь 2016 оны 12 дугаар сарын 01-нд багтаан олгоно гэсэн бичиг хийж өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр дахин мөнгөө нэхэж очход тус компаний ерөнхий захирал Үүрцайх гэдэг хүнтэй уулзуулсан. Тэгтэл манайх доллараар авах ёсгүй та нар яах гэж доллараар өгсөн юм гээд буцаан олголтыг төгрөгөөр олгоно олгохдоо 2 сая төгрөг өгнө, өгөхдөө хугацаа зааж хувааж төлнө гэсэн. Тэгээд 2 сая төгрөгийн 1 сая төгрөгийг нь 2016 оны 10 дугаар 6-аас 10 дугаар сарын 13-ны хооронд, 1 сая төгрөгийг нь 2016 оны 10 дугаар сарын 13-аас 10 дугаар сарын 20-ны хооронд хоёр хувааж төлөхөөр тохиролцов гэсэн бичиг хийж ерөнхий захирал нь гарын үсэг зурсан. Энэ тохиролцоог нь зөвшөөрөхгүй байна гэхэд тэгвэл шүүхээрээ яв гээд одоог хүртэл огт мөнгө болон дадлагажигч ажилтаны гэрээ өгөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. 1050 ам.доллар буюу 2.586.150 төгрөг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцов 2.586.150 төгрөгийг хариуцагч “Баян Алтан Бухт” ХХК-иас гаргуулж өгнө гэжээ.
Хариуцагч “Баян алтан бухт” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цогтбаатар овогтой Төрболд нь 2017 оны 01 сарын 31-ний өдөр манай “Баян Алтан Бухт” ХХК-д холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компани нь 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 2016/39 тоот Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн дагуу Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус үйл ажиллагааны дагуу Ц.Төрболд нь 2016 оны 03 сарын 16-ны өдөр “Баян Алтан Бухт” ХХК- ийн “Сарай” сургалтын төвтэй гэрээ байгуулан суралцаж эхэлсэн. Ц.Төрболд нь 04 сард Япон талаас ирж ажлын ярилцлага авахад тэнцсэн учир Японруу явуулах зардал болох 7 сая төгрөгийн урьдчилгаа болох 2 сая төгрөгийг өгөхөөр тохиролцсоны дагуу 2016 оны 05 сарын 12-ны өдөр 1050 америк долларыг манай сургалтын төвийн менежер Энхтуяад тушаасан байдаг. Гэвч Ц.Төрболд нь 2016 оны 07 сараас эхлэн “Япон” хэлний сургалтад суухаа больж, 2016 оны 09 сард явахаа болилоо хэмээн 1050 доллароо буцаан авъя гэж ирсэн. Манай талаас Ц.Төрболдын мөнгийг өгөх гэсэн боловч тухайн үед санхүүжилт орж ирээгүй байсан учраас өгөх боломжгүй болсон. Ц.Төрболдтой 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин мөнгөө нэхэж ирэхэд нь өгөх гэсэн боловч заавал доллараар авна хэмээн 2 сая төгрөгийг хүлээн аваагүй болно. Манай “Баян Алтан Бухт” ХХК-ийн зүгээс Ц.Төрболдын 1050 долларыг өгнө. Гэхдээ тухайн үеийн мөнгө авсан үеийн ханш буюу 2016 оны 05 сарын 12-ны өдрийн Монгол Банкны долларын ханшаар тооцон олгох болно. Монгол Банкны тухайн өдрийн ханш болох 2,012.16 төгрөгөөр тооцон 1050 долларыг өгөхөд манай талаас татгалзах зүйлгүй болно. Монгол төгрөгт шилжүүлэн 2,112,168 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Төрболдод өгөхөд манй талаас татгалзах зүйлгүй болно гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Төрболд нь нэхэмжлэлийн шаардлага 2 586 150 төгрөгийн 473 982 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Баян алтан бухт” ХХК нь үлдэх 2 112 168 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор, үлдэх 1 112 168 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Төрболд нь хариуцагч “Баян алтан бухт” ХХК-д холбогдуулан 2 586 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Төрболд нь нэхэмжлэлийн шаардлага 2 586 150 төгрөгийн 473 982 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Баян алтан бухт” ХХК нь үлдэх 2 112 168 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор, 1 112 168 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Төрболдын нэхэмжлэлтэй, “Баян алтан бухт” ХХК-д холбогдох, 2 586 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Төрболд нэхэмжлэлийн шаардлага 2 586 150 төгрөгийн 473 982 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Баян алтан бухт” ХХК нь үлдэх 2 112 168 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор, 1 112 168 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 400 төгрөгийн 7655 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 24 373 төгрөгийг, хариуцагч “Баян алтан бухт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 24 373 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН