| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1670 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 1670
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Г д холбогдох эрүүгийн 2006 00314 2073 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан
үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-14-16/, “Хаан” банкны дансны хуулга /хх-25/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-42/, Д.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-77-78/, шүүгдэгч Д.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-42/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан” сан хорооллын 104-308 тоотод байхдаа Н.Лхагвасүрэнгийн эзэмшлийн “Хаан” банкны картнаас бэлнээр 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Оюун-Орших, Даваагийн Гантулга нар 21 цагийн орчим манайд ирсэн. Тэгээд бид 4 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Цайз” захын хойд талын автобусны буудлын дэлгүүр ороод 1 шил 0,75 питрийн Соёрхол архи 1 шил, 0,5 литрийн Соёрхол аваад гэртээ ирээд дөрвүүлээ хувааж уугаад би бага хүүхдээ хөхүүлээд унтаад өгсөн. Өглөө сэрэхэд Гантулга, Оюун-орших нар байхгүй байсан. Манай эгч ганцаараа унтаж байсан. Утсаа нээгээд харахад миний “Хаан” банкны 5037177991 дугаарын данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 350.000 төгрөг гарсан байсан. Тэгээд би гайхаад Оюун-Оршихтой ярихад “би аваагүй Гантулга авсан байх, би танай гэрийн ёолкны модон дээр байсан 10.000 төгрөгийг авсан” гэж хэлсэн. Тэгээд би Д.Г руу залгахад утас нь хопбогдохгүй байсан. Би тэр орой Оюун-Орших, Д.Г , эгчийн хамт дэлгүур орохдоо виза картаараа тооцоо хийсэн юм. Тэгэхэд би виза картныхаа нууц үгийг 0716 гэж худалдагчид хэлсэн юм. Тэгэхэд Гантулга, Оюун-Орших хоёр нууц үгийг сонссон байх.” /хх-14-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюун-Оршихын өгсөн: “...Бид дөрөв архи аваад ууж байтал Лхагваа, Энхээ хоёр согтоод унтаад өгсөн. Лхагваа тухайн үед нялх хүүхэдтэй байсан бөгөөд согтуу хүүхдээ хөхөөрөө дарчих гээд байхаар нь би нааш цааш нь болгоод байж байтал Д.Г алга болчихсон. Тэгээд том хүүхдэд нь “эгч нь явлаа шүү” гэж хэлээд явсан. Тухайн үед ёолкон дээр нь 40.000 төгрөг байсан. Орой нь би Лхагвасүрэнд “эгч нь 10.000 төгрөгийг нь аваад таксидаад
харина” гэж хэлэхэд “тэг” гэж хэлж байсан.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г яллагдагчаар өгсөн: “...Тухайн орой 2020 оны 1 дүгээр сарын 2-ны орой Н.Лхагвасүрэн болон багын найз дуудаад надад гэрээ зааж өгөөд би гэрт нь очсон юм. Тэгээд бид хэд ууж байгаад Н.Лхагвасүрэн нь надад “Хаан” банкны виза картаа өгөөд “архинд яваад ир” гээд гаргахаар нь Баянзүрх дуургийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-ээс 350.000 төгрөг бэлнээр уншуулж авчихаад таксинд суугаад Хайлааст явсан юм. Тэгээд өглөө нь уг мөнгөөр өөртөө гар утас худалдаж авсан” /хх-77-78/ гэх мэдуүлэг,
Хаан банкны дансны хуулга /хх-25/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-42/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-82/,
Шүүгдэгч Д.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-42/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Г 2020 оны 1 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан” сан хорооллын 104-308 тоотод байхдаа Н.Лхагвасүрэнгийн эзэмшлийн “Хаан” банкны картнаас бэлнээр 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Гантулгыг “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г нь хохирогч Н.Лхагвасүрэн учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Д.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Г д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг
сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогтой Даваагийн Гантулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Д.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Д.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС