Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 364

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Рилайнс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01394 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Рилайнс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Туулд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 866 359 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшиндалай,

Хариуцагч Г.Туул,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Туул нь бизнесийн зээл авах гэсэн юм гэж манай байгууллагад хандан зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 17 дугаар хороо 4 дүгээр хороолол Л.Энэбишийн өргөн чөлөө 28/1 байр 70 тоот 39,3 м.кв талбайтай орон сууцыг тавих хүсэлт гаргасныг 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн хорооны хурлаар хэлэлцээд 18 000 000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 45/14 тоот зээл, барьцааны гэрээг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байгуулсан. Зээлдэгч Г.Туул нь бэлэн бусаар 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 18 000 000 төгрөгийг хамтран зээлдэгч дүү Г.Тунгалагийн “Ган-Тус” ХХК-ийн дансанд шилжүүлэн авсан.

Гэтэл зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй зээл авснаас хойш зээлийн төлөлтийг хийгээгүй. Иймд үндсэн зээл 16 696 000 төгрөг, зээлийн хүү 6 878 751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 997 308 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 810 төгрөг, нийт 24 866 359 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Рилайнс” ББСБ-иас Г.Туулд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 18 000 000 төгрөгийн зээлийг тус байгууллагаас авсан тохиолдол огт байхгүй. Өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Г.Тунгалаг нь “Ган-Тус” ХХК-ийн дансанд шилжүүлэн авсан гэж маргаж байсан бөгөөд энэ удаа намайг гүтгэж шинээр гаргасан нэхэмжлэлдээ миний биеийг дансаар мөнгө шилжүүлж авсан мэтээр гүтгэснийг би ойлгохгүй байна. Надад энэ байгууллагаас ямар нэгэн зээл, мөнгө авсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Миний бие “Ган-Тус” ХХК-ийн ажлыг мэдэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Туулаас 24 858 559 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Рилайнс ББСБ” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид “Рилайнс ББСБ” ХХК-аас төлсөн 280 810 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Туулаас 280 810 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Рилайнс” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн өдөр 18 000 000 төгрөгийг аваагүй. Би зээл хүсч байсан боловч уг зээлийг авах шаардлагагүй байсан, мөнгийг дансаар хүлээж авах ямар нэг хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэлд худлаа зүйл бичсэн байна. “Ган-Тус” ХХК-ийн ажлыг би мэдэхгүй, ямар нэг хувьцаа эзэмшдэггүй талаар шүүхэд тайлбар мэдүүлэг өгч байсан.

Мөн гуравдагч этгээдээр уг компанийг татуулах хүсэлт гаргасан боловч шүүх оролцуулаагүй шийдвэрлэсэн. Миний талийгаач дүү, нөхөр хүүхдийнхээ хамт энэ компанийг ажиллуулдаг байсан. Өв залгамжлах асуудал байхад анхан шатны шүүх анзаарч үзээгүй. “Рилайнс” ББСБ мөнгөө өөр компанийн дансанд шилжүүлж өгсөн байхад надаас нэхэж байгаа, шүүх надаар төлүүлэхээр шийдвэрлэж байгаа зэрэгт гомдолтой.

Зээлийг надад хүлээлгэн өгч гарын үсэг зурсан бол би хариуцаж болно. Гэтэл огт өөр компанид хүлээлгэж өгчихөөд мөнгө хүлээж аваагүй надаас нэхэмжилж, шүүх гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Би зээлийн эргэн төлөлтийг талийгаачийн амьд сэрүүн болон нас барснаас хойш огт хийж байгаагүй атал намайг 9 сая орчим төгрөг төлсөн гэж нотлогдоогүй худал зүйл бичсэн. Иймд шүүхийн шийдвэрээр надад хүчээр төлбөр тулган хүлээлгэсэн гэж үзэн эс зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч “Рилайнс ББСБ” ХХК нь хариуцагч Г.Туулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 866 359 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Туул, түүний дүү Г.Тунгалаг нар нь нэхэмжлэгч “Рилайнс ББСБ” ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 18 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянгол дүүрэгт байрлах 39.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулан, гэрээний зүйлийг зээлдэгч талын хүсэлтийн дагуу “Ган Тус” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна.

/хх 6-11/

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тэдгээрийн байгуулсан зээлийн гэрээг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

 

Хариуцагч Г.Туул гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч уг зээлийг авах шаардлага байгаагүй, зээлдүүлэгчийн шилжүүлсэн мөнгө хамтран зээлдэгч, талийгаач дүү Г.Тунгалагийн үүсгэн байгуулсан “Ган тус” ХХК-ийн дансанд орсон гэж тайлбарлан маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

Зохигчдын тайлбараар тухайн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд буюу 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хамтран зээлдэгч Г.Тунгалаг нас барсан нь тогтоогдсон боловч хариуцагч Г.Туул болон бусад этгээдийн зүгээс дээрх нөхцөл байдлыг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой гэж үзэн, уг гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах зэргээр санал гаргаж, ямар нэгэн үйлдэл хийсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Нөгөө талаар хариуцагч Г.Туул өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээг байгуулсан бөгөөд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авах эрхгүй буюу буруу этгээдэд шилжүүлсэн талаар тухайн үед маргаж байгаагүй болно.

 

Иймд гэрээний зүйлийг захиран зарцуулаагүй гэх хариуцагчийн тайлбарт үндэслэн түүнийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайлбал, зээлийн гэрээ, зээлийн үүрэг гүйцэтгэсэн болон үлдэгдэл төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гаргасан тооцоолол, үүнийг төлөх баталгаа гаргасан хариуцагч Г.Туулын гарын үсэг бүхий баримтуудыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин шийдвэрийн үндэслэх хэсэгт “шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж алдаатай дүгнэлт хийсэн нь буруу байхаас гадна, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн хууль гэж тухайн хуулийн нэрийн зарим үгийг орхигдуулж бичсэнийг залруулан дурдах нь зүйтэй бөгөөд эдгээр нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч Г.Туулын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/01394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Туулын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 280 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА