Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 164

 

Э.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор У.Солонго,

            Шүүгдэгч Э.Д,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 560 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Дгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Д-д холбогдох эрүүгийн 201726010533 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 3 дугаар сарын 3-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13-13 тоотод оршин суух иргэн Ц.Ө-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн халтар манан хөөрөг, хүүхдийн жижиг хөөрөг, эрэгтэй хүний төмөр аралтай бүс, “LG” загварын 42 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлж, 5.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хонин онход овогт Эрдэнэбилэгийн Э.Дг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Д-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Дгийн урьдчилсан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Эрдэнэс” барьцаат зээлийн үйлчилгээний 0009435 дугаар ягаан өнгийн тасалбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Дгээс 2 жилийн хугацаанд 5.050.000 /таван сая тавин мянга/ төгрөгийг хэсэгчлэн гаргуулж хохирогч Ц.Өад олгох, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Д гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Өлзийбатын дүү Өлзийбаярт пүүз зарахаар өгөөд мөнгийг нь 2 цагийн дараа авахаар тохирсон. 2 цагийн дараа очоод хашааны хаалгыг нүдэхэд хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд хашаа руу орж, байшингийн хаалга, цонхыг нүдэхэд мөн хаалга тайлж өгөөгүй. Буцаж гарахдаа хашаанд байсан гэрийн хаалгыг татахад цоож нь мултраад унасан. Гэрт ороход эмх замбараагүй бүх юм нь ундуй, сундуй байсан. Хойморт байсан зурагтыг аваад гарах гэтэл газарт дээл болон бүс хөлд тээгэлдсэн. Дээлийг холдуулан бүсийг авахад эрхий хуруун чинээ жижиг хөөрөг доор нь байсныг авсан. Мөрдөн байцаалтын үед ажил хийж, өөрийн авсан эд зүйлийн хохирлыг бүрэн барагдуулж, жижиг хөөргийг буцааж өгсөн. Гэвч хохирогч Өлзийбат нь миний хулгай хийгээгүй дунд гарын чүнжигноров толгойтой, монетан толгойтой, мөнгөн халбагатай, халтар манан хөөргийг нэхэмжилж байгаа. Би энэ хөөргийг хараагүй, аваагүй нь үнэн. Мөн энэ хөөрөг нь хохирогч Өлзийбатад байсан гэдэг нь эхнэр Урангоо болон өөрийнх нь мэдүүлгээр л батлагдаж байгаа. Миний бодлоор эхнэр, нөхөр бие биенээ шалгах ажиллагааг явуулж, хөөрөг байсан гэдгийг нотлох бодит баримт зургийг хүсэж байна. Мөн хохирогч Өлзийбат нь гэрч Хишигдүүрэнгийн нэрийг барин шүүх хурал дээр үндэслэлгүйгээр гүтгэсэн. Хишигдүүрэн “манайд 3 дугаар сарын 15-ны өдөр ирээд Э.Д гэдэг чинь зурагт, хөөрөг хоёрыг чинь аль эрт зарчихсан” гэж хэлсэн. Иймд энэ бүх асуудлыг харгалзан үзэж, дахин мөрдөн байцаалт хийлгэхийг хүсч байна. ...” гэв.

Прокурор У.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...5.000.000 төгрөгийн үнэтэй хөөрөг аваагүй гэж гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Ө “энэ хөөргийг 2 жилийн өмнө эцгээсээ өвлөж авсан” гэж ярьдаг. Эцэг нь одоо нас барсан. “Хөөргийг сүүлийн 2 жилийн хугацаанд аваад 1 удаа цагаан сараар хэрэглэсэн. 1 удаа цагаан сараар хэрэглэсэн учраас манай ах, дүү нар миний хөөрөгний талаар сайн мэдэхгүй байх. Манай эхнэр мэдэж байгаа” гэдэг. Гэрч Урангоог асуухад “нөхрийн дунд гарын халтар манан хөөрөг өглөө гарахад зурагтын хажууд байсан” гэж мэдүүлдэг. Өвөөгөөс нь Ц.Ө-ын аавд өвлөгдөж ирээд, дараа нь их гарын болон дунд гарын халтар манан хөөрөг ах, дүү хоёрт нэг нэгээр нь өвлүүлж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар их гарын хөөрөгний зургийг нь аваад эд зүйлийн үнэлгээ хийгээд, дунд гарын хөөрөг нь ямар үнэтэй байх талаар үнэлүүлсэн. Тэгэхэд эд зүйлийн үнэлгээний комиссоор 5.000.000 төгрөг гэж үнэлсэн. Дунд гарын хөөргийг тогтоосны дараа Э.Д мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан. Тэгээд яллах дүгнэлт хүчингүй болоод орж ирэхэд Э.Дг олоод хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яагаад алга болсон талаар асуухад айгаад ирээгүй гэж хэлдэг. Хэрвээ үнэхээр энэ хөөргийг аваагүй байсан бол тухайн үед хэргээ 7 сарын дотор шийдвэрлүүлэх боломжтой байсан. Бүх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэж яригдаад байдаг боловч мөрдөн байцаалтын шатанд хөөрөгний асуудлыг тогтоохоор буцаасан. “Хишигдүүрэнтэй сүүлд тааралдахад хөөргийг чинь зарсан гээд яриад явж байсан. Олоогүй юм уу гэдэг байдлаар надтай яриад, асууж байсан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч хөөргөө үл таних хүнд зарсан гэж яригддаг. Сүүлд хүүхдийн жижиг хөөргийг хохирогч алдсанаа мэдээгүй байж байгаад Э.Д хөөргийг хүлээлгэж өгөхөд мэдсэн. Тэгээд тэр хөөргийг үнэлүүлэхгүй гэсэн. 5.000.000 төгрөгийн үнэтэй хөөрөг алдагдсан гэдэг нь тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Э.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Дгийн хулгайлсан гэх дунд гарын халтар манан хөөрөгний үнийг Сонгинохайрхан дүүргийн үнэлгээний комисс тогтоосон байгаа нь эд зүйлийн үнэлгээг бодитой, хуулийн дагуу тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ.” гэж,

Мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж,

Мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай эд зүйлд үнэлгээ тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр байна.

Шүүгдэгч Э.Дгийн хулгайлсан гэх хохирогч Ц.Ө-ын удам дамжсан, дунд гарын халтар манан хөөргийг дүүргийн үнэлгээний комисс үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хөөрөг нь хэлбэр, хийц, том, жижиг, хийгдсэн цаг хугацаа, ямар төрлийн чулуугаар хийгдсэн эсэхээс хамаарч үнэлэгдэх бөгөөд дүүргийн үнэлгээний комиссын гишүүдийг хөөрөгний үнэлгээ тогтоох мэдлэгтэй байдлыг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

 Иймд, тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргаснаар үнэлгээг хуулийн дагуу, бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Д нь хохирогч Ц.Ө-ын удам дамжсан, дунд гарын халтар манан хөөргийг хулгайлаагүй талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч Ц.Ө нь удам дамжсан, дунд гарын халтар манан хөөрөгтэй байсан эсэх талаарх мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй байна.

Мөн мөрдөн байцаалтын ажиллагаагаар хулгайд алдсан гэх дунд гарын халтар манан хөөрөг байсан гэх эх сурвалжийг нягтлах үүднээс тухайн хөөргийг үе дамжин ирсэн эсэхийг мэдэж болох хохирогчийн төрөл садан, ойр дотны хүмүүсийг гэрчээр асуух шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ”-г тодорхой болгож, хохирлын үнэлгээг нэг мөр тогтоолгож, уг тогтоосон нөхцөл байдлаа дүгнэж, яллах дүгнэлт үйлдсэний дараа Э.Дгийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэхээр байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 560 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан Э.Дгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Анхан шатны шүүх Э.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж байна.