Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0217/З |
Дугаар | 221/МА2022/0272 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2022/0272
“СМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч АМГТГГУУКХ-,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “СМ” ХХК,
Хариуцагч АМГТГГУУКХ-,
Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГГУУКХ-ийн даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн XV014066 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ээлжит жилийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэх боломжгүй гэсэн 7/7896 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, тус компанийн XV014066 тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны буюу хайгуулын 11, 12 дахь жилийг дараа жил рүү нөхөн тооцон шилжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн 2018, 2019 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцохыг АМГТКХ-т даалгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 144 дүгээр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Т.К
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2020/0217/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “СМ” ХХК нь АМГТКХ-т холбогдуулан “АМГТГГУУКХ-ийн даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн XV014066 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ээлжит жилийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэх боломжгүй гэсэн 7/7896 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, тус компанийн XV014066 тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны буюу хайгуулын 11, 12 дахь жилийг дараа жил рүү нөхөн тооцон шилжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн 2018, 2019 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцохыг АМГТКХ-т даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 144 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан АМГТГГУУКХ-ийн даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7/7896 тоот шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож, хайгуулын XV014066 тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн тооцохыг хариуцагч АМГТКХ-т даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх” гэж заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хангаагүй” хэмээн дүгнэжээ.
3.2. АМГТГГУУКХ-нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмапын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу “СМ” ХХК-ийн эзэмшиж байсан Ховд аймгийн Дуут сумын нутагт орших “Дуут” нэртэй 11572.97 га талбай бүхий ашигт малтмапын хайгуулын 14066Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2011, 2014, 2017 онуудад тус тус 3 жилийн хугацаагаар сунгаж ажилласан тул уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дахин сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.
3.3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв” гэжээ.
3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэхээр хуульчилсан хуулийг хэрэгжүүлэн кадастрын системд “СМ” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 14066Х дугаартай тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн хугацааг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болох бүртгэсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Уг бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн шаардлагыг хангасан болно.
3.5. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... хуулиар олгосон 12 жилийн хугацаа дууссан учраас түүний үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэн шүүхийн маргаантай байсан хугацааг нөхөн тооцож, түдгэлзүүлэх ажиллагаа явуулаагүй хариуцагч буруутай байна” гэжээ.
3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-т “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж хуульчилсан. “СМ” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 14066Х дугаартай тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн хугацааг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон.
3.7. Төрийн захиргааны байгууллага хуульд заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан бөгөөд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож, түдгэлзүүлэх эрх хуулиар олгогдоогүй билээ.
3.8. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “СМ” ХХК нь АМГТКХ-тхолбогдуулан “АМГТГГУУКХ-ийн даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн XV014066 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ээлжит жилийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэх боломжгүй гэсэн 7/7896 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, тус компанийн XV014066 тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны буюу хайгуулын 11, 12 дахь жилийг дараа жил рүү нөхөн тооцон шилжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн 2018, 2019 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцохыг АМГТКХ-тдаалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх тус шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.
2.1. Дээрх маргаан бүхий АМГТГГУУКХ-ийн даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/7896 тоот албан бичгээр нэхэмжлэгч “СМ” ХХК-иас гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19/17 тоот албан бичгийн хариуг олгож, үндэслэлээ “ ... танай компанийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын ХХ/-014066 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дуусах бөгөөд тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд тусгай зөвшөөрлийг эзэмшигч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой ... тухайн орон нутгийн байгууллага, албан тушаалтнуудын хууль бус шийдвэрээс болж хайгуулын ажил хийж чадаагүй байгаа нөхцөл байдал нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах болон ээлжит жилийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэн тооцох боломжгүй ... сумын Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдлийг холбогдох хууль шүүхийн байгууллагад хандаж тухайн шүүхийн байгууллагаас ашигт малтмалын хайгуулын Х\/-014066 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа, ээлжит жилийн төлбөрийг шилжүүлэн тооцох асуудлыг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг ирүүлснээр танай хүсэлтийг хүлээн авах боломжтой ...” гэж тайлбарлажээ.
2.2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... манай компани хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх мэт асуудлаас үүдэн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй хэрэг биш ... орон нутгийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж 2018, 2019 онуудад хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй, хууль бус акт гаргаж компанийн үйл ажиллагааг зогсоосны улмаас хуулиар олгогдсон эрх, хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байсан ... манай компани нийт 12 жилээс 10-ыг нь ашигласан. 12 жил хайгуул хийнэ гэж үзэж хайгуулын үйл ажиллагаандаа хөрөнгө оруулж 1,700,000,000 төгрөгийг гаргасан байдаг. Сүүлийн хоёр жилд төгсгөлийн үр дүн үзэх гэж байхад цуцалсан. Манай компани 12 жилийн хугацаагаа бүрэн эдэлбэл хүч чармайлт, хөрөнгө мөнгө зарсан үр дүнгээ үзэх хэрэгтэй байгаа ... ” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэгч компани 2008 оны 8 дугаар сард тусгай зөвшөөрлөө авч 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Тэгэхээр уг тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны төлбөрийг шилжүүлж тооцох, хугацааг нөхөн тооцох боломж байхгүй. Мөн нэхэмжлэгч компани төрийн захиргааны байгууллагад удаа дараа хандсан гэж хэлсэн. 2018, 2019 онуудад манай байгууллагад хандаж байсан бичиг, баримт байхгүй байсан ... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөхөөр заасан байдаг. Энэ төлбөрийг хойшлуулах зохицуулалт байхгүй. Төрийн захиргааны байгууллагууд нь хуульд заасан эрх олгогдсон хэм хэмжээний дотор ажилладаг. Эрх олгогдоогүй үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөнд тооцогддог учир ийм боломж байхгүй ... ” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.3. Анхан шатны шүүх “АМГТГГУУКХ-ийн даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/7896 тоот албан бичгээр орон нутгийн байгууллага, албан тушаалтнуудын хууль бус шийдвэрээс болж хайгуулын ажил хийж чадаагүй байгаа нөхцөл байдал нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах болон ээлжит жилийн төлбөрт шилжүүлэн тооцох боломжгүй гэх хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр 21.1.1-т хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх гэж заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хангаагүй мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хууль бус болохыг тогтоож, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж зааснаар нэхэмжлэгч компани үүргээ биелүүлж байсан хэдий ч орон нутгийн төрийн захиргааны байгууллагын буруутай шийдвэрүүдээс шалтгаалан тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг шүүхээр тогтоосон байх тул мөн хуулиар олгосон 12 жилийн хугацаа дууссан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэн шүүхийн маргаантай байсан хугацааг нөхөн тооцож, түдгэлзүүлэх ажиллагаа явуулаагүй хариуцагч буруутай байна. Нэхэмжлэгчээс үйл ажиллагаа явуулж чадаагүй хугацааны буюу 2018 болон 2019 оны хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлсөн тул түүнээс дахин төлбөр төлөхийг шаардах боломжгүй байна. Иймээс СМ ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 2018, 2019 оны хугацааг сэргээн тооцох нь зүйтэй байна” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “СМ” ХХК нь анх Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Ховд аймгийн Дуут сумын Дуут нэртэй газарт орших 31641 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 14066Х дугаар тусгай зөвшөөрлийг авч, АМГТГГУУКХ-ийн даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 498 тоот шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй байна.
2.5. Нэхэмжлэгч “СМ” ХХК-аас “Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар” шүүхэд нэхэмжлэл гаргасныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар нэхэмжлэгч компаниас “Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83,905,000 төгрөг, 2019 оны төлбөр 83,905,000 төгрөг, нийт 167,810,000 төгрөгийг Дуут сумын Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэснийг хангаж, үлдэх хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох тусгай зөвшөөрлийн 2018 оны төлбөр 83,905,000 төгрөг, 2019 оны төлбөр 83,905,000 төгрөг, нийт 167,810,000 төгрөгийг Дуут сумын Засаг даргаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 559 дүгээр магадлалаар тухайн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
2.6. Хэдийгээр нэхэмжлэгч “СМ” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/02 дугаар тогтоол, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/64 дүгээр захирамж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2104329/01 тоот акттай тус тус маргасан ч дээрх хугацаанд буюу 2018, 2019 онуудад маргаж буй хайгуулын талбайд үйл ажиллагааг явуулах боломжтой, тодруулбал нэхэмжлэгчийг тухайн талбайд үйл ажиллагаа явуулах эрхийг эрх бүхий байгууллага албан тушаалтан, шүүхээс хязгаарласан үйл баримт тогтоогдохгүй байна.
2.7. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 4 дэх удаа сунгах, цаашид үргэлжлүүлэн сунгах, мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон түдгэлзүүлсэн хугацаагаар тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн тусгай зөвшөөрөлд нөхөн тооцох зохицуулалт, эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байх тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны буюу хайгуулын 11, 12 дахь жилийг дараа жил рүү нөхөн тооцон шилжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн 2018, 2019 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцохыг АМГТКХ-т даалгуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн “... маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож, түдгэлзүүлэх эрх хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байвал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай.
2.9. Нэгэнт нэхэмжлэгч тухайн талбайд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан, хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг аливаа шалтгаанаар нөхөн тооцох, дуусгавар болсон хугацааг сэргээх, тусгай зөвшөөрлийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэн тооцох эрхийг хариуцагчид олгоогүй тул хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 7/7896 дугаар албан бичиг хууль зөрчөөгүй, уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүхээс уг албан бичгийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн боломжгүй, харин нэхэмжлэгч төлбөрийн асуудлаар зохих журмын дагуу гомдол хүсэлтээ гаргаж эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
2.10. Дээрх үндэслэлээр “СМ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “АМГТГГУУКХ-ийн даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 7/7896 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, ХБ014066 тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны хайгуулын жилүүдийг дараа жил рүү нөхөн тооцуулж, маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, 2019 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн тусгай зөвшөөрөлд нөхөн тооцуулахыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СМ” ХХК нь АМГТКХ-т холбогдуулан гаргасан “АМГТГГУУКХ-ийн даргын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн XV014066 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ээлжит жилийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэх боломжгүй гэсэн 7/7896 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, тус компанийн XV014066 тоот тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны буюу хайгуулын 11, 12 дахь жилийг дараа жил рүү нөхөн тооцон шилжүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн 2018, 2019 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамжийг дараа жилийн төлбөрт нөхөн тооцохыг АМГТКХ-т даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ