Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 288

 

“Эй Ай Ди Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК-ийн захирал Ц.Тулга, гуравдагч этгээд “Людвиг” ХХК-ийн захирал О.Эрдэнэпүрэв, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван, гуравдагч этгээд Д.Энхболдын өмгөөлөгч Р.Энхтүвшин, гуравдагч этгээд Б.Мөнгөншагайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 457 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Эй Ай Ди Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 280 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 341 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд Людвиг ХХК, иргэн Х.Энхболд, Б.Мөнгөншагай, Н.Ганболд нарын эзэмшлийн газартай давхцаагүй нэхэмжлэгчийн газар ашиглах байршлын нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр үлдсэн газрын хэмжээгээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох асуудлыг шийдвэрлэх талаар дахин шинэ акт гартал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 341 дүгээр захирамжийг түдгэлзүүлж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 38 дугаар зүйл 38.1, 38.3, 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны 266 дугаар захирамжийн “Людвиг” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 457 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Гуравдагч этгээд “Людвиг” ХХК-ийн захирал О.Эрдэнэпүрэв хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг үнэлэх талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Тодруулбал магадлалын ХЯНАВАЛ хэсэгт бичсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлдээ “Газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 4, 21, 27 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл, шаардлагын дагуу үүсэх ёстой учир гуравдагч этгээд "Людвиг'" ХХК-ийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхийг тодруулж, дүгнэлт өгөх хэрэгтэй байжээ” гэж дурдсан. Гуравдагч этгээд “Людвиг” ХХК нь газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах замаар газар эзэмших эрхийг олж авсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагддаг бөгөөд үүний дагуу Монгол Улсын хуулийн этгээдүүд болох “Инжир” ХХК болон “Людвиг” ХХК-иудын хооронд эрхийн гэрчилгээ шилжүүлэх ажиллагаа явагдсан. Харин нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК тухайн цаг хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байсан тул “Инжир” ХХК-аас тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь, нөгөө талаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг л бусдад шилжүүлэх бөгөөд бусдад Засаг даргын захирамжаар шилжлээ гэхэд шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч ирэх атал шилжүүлж авсан этгээдийн нэр дээр газар ашиглах эрхийн гэрчилгээ гарч тус тус хууль зөрчсөн байсан. Хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/1321 тоот "нотлох баримт хүргүүлэх тухай" албан бичигт "Эй Ай ди ди" ХХК-ийн газар нь гуравдагч этгээд Х.Энхболд, Г.Нямсүрэн , Н.Ганболд, “Людвиг” ХХК-ийн газартай давхцалтай байгааг илэрхийлсэн байхад, давж заалдах шатны шүүх энэхүү нотлох баримтыг буруу үнэлэн, нэхэмжлэгчийн эзэмшил газрыг гуравдагч этгээдүүдийн газартай давхацсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Тэгэхдээ давхацсан газрын зургийг “Эй Ай Ди Ди” ХХК-ийн эзэмшил газар биш “Инжир” ХХК-ийн эзэмшил газрын зураг байна, мөн “Эй Ай Ди Ди” ХХК нь “Инжир” ХХК-ийн хаана байрлалтай газрыг шилжүүлэн авсан нь тодорхойгүй гэж тус тус дүгнэсэн.

Энэхүү дүгнэлт нь дараах байдлаар бодит байдалтай нийцэхгүй, өрөөсгөл, учир дутагдалтай байна. Үүнд: Газрын кадастр, мэдээллийн сан, бүртгэлийн асуудал эрхэлсэн газрын харилцаа геодези зураг зүйн газраас давхцалтай гээд нотлох баримт ирүүлсэн ба үүнийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй, давхацсан газрыг “Инжир” ХХК-ийнх гэсэн мөртлөө “Инжир” ХХК-ийн хаана байрлалтай газрыг шилжүүлж авсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газар нь нэгж талбарын дугааргүй, газрын мэдээллийн санд бүртгэлгүй, газар ашиглах гэрээгүй, нэхэмжлэгч газрын төлбөр төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэгт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ Нийслэлийн Засаг даргад гомдлоо 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргаад, хариугаа 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр авснаа бичсэн. Нэхэмжлэгч гомдол гаргаад хариуг нь 30 хоногийн дотор шийдвэрлээгүй тохиолдолд мөн хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 2013 оны 12 дугаар сарын 02-ны дотор шүүхэд хандах ёстой байтал 1 жил 4 сарын хугацаагаар хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 266 захирамжийн “Людвиг” ХХК-д холбогдох хэсэг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Маргаан бүхий 266 дугаар захирамжаар “Инжир” ХХК-иас “Людвиг” ХХК-д 32 дугаар хороо, Мал бордохын урд байрлах 40000 мкв газрыг шилжүүлж, харин 341 дүгээр захирамжаар “Инжир” ХХК-иас “Эй Ай Ди Ди” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 199 дүгээр захирамжаар “Инжир” ХХК-д 20 дугаар хороонд 50000 мкв газар эзэмшүүлсэн байх боловч уг газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг эрх бүхий байгууллагаар баталгаажигдаагүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасантай нийцээгүй, эргэлзээтэй нотлох баримт байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Эй Ай Ди Ди” ХХК-д уг газрыг шилжүүлсэн атлаа Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 266 захирамжаар “Инжир” ХХК-иас “Людвиг” ХХК-д газар шилжүүлсэн байх бөгөөд ингэхдээ газрын байршлыг “32 дугаар хороо” гэж заасан нь ойлгомжгүй, нэг газрыг хоёр өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай.

Гуравдагч этгээдийн “газар давхцалтай болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын албан бичгээр тогтоогдсон” гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд  “Инжир” ХХК-ийн эзэмшлийн газар хаана байршилтай нь тодорхойгүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шилжүүлж авсан гэх газрын байршил тодорхойгүй, холбогдох баримт байхгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн цуглуулах үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй буруутай байна.

Түүнчлэн “Инжир” ХХК нь өөрт газар эзэмших эрх үүсээгүй байхад буюу 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дээрх газраас 4 га газрыг бусдад өр төлбөрт тооцон шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байгаа нь хуульд нийцэх эсэх, газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхийг тодруулж, дүгнэлт өгөх тухай давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 457 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ